Дайнаас ашиг олдог 10 компани

76ffb1035e9df063big
Дэлхийн улс орнуудын батлан хамгаалах салбарын төсөв 1998 оноос хойш анх удаа буюу 2012 онд огцом буурчээ. Засгийн газарт зэвсэг нийлүүлдэг хувийн үйлдвэрүүдийн худалдаа ч дагаад буурсан байна.  Гэсэн ч дайнаар хийдэг бизнес хамгийн ашиг орлоготой салбар хэвээр үлдэж байна. Албан ёсны судалгаагаар 2012 онд 100 гаруй хамгийн том зэвсэг үйлдвэрлэгчдийн наймаа 395 тэрбум америк долларт хүрсэн гэдэг. Дэлхийн хамгийн том зэвсэг наймаалагч “Локхэд Мартин” компани гэхэд л дангаараа 36 тэрбум долларын наймаа хийсэн байх юм. Стокгольм дахь Олон улсын энхтайвны судалгааны хүрээлэнгээс 2012 оны байдлаар дайнаас хамгийн их ашиг олсон 10 компанийг жагсаажээ. Тус хүрээлэнгийн мэдээлснээр 2011, 2012 онд АНУ Ирак, Афганистанаас цэргээ татсантай шууд холбоотойгоор цэрэг армийн зардал 159 тэрбумаас 115 тэрбум америк доллар болтлоо буурсан байна.

Хэт хэмнэлтийн буюу бүсээ чангалах арга хэмжээ ч дэлхийн олон орныг батлан хамгаалахын зардлаа танахад хүргэсэн бөгөөд АНУ 2012 онд 15 тэрбум доллараар цэргийн зардлаа хумижээ. Баруун болон төв Европын 37 орноос 20 нь 2008-2012 онд энэ салбарын зардлаа 10 хувиар танасан аж. Харин ОХУ тус онд бүсээ чангалах нь байтугай харин ч нэмэгдүүлсэн нь 16 хувьд хүрсэн гэж зэвсгийн судлаач доктор Самуэл Перло Фрийман ярьжээ.

Бүсээ чангалахын хирээр авлига газар авах шинж харагджээ. Италийн агаарын батлан хамгаалах “Финмекканика” фирмийн гүйцэтгэх захирал нь Энэтхэгийн Засгийн газар нисдэг тэрэг худалдахын тулд авлига өгсөн хэргээр шүүхийн хаалга татаж байв. Гэхдээ зэвсгийн наймааны салбар авлига, хээл хахуультай салшгүй холбоотой байдаг нь үнэн аж. Томоохон зэвсэг үйлдвэрлэгчид болон наймаачид аль нэг улсад бүтээгдэхүүнээ шахахын тулд эрх баригчдад авлига өгөх нь элбэг тохиолддог үзэгдэл. Хэдийгээр тэр бүр ил байдаггүй ч ойлгомжтой асуудал аж.

Дэлхий нийтийн өнөөгийн зэвсгийн наймааны салбарт монополчлогч арав гаруйхан компани байдаг. Сүүлийн гучаад жилийн хугацаанд хэдэн зуун зэвсэг нийлүүлэгч байсан боловч 1990-ээд онд бизнесийн шаардлагаар шахагдсаар цөөхөн үлдээд байгаа нь энэ буй. Зэвсэг худалдаалж, хамгийн их орлого олдог 10 компанитай танилцна уу.

10. Л-3 коммюникэйшнс
2012 онд 13.1 тэрбум долларын зэвсэг худалдсан. Нийт 51 мянган ажилтантай тус компанийн цэвэр ашиг нь 782 сая ам.доллар. Тус компани үйл ажиллагааны үндсэн дөрвөн чиглэлтэй. Үүнд харилцан холбоо, электроникийн систем, ложистик, үндэсний аюулгүй байдлын хангах талаар шийдэл гаргах.

9. Финмекканика
Компанийн нийт орлого 22.1 тэрбум ам.доллар бол зэвсгийн наймаанаас 12.5 тэрбум ам.доллар олсон. Цэвэр ашиг нь нэг тэрбум ам.доллар. Нийт 67408 ажилтантай. Авлигын хэрэгт холбогдсон ч гэсэн 2012 онд чамгүй орлого олсон байна. Гэхдээ өмнөх оныхтой нь харьцуулахад хоёр тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Финмекканикагийн гүйцэтгэх захирал Жизеппе Орси Энэтхэгийн Батлан хамгаалах яаманд байлдааны 12 нисдэг тэрэг нийлүүлэхийн тулд Засгийн газар нь гар таталгүй авлига өгсөн байдаг. Эл хэргээс болж Ж.Орси ажлаасаа огцорч, компани нь асар их хэмжээний төлбөрт унажээ.

8. Юнайтед Техноложис
Тус компанийн зэвсгийн наймаа өмнөх оноос нэмэгджээ. Энэ жагсаалт дахь цорын ганц өсөлттэй компани. Нийт орлого нь 62.2 тэрбум ам.доллар бөгөөд 13.5 тэрбум ам.доллар нь зөвхөн зэвсгийн наймаагаар олсон мөнгө. Цэвэр ашиг нь 5.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ажиллах хүчний хувьд 218,300 хүнтэй. Юнайтед техноложисийн хамгийн эрэлттэй бараа нь Хар харцага, Далайн харцага хэмээх цэргийн нисдэг тэрэг. Мөн онгоцны хөдөлгүүр зохион бүтээж, үйлдвэрлэж худалддагаараа алдартай.

7. Европын сансрын болон агаарын батлан хамгаалах компани /EADS/
Европтоо манлайлагчдын эгнээнд ордог уг компани 140 мянган ажилтантай бөгөөд 2012 онд 72.6 тэрбум ам.долларын зэвсэг, бараа бүтээгдэхүүн наймаалсан. Түүнээс 15.4 тэрбум нь цэвэр зэвсгийн наймаанаас олсон орлого аж. Цэвэр ашиг нь 1.6 тэрбум ам.доллар.

6. Нортроп Грамман
Нортроп Грамман нь 2012 онд нийт 25.2 тэрбум ам.долларын наймаа хийжээ. Түүнээс 19.4 ам.долларыг зар зэвсгийн наймаагаар олсон байна. Түүний өмнөх оныхтой харьцуулахад олсон ашиг нь хоёр тэрбум ам.доллар байжээ. Нийт ажилчдын тоо 68,100. АНУ-ын Виржиниа мужид төвтэй тус корпораци нь алсын удирдлагатай цэргийн төхөөрөмж үйлдвэрлэхэд гол анхаарлаа хандуулдаг. Нэрийн бүтээгдэхүүн нь пуужингаас хамгаалах радар, онцгой үед хариу үйлдэл хийх систем зэрэг юм. АНУ-ын Засгийн газар тэнгисийн цэргийн усан онгоцуудыг нэгдсэн харилцан холбооны сүлжээтэй болгохын тулд Нортроп Граммантай 638 сая ам.долларын гэрээ байгуулж байсан юм. Мөн ИРанд агаарын бүрэн хяналт тогтоохын тулд АНУ-ын Засгийн газартай 8.6 тэрбум ам.долларын гэрээ байгуулж байсан аж.

5. Женерал Динамикс
Батлан хамгаалах салбарын гол өрсөлдөгчдийн Женерал Динамикс корпораци нь АНУ-ын армийн төсвийн таналтаар хохирол амссан томчуудын нэг. Гол төлөв агаарын болон хуурай газрын тулааны техник үйлдвэрлэдэг. Усан онгоц угсардаг. Тус компани хамгийн сүүлийн мэдээллээр 2012 онд 31.5 тэрбум ам.долларын орлого олсон байна. Түүний дийлэнх хувь буюу 20.9 тэрбум ам.долларыг зэр зэвсгийн наймаагаар олжээ. Гэсэн ч баланс нь хасахтай гарч 332 сая америк долларын алдагдал хүлээсэн байна.

4. Рэйтеон
Дайнаас ашиг ологсдын жагсаалтын дөрөвдүгээрт орсон энэ компани 1922 оноос хойш зэр зэвсэг үйлдвэрлэж буй. Стокгольмийн хүрээлэнгийн мэдээллээр бол 2012 онд нийт 24.4 тэрбум ам.долларын орлого олсноос 22.5 тэрбум нь зөвхөн зэр зэвсгийн наймаанаас оржээ. Нийт ашиг нь 1.9 тэрбум ам.доллар. Рэйтеон нь АНУ-ын гадаад орнуудад явуулсан бараг бүх дайнд зэр зэвсгийн дэмжлэг үзүүлж оролцож байв. Мөн тус улсын агаарын хамгаалалт болон кибер аюулгүй байдлыг хангахад голлон анхаардаг аж.

3. БиЭйИ систем /BAE Systems/
БиЭйИ системсийн хамгийн том үйлчлүүлэгч нь АНУ. Гэхдээ талууд цэргийн бус гэрээлэгч хэмээн явдаг. Их Британид төвтэй тус компани АНУ-ын төдийгүй Английн Батлан хамгаалах салбарын бүсээ чангалах хөтөлбөрийн улмаас орлого нь буурсан ч 2012 онд нийт 28.3 тэрбум ам.доллартай тэнцэх наймаа хийжээ. АНУ, Их Британи зэрэг Европын хүчирхэг орнуудад зэвсэг нийлүүлж, 26.9 тэрбум ам.долларын орлого олсрн байна. Тус онд олсон цэвэр ашиг нь 2.6 тэрбум ам.доллар. Их Британийн хамгийн том цэргийн зэр зэвсэг үйлдвэрлэгч тус улсын Батлан хамгаалах салбарын нийт төсвийн 13.7 хувийг дангаар хүртсэн ч 1847 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй Армстронг үйлдвэрээ хааж байжээ. Энэ салбар нь Дэлхийн нэгдүгээр дайны үед танк үйлдвэрлэж байсан юм.

2. Боинг
Хүн төрөлхтний ихэнхи нь Боингийг иргэний зориулалттай нисэх онгоц үйлдвэрлэдэг гэдгээр мэддэг ч дайнаар далимдуулан зэр зэвсэг худалдаж, ашиг олдог гэж сонссон нь бага биз. Боинг 2012 онд нийт 81.7 тэрбум ам.долларын наймаа хийснээс зөвхөн арилжааны нисэх онгоцны наймаагаар 49.1 тэрбум ам.долларын орлого олжээ. Харин зэр зэвсгийн наймаанаас 28.6 тэрбум ам.долларын орлого олсон бол цэвэр ашиг нь 3.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хамгийн хачирхалтай нь дэлхийн ихэнхи улс орон Батлан хамгаалахын төсвөө танасан 2012 онд ийм их ашиг олсон нууц нь ажлын байраа цомхотгоно хэмээн АНУ тэргүүтэй том гүрнүүдийг сүрдүүлсэнтэй шууд холбоотой аж. Тухайн үед АНУ болзлыг нь хүлээн зөвшөөрөөгүй бол Боинг 174400 ажилтныхаа дунд цомхотгол хийн, тэн хагасыг нь халах байсан гэдэг.

1. Локхээд Мартин
Хямралын жилүүдэд зэр зэвсгийн наймааны орлого нь буурсан. Гэхдээ 2011 онд зөвхөн зэр зэвсгийн наймаагаар 36.2 тэрбум ам.долларын орлого олж байсан бол дараа жил нь 36 тэрбум ам.долларын орлого хийжээ. Харин нийт орлого нь 47.2 тэрбум ам.доллар бол цэвэр ашиг нь 2.7 тэрбум ам.доллар байлаа. АНУ-ын Мэрилэндэд төвтэй тус компани 120 мянган ажилтантай. Сөнөөгч онгоц, агаарын хамгаалалт, дэлхийн кибер аюулгүй байдал, мэдээлэл технологийн салбарт тэргүүлдэг. Дэлхий дахинд танигдсан бүтээгдэхүүн нь Си-5 Галакси ангиллын нисэх онгоц аж. Энэ нь манай гарагийн хамгийн том цэргийн тээвэрлэгч онгоц юм. АНУ-ын Батлан хамгаалах салбарын хамгийн том ханган нийлүүлэгч бөгөөд сүүлийн 19 жилийн турш шилдэг 100 зэвсгийн үйлдвэрийн жагсаалтыг манлайлж байгаа аж. АНУ-ын холбооны төсөвт өөрчлөлт оруулж чадах цорын ганц хувийн компани ч гэдэг.

Тобби

URL:

Сэтгэгдэл бичих