Хардалтын донтой залууг ноцтой хэрэг хийхээс өмнө найз бүсгүй нь салж чаджээ
Сүүлийн үед манай залуусын зан ааш ихэд эвдэрч эхнэр найз бүсгүй, хамтран амьдрагчаа хөнөөх, зодох тарчлаах зэрэг санаанд оромгүй аймшигт хэргийг өдүүлэх болж. Хамгийн сүүлд л гэхэд дөрвөн хүүхдийн эх, тавь гарсан эмэгтэй хамтран амьдрагчдаа хутгалуулан цус алдсаны улмаас амиа алдсан. Энэ хэрэгтэй жишихгүй ч арга хэмжээ авахгүй байсан бол даамжирч мэдэх нэгэн залуугийн балмад үйлдлийг цагдаагийнхан таслан зогсоожээ. Сүхбаатар дүүргийн оршин суугч Г.Амгалан гэдэг залуу хардалтын улмаас найз бүсгүй Б-гээ зодон их хэмжээний эд хөрөнгийг нь санаатай эвдлэн хэмхэлсэн гэнэ. “Шарп” зурагт, модон шкаф, ДВД тоглуулагч, шарах шүүгээ, гал тогооны тавилга, хувцасны шүүгээ гээд нийт 800 мянган төгрөгний эд хогшлыг нь засаж янзлах аргагүй болтол нь эвдэлж хэмхэлж хага цохижээ. Гэтэл Амгалан нь эрхэлсэн тодорхой ажилгүй агаад тэр бүх эд хөрөнгийг найз бүсгүй Б нь цалингийн зээлээр авсан байж. Тэрээр энэ үйлдлээ хардалтын улмаас зоддог байсан, надад өнгөний өвчин халдааснаас гадна байнга өөр эрчүүдтэй явалдаж мэхэлж байсан хэмээн цагаатгах гэж оролдож. Энэ явдал саяхан болсон агаад хохирогч бүсгүй мэдүүлэхдээ гаднаас улаан галзуу юм орж ирээд нүүр лүү цохиж унагаад чанасан хонины толгой авч толгой руу цохиход нь ухаан алдсан гэнэ. Дээрээс нь шанагаар ус цацан сэрээгэд чи яасан их алт мөнгө зүүдэг юм бэ хэмээн зодоод байсан гэжээ. Тэд танилцаад ердөө нэг жил болоогүй атал Амгалангийн зэрлэг араншин нь ил гарчээ. Дараа өдөр нь гэрийнх нь хажууд ирээд найз бүсгүйгээ даруй ирэхийг шаардаж. Б татгалзан ахин чамтай уулзахгүй гэхэд гэрийг чинь шатаана шүү хэмээн заналхийлсэн гэнэ. Хартай залуу уурандаа гэрт нь орон гэрийн бүх үнэтэй цайтай эд хогшлийг нь эвдэж хэмхлээд Б бүсгүйн аавыг ирэх сургаар гаран зугтаажээ. Хөрш айлын мэдүүлгээр Амгалан нь байнга шахуу согтуу ирж Б-г зодож нүддэг нь байсан нь тогтоогдож. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэж гарчээ. Хачирхалтай нь бүсгүй зодуулж гэмтэж бас бараг сая төгрөгийн эдийн засгийн хохирол хүлээчихээд ажилгүй хүнээс юу авах вэ гээд мөнгө нэхэмжлээгүй гэнэ.
NUUTS.MN
URL: