“Бойнг”-ийн сураг гараагүй байна
Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак сураггүй болоод ес хонож буй “Бойнг 777-200ЕК” онгоцыг хайж байгаа талбайг өргөжүүлснээ мэдэгджээ. Түүний тайлбарласнаар сураггүй болсон онгоц Малайзын дээгүүр баруун зүгийг чиглэн нисч байсан ч гэнэт баруун хойш эргэж Бенгалийн булан, эсвэл Энэтхэгийн далайн баруун өмнөд зүг рүү ниссэн болохыг цэргийн радараас олж илрүүлсэн гэнэ.
Үүнээс үүдээд онгоц сураггүй болсон нь осол биш, хэн нэгний удирдлагаар гэнэт чиглэлээ өөрчилсөн гэж дүгнэхэд хүргэж буй ажээ. Тиймээс онгоцыг барьцаалагдсан байж болзошгүй гэх таамаг бас нэгэн боломжит хувилбар болсон гэнэ. Албаны хүмүүс учир шалтгааныг илрүүлэхээр шаргуу ажиллаж байгаа ажээ.
Одоогоор эрлийн ажиллагааны төв цэг нь Энэтхэгийн далайн өмнөд хэсэг болоод байна. Малайзын албаныхны үзэж буйгаар онгоц холбоо тасарснаас хойш долоон цаг орчим ниссэн гэнэ. Онгоц баруун хойд зүгт ниссэн гэвэл Казахстан, Туркменистаны хил залгаа газар, Тайландын хойд хэсэг, Индонези орчимд, Энэтхэгийн далайн өмнөд хэсгээр эрлийн ажиллагааг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж албаныхан үзэж буй ажээ.
Өчигдөр “Ассошейтед Пресс” агентлаг алга болсон “Бойнг”-ийн ул мөрийг Австралийн эргээс олсон гэж мэдээлжээ: Онгоцноос түгшүүрийн дохиог Энэтхэгийн далайн Австралийн эргийн хэсгээс өгсөн болох нь нэгэн хиймэл дагуулд бүртгэгджээ. Малайзаас Австралийн эрэг хүртэл 4828 км-ын зайтай бөгөөд уг онгоцны түлш хүрэх хамгийн хол зай юм. Шинжээчдийн таамгаар “Бойнг 777-20ӨЕК.” онгоцны нисгэгчдийн нэг нь, эсвэл нисэх, онгоц.жолоодох туршлагатай хүн өөр тийш авч явсан магадлалтай болоод байна.
М.ХҮСЛЭН
URL: