Ц.Мөнхбаяр нар өлсгөлөн зарлах уу
Төрийн ордны хамгаалалтын бүсэд тэсрэх бөмбөг тавьж, буун дуу гаргасан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнд ял оноогоод буй. Тухайлбал, Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөр¬баатар, Ж.Ганболд нарт 21.6 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн ял тус тус оноосон. Дээрх нөхдөд оноосон ялыг хэтэрхий өндөр байна хэмээн хаа хаанаа эсэргүүцэл илэрхийлээд байгаа билээ. Тиймээс яллагдагчдын ар гэрийнхэн эсэргүүцэл үзүүлж, Ерөнхийлөгчид хүртэл хандахаа хэлсэн билээ. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд ч Ц.Мөнхбаяр нарын ялыг өндөр хэмээн шүүмжлэлтэй хандаж буй. Ийнхүү тал талаасаа тэмцэл илэрхийлж, нийгэмд дуу хоолойгоо хүргэж байгаа ч одоогоор хараахан тодорхой шийдэлд хүрээгүй л байна.
Харин Ц.Мөнхбаяр нар “Хөрстөд мандах хөх толбот монголчууддаа илгээх захидал” хэмээн хаягласан ил захидал илгээсэн. Ц.Мөнхбаяр нар захидалд өгүүлэхдээ “Бид монгол хүн бүрт заяамал жам ёсны болон хууль ёсны эрх ашгийг өмгөөлөн хамгаалж, Монгол Улсын иргэний журамт үүргээ биелүүлэн Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, оршихуйн үндэс газар нутгийн бүрэн бүтэн байдалд тулгарсан бодит аюул занал хууль бус халдлагыг өөрсдийн сонгосон аргаар таслан зогсоосон. Улс үндэстнийхээ өмнө тулгарсан аюулыг зайлуулахыг тулд бидний сонгон авсан арга нь зайлшгүй байсан бөгөөд хэрэгжүүлэхдээ бусдад хор хохирол учруулахгүй байх зарчмыг хатуу баримталсан юм.
Галт зэвсгийн тэсэрч дэлбэрэх аюул эрсдэлийг баталгаатай хязгаарлан, бүрэн хяналтад байлгасан” хэмээснээс харвал тэдний хувьд бусдын амь насанд заналхийгээгүй. Тэсрэх бодисоо ч хатуу хяналтын дор байлгасан хэмээн өчсөн. Тиймээс тэд ялын хэмжээнд өөрчлөлт оруулахгүй бол дараагийн алхамаа хийж, өлсгөлөн зарлана хэмээснийг эх сурвалж хэлсэн. Олон жилийн ял аваад байгаа хүмүүсийн хувьд өлсгөлөн зарлах нь аюултай. Эрүүл мэндээр хохироод зогсохгүй, амь насанд ч аюултай.
URL: