Баянхонгорчууд Засгийн газарт хариуцлага тооцохыг шаардлаа
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан, Ц.Нямдорж, О.Содбилэг нарын гишүүд өнгөрсөн долоо хоногт Баянхонгор аймагг ажиллалаа.
Валютын ханш, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, цалин тэтгэвэр дорвитой нэмэгдээгүй энэ үед орон нутагт ажлын байр хомс байгаа нь иргэдийн амьдралд хүндээр тусч байгаа аж. Нутгийн удирдлагууд энэ талаар ямар ч арга хэмжээ авахгүй, орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгийг зөвхөн зам талбай гэх мэт эдийн засгийн үр ашиггүй зүйлд зарцуулж, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдээ дэмжихгүй байгаад Баянхонгорчууд шүүмжлэлтэй хандав. Цаашид энэ байдал үргэлжилбэл ард түмний амьдрал туйлдахаар байгааг тэд хэлсэн юм.
Тухайлбал, Баянхонгор аймгийн III багийн иргэн Н.Чойжоо гэх өрх толгойлсон эмэгтэй “Хамгийн бага тэтгэвэр авдаг хүмүүс Баянхонгор аймагт олон. Тиймээс бүгд өндөр хүутэй зээл авсан. Засгийн газар тэтгэврийг 5-27 мянган төгрөгөөр нэмсэн ч энэ нь хаанаа ч хүрэлцэхгуй байгаагаас ахмадууд өлөн зэлмэн, өвчин зовлонд нэрвэгдсэн байдалтай байна” хэмээсэн юм. Түүнчлэн иргэд “…ард түмний амьдрал үнэхээр хүнд байна. Ардчиллынхан засгийн эрхэнд гарснаас хойш эрээ цээрээ алдлаа. Эх орноосоо урвасан С.Баярцогт одоо хүртэл УИХ-д байгаа нь шударга ёс мөн үү. Энэ мэтээр эрх баригчил хууль, төрийн нэр хүндийг уландаа гишгэж байна. Ийм учраас өнөөгийн Засгийн газрыг огцруулах ёстой. Үгүй бол УИХ тарах хэрэгтэй” гэдгийг ч хэлж байв.
Нөгөө талаар 17 хувийн өсөлттэй эдийн засгийг хүлээж авсан шинэчлэлийн Засгийн газар хоёр жил орчмын хугацаанд валютын ханшийг Монгол Улсын үе үеийн Засгийн газрын түүхэнд байгаагүйгээр өсгөж, инфляци, бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөж, эдийн засгийг элгээр нь мөлхүүлсэн гэдгийг орон нутгийн иргэд хэлж байна.
“Бизнес эрхлэхэд хүнд болж, татвар төлөгчдөд төрөөс үзүүлэх дарамт ихэслээ. Шүүх засаглал нэг талд шийдвэр гаргадаг байдал хэрээс хэтэрсэн. Шинэчлэлийн гэгдэж байгаа Засгийн газар эрх барих хоёр жилийн хугацаандаа Монгол Улсыг сүүлийн 1990-2011 он хүртэл 21 жилийн өртэй тэнцэхүйц хэмжээний өр тавилаа. Хөрөнгө оруулалт зогсч, улсын төсөв алдагдалтай гарлаа. 2014 оны улсын төсөвт ам.долларын ханшийг 1384 гэж баталсан. Гэтэл өнөөдөр ам.долларын ханш 1800 хүрэх нь. Үүнээс үүдээд эдийн засгийн байдал хүндэрлээ. Тиймээс төр, засгийг дампууруулж хямралд оруулж байгаа Засгийн газартай хариуцлага тооцохыг сөрөг хүчний зүгээс хурцаар тавиач” гэдэг хүсэлтийг иргэд сөрөг хүчнийхэнд хэлжээ.
Иргэдийн хэлж буй эдгээр санал хүсэлтийг МАН парламент дахь бүлгээрээ дамжуулан УИХ, Засгийн газарт уламжилж, шаардлагатай гэж үзвэл эрх баригчидтай хариуцлага тооцох хэмжээнд асуудлыг тавина гэдгээ мэдэгдсэн юм.
Х.ЦОЛМОН
URL: