“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа авахаар бүртгүүлсэн 972 компани мөнгөө буцаан авчээ

tavantolgoi-0517-middle_1Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 536 ширхэг хувьцааг Монгол Улсын иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргасан.

Энэ хувьцааг 2011 оны гуравдугаар сарын 31-ний өдөр болон түүнээс өмнө төрсөн хүүхдүүдэд эзэмшүүлэхээр болсон бөгөөд иргэдэд хувьцааны үнийн дүнтэй дүйцэх 500 мянган төгрөгөө, эсвэл хувьцааны аль нэгийг өөрийн хүсэлтээр сонгох боломж олгосон юм. Засгийн газрын 2012 оны 116 дугаар тогтоолоор 2011 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө шинээр төрсөн иргэнд 1072 хувьцааг эзэмшүүлсэн.

Харин Үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэгж хувьцааны үнийг 933 төгрөгөөр тооцож худалдан хувьцаа эзэмшигч болгох шийдвэр гаргасан билээ. 2010 оны зургадугаар сарын 30-наас өмнө байгуулагдсан, хувьцаа авах шалгуур хангасан 47 мянган аж ахуйн нэгж байгааг тухайн үед Татварын ерөнхий газраас мэдээлж байв. Тэдгээрээс 1400-1500-гаад аж ахуйн нэгж хувьцаа худалдаж авахаар төлбөрөө нь төлсөн байна.

“Эрдэнэс Тавантолгой” компани IPO хийгээгүйгээс хувьцаа авахаар төлбөрөө байршуулсан аж ахуйн нэгжүүд олноор мөнгөө буцааж авсан. Энэ талаар “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн Төлбөр тооцоо эрсдэлийн удирдлагын албаны менежер Д.Дуламсүрэнгээс тодрууллаа.

-Хувьцаа авахаар бүртгүүлж, төлбөрөө төлсөн аж ахуйн нэгжүүдээс хэчнээн нь мөнгөө буцааж авсан бол?
-Засгийн газрын 2013 оны 132, 409 дүгээр тогтоолын дагуу нийт 972  аж ахуйн нэгж хувьцааны төлбөр буцаах хүсэлт гаргаж, төлбөрөө буцааж авсан. Үлдсэн аж ахуйн нэгжүүдийн хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг төвлөрсөн хадгаламж дахь дансанд байршуулан баталгаажуулж, хувьцааны төлбөрийн мөнгийг Сангийн яамны  Хүний хөгжлийн сан руу шилжүүлсэн.

-Аж ахуйн нэгжүүд дээд тал нь хэчнээн хувьцаа аваад байсан бэ?
-Аж ахуйн нэгж дээд тал нь 36240 ширхэг хувьцаа худалдан авах боломжтой байсан. 36240 ширхэг хувьцаагаа 33.8 сая төгрөгөөр худалдан авсан гэв.

 

Э.Оргил | GoGo.mn


URL:

Сэтгэгдэл бичих