Д.Ганхуягийг сайдын суудлаас буулгая

Эдийн засгийн нөхцөл байдал муудсан шалтгаанаас илүү сайжруулж чадахгүй байгаа буруутнуудыг хайж байна. Сүүлийн хэдэн жил Монголын мөнгөний хэмжээ дан ганц уул уурхайгаас илт хамаардаг болсон. Тодруулбал, Тавантолгой, Оюутолгойн ажил бараг зогсчихсон болохоор Монголын эдийн засаг сэргэхгүй байгааг бичсээр, ярьсаар байна.

Засгийн газрыг 2012 онд шинэ бүрэлдэхүүнээр байгуулагдахдаа уул уурхайн салбарыг тусад нь онцгойлон авч үзээд шинээр яам хүртэл байгуулсан. Шинэ яам байгуулж өгөөд ч ахиц дэвшил гарсангүй. Хоёр “толгой”-гоор жишээлэхэд л хангалттай. Тавантолгой нүүрсээ экспортолж чадахгүй гацсан. Хятадад өр барагдуулах нүүрсээ ч өгч дуусгаагүй байгаа юм.  Оюутолгойн гол хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ хийж байгаа гэх боловч ямар ч үр дүнд хүрэлгүй мухардсан гэх мэдээлэл сүүлийн үед гарсан. Энэ хэлэлцээг үр дүнд хүргэх, эдийн засгийн сайжруулахад нөлөөлөх ёстой хүн бол Уул уурхайн сайд Д.Ганхуяг.

Засгийн газрын тэргүүний хэлснээр бол гол хөрөнгө оруулагч “Рио Тинто” одоогоор эргэлзсээр байгаа юм.

Тавантолгойн тухайд манай өмнөд хөрш тэндээс нүүрс авахгүй байгаа. Тоон баримтаас үзвэл Монгол Улс 2011 онд 22.5 сая тонн нүүрс Хятад руу гаргаж байсан бол 2012 онд 20.5 сая тонн, 2013 онд 18.2 сая тонн болж буурсаар байна. Ингэж буурсан шалтгаан нь Хятад Австралиас татдаг нүүрсний хэмжээгээ нэмжээ. Хажууханд нь дэлхийн анхааралд орсон гэх манай Тавантолгой

Байсаар байтал яагаад холоос нүүрсээ ачиж байгаа нь сонирхолтой. Энд салбарын бодлогын алдаа бий. Хэрэв сайд сайн ажилладаг, яриа хэлэлцээ олигтой хийсэн бол өмнөд хөрш ийм ашиггүй импорт авахгүй байсан биз.

Оюутолгойн тухайд Д.Ганхуяг Уул уурхайн сайд болохоосоо өмнө байр сууриа хүчтэй илэрхийлдэг УИХ-ын гишүүдийн нэг байв. Монголын талын 34 хувийг ахиулах талаар хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх шаардлагатайг эрх баригчдад сануулдаг байсан. Дараа нь өөрөө салбарын сайд болсон нь азтай тохиолдол гэж болно. Санаж сэдэж явсан зүйлээ, монголчуудад амалсан ёсоор өөрийн талын хувиа өсгөх яриа хэлэлцээг шууд хийх байв.

“Оюутолгойн гэрээг өөрчилж чадахгүй бол би огцорно” гэж Уул уурхайн шинэхэн сайд Д.Ганхуяг хоёр жилийн өмнө хэлж байсныг хэвлэлүүд нэхэн нийтэлсээр байна. Ийм том амлалт өгч сайд болсон хүн Оюутолгойн гэрээг сайжруулах нь битгий хэл хоёр талын яриа хэлэлцээг мухардалд оруулаад байна. Энэ бол Д.Ганхуягт хариуцлага тооцох хангалттай шалтгаан. Шууд утгаараа Д.Ганхуягийг сайдын сандлаас хөөгөөд буулгах нөхцөл бүрдчихсэн хэрэг. Сүүлийн үед уул уурхайгаас голдуу амь залгадаг байсан төсвийн хөрөнгө оруулалтаар дамжсан томоохон бүтээн байгуулалтууд зогссон гээд эдийн засагт учрах хор уршиг нь их юм.

Оюутолгойн далд уур­хайн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн хавар эхлэх байсан ч бүтэн жил хойшилж өнөөдрийг хүрэв. Өнгөрсөн оны төс­вийн орлого талд ихээ­хэн хэмжээний мөн­гө дутсан нь үүн­тэй холбоотой. Энэ мэтчилэнгээр Д.Ганхуягийг сандлаас нь буулгах шалтгаан зөндөө байна.

 

Н.ЗАЯА\

polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих