Сансрын мангас хар нүх
Сансрын xap нүх acap их таталцлын хүчтэй тул өчүүхэн жижиг тоосноос авахуулаад аварга том од хүртэл төвөггүй залгидаг сансрын хар мангас. Хар мангас гэрлийн туяаг хүртэл ховх сорон, цаг хугацааг ч хугалдаг. Ийм нүхний орчимд цаг хугацаа ердийнхөөс хэд дахин удааширдаг таамаг ч бий.
Эрдэмтэд ил хар нүхийг Коллансар / сөнөсөн од/ гэдэг байв. Английн одон оронч Жон Митчелл 1783 онд сөнөсөн од хар нүх болон хувирч болох тухай онол анх дэвшүүлжээ.
1930 онд хожим Нобелийн шагналт болсон Энэтхэгийн астрофизикч Субраманьян Чандрасекар цөмийн түлшээ дуусгасан од асар хурдан агшиж хөл бөмбөгнөөс томгүй одой од болдог онол боловсруулсан аж.
Үүний дараа А.Эйнштейн шинжлэх ухааныг орвонгоор нь эргүүлсэн харьцангуйн ерөнхий онолоо гаргаснаар хар нүх байдгийг үндсэндээ баталжээ.
Энэ онолоор эрхсийн татах хүч хурдатгалтайгаа тэнцүү гэж үздэг. Эрдэмтэд туршилтын аргаар коллайдер гэх төхөөрөмж дотор квантын хар нүх үүсгэжээ.
Сансар огторгуй үүсэхэд эхлээд аугаа тэсрэлт болсныг өмнө өгүүлсэн. Хар нүхнүүдийн зарим нь тэр тэсрэлтийн үед бий болж, үлдсэн нь аварга оддын мөхлөөс үүдэлтэй гэгддэг. Эрдэмтдийн тооцсоноор од болгон хар нүх болдоггүй. Нарнаас 30 дахин том од сөнөхдөө хар нүх үүсгэдэг гэнэ.
Хар нүхэнд үйл явдлын хязгаар байх бөгөөд тэр хязгаарыг давсан бол ямар ч юмс сансар орчлонд гарч ирдэггүй. Хар нүх өөртөө шингэсэн матери, биет бүхнийг өөр газар гаргадаг гэж таамагладаг. Хар нүхний эсрэг үйлдэлтэй цагаан нүхнүүд тэдгээрийг хүлээн авдаг байж болох.
Нарны аймаг оршдог сүүн зам төдийгүй, бусад сансар огторгуйн төвд нарнаас хэдэн сая дахин хүнд хар нүх байдгийг эрдэмтэд тогтоов. Аливаа огторгуйн төвийн орчинд эргэлдэх одод хоорондын хийн хөдөлгөөнийг ажиглан ийм дүгнэлтэнд хүрчээ. Огторгуйн төвд одод хоорондын хийг хар нүх эргүүлдэг.
Астрфизикчид ийм аргаар манайхтай хил залгаа арав гаруй огторгуйд хар нүх илрүүлжээ. Өнөөгийн толгой физикч Стивен Хокингийн дэвшүүлсэн онолоор хар нүхнүүд ч өөрийн настай.
Тэд өөрсдөө ууршин үгүй болдог гэх. Хар нүх өөр асар том огторгуй руу нэвтрэх хаалга болох магадлал ихээр гарч ирсээр. Ийм таамаг эрдэмтэд дэвшүүлсэн ч одоогоор нотлогдоогүй байгаа. Хар нүх өнгөгүй учир илрүүлэхэд хэцүү. Түүнийг рентгений аргаар, бусад галактик, оддын хөдөлгөөн судлан ирүүлдэг.
Стивен Хокинг 1993 онд “хар нүхнүүд болон залуу огторгуйнууд”, 2001 онд “Самрын ясан доторх ертөнц”, 2005 онд “Огторгуйн товч түүх” зэрэг шинжлэх ухааны хялбаршуулсан номууддаа энэхүү хачирхалтай үзэгдлүүдийн талаар бичсэн гэнэ.
Энэ талын цуврал кинонууд ч буй аж. Сүүлийн үеийн мэдээгээр Сансрын хаббл телескоп дуран Хилэнцийн оддын бөөгнөрлөөс манай огторгуйн зүг “Gro-j 1655-40″ хэмээх хар нүх цагт 400 мянган км хурдтай манай огторгуйд ойртож буйг тогтоогоод байна. Тэрээр манай огторгуйгаас 6000 гаруй гэрлийн жилийн цаана байгаа ч асар хурдан дөхөж байгаа болой.
Энэ хар нүх хажуугийн одоо идэх, биеийн жингээ хэд дахин томсгох үйл ажиллагаа нь өрнөжээ. Тэр мангас манай огторгуйн одод, түүний дотор манай нарны аймгийг хоромхон ховх сорон устгах боломжтой. Гэхдээ тэр аймшигт заналхийлэл лавтайяа өнөөгийн хүмүүсийн насанд тохиохгүй гэнэ.
Ж.Чимэдцэрэн
Эх сурвалж: “Эрх чөлөө” сонин
URL: