Ж.Батзандан: Би С.Батболд, У.Хүрэлсүх, Я.Содбаатар нарт итгэж байгаа

Ардчилсан намын Үндэс­ний зөвлөлдөх хорооны ги¬шүүн Ж.Батзанданг “Ярил­цах танхим”-даа урилаа.

- Ардчилсан намд ээлжит бус их хурлыг хуралдуулах хөдөлгөөн байгуулагдлаа. Та тэнд нэлээн идэвхтэй оролцож буй бололтой. Иймд та ээлжит бус их хурал зарлах бодит шалтгааныг юу гэж тодорхойлж байгаагаа тайлбарлахгүй юу?
- Энэ санаачилга бол намын гишүүдээс, намын орон нутгийн байгууллагаас гарч байгаа санал. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд, намын дэмжигчид үүнийг талархан хүлээн авч байгаа. Би ч гэсэн Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний хувьд Ээлжит бус их хурлын төлөө хөдөлгөөний төлөөлөгчдийг болон намын шинэчлэлийн төлөө байгуулагдсан клубын үйл ажиллагааг дэмжихээ өчигдөр албан ёсоор илэрхийлсэн.

- Ямар клуб вэ?
- Ардчилсан намыг шинэчлэх залуучуудын клуб гэж байгуулагдаж байгаа. Би тэр залуустай уулзаж ярилцсан. Би дэвшилтэт үзэлтэй хүн. Шинэчлэл өөрчлөлтийн салхийг дэмжиж, түүний төлөө явж байгаа хүмүүстэй хамтарч ажиллахыг хүсдэг. Хувь хүнийхээ хувьд ч, Ардчилсан намын сонгуульт хүний хувьд ч өөрчлөлтийн талд зогсоно.

Танай намын лидерүүд манайх бол шинэчлэгч улс төрийн нам гэж ярьдаг. Тэгвэл цаг ямагт шинэчлэгддэг гэх энэ улс төрийн хүчнийг албан ёсоор шинэчлэх цаг болсон гэж зарлах шаардлага байгаа юм уу?
- Ардчилсан намын шинэчлэлийг асуудлыг ярих нь гол бус. Яагаад гэхээр АН одоогийн МАН-ыг бодвол илүү шинэлэг улс төрийн хүчин. Үзэл санаа нь төлөвшсөн бай­гууллага. Гол нь улс төрийн ха¬риуцлагатай хүчин болохынхоо хувьд Мон¬гол Улсын шинэчлэлийн асуудлыг ярих хэрэгтэй. Одоо ирэх 20 жилийн Монгол орны нийгэм, эдийн засгийн төлөв байдлыг гаргаж, өөрчлөгдөж байгаа улс төрийн нөхцөл байдалд ямар зарчим барих вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Намын гишүүдийн дунд явуулсан судалгаанаас харахад их хурал хуралдуулах хэрэгтэй гэдгийг дийлэнх олонх нь буюу 90 гаруй хувь дэмжсэн байна.

- Улс төрийн хүчин хийгээд улс орны шинэчлэлийн асуудлын тухайд МАН-ын лидерүүд өөрсдийгөө манлайлагч гэдгийг зарлачихлаа. Тэд нэрээ, үзэл баримтлалаа шинэчлэх замаар шинэчлэлийг хийж чадсан гэж үзэж байна. Энэ үед АН-ын шинэчлэл тэдний араас дагаж байгаа мэт харагдах юм биш үү?

- Улс төрийн хүчин ямагт шинэчлэгдэж байх ёстой. Шинэчлэл оройтох тухай асуудал байхгүй. МАХН Ардын нам болж, үзэл санаагаа тодруулж байгаа явцыг хараад би хувь хүнийхээ хувьд баяртай байгаа. Монголын улс төрийн намууд шинэчлэгдвэл ард түмэнд хэрэгтэй. Зөвхөн өөртөө ашигтай гэдгээр шинэчлэлийг харж болохгүй. МАН-ын хувьд шинэчлэл нь хэлбэрийн бус агуулгын хувьд байгаасай гэж иргэд олон жил хүлээсэн. Үүнд XXVI их хурал нь хариулт өгөх шиг боллоо. Үр дүнг нь цаг хугацаа харуулах биз дээ.

- Та АН тасралтгүй шинэчлэгддэг улс төрийн хүчин гэдгийг ямар үндэслэлээр батлах вэ. Өнөөдөр таны хэлээд байгаа тэр шинэчлэлийг олж харахгүй байгаа олон мянган хүн бий шүү дээ. Тэгээд ч анхны лидерүүдээс бусад нь манлайлж болохгүй гэсэн хатуу зарчим үйлчилж байна гэсэн логик дүгнэлтийг хийхэд нэг их хэцүү биш болов уу?
- Намын шинэчлэл нэг хүнээс хамаарахгүй. Нийт гишүүдийн хүсэл сонирхол, намыг манлайлдаг лидерүүдийн үүрэг оролцооноос хамаарна. АН-ын шинэчлэл үзэл санаа, зарчим, бодлого, боловсон хүчний талаасаа өрнөөсэй гэж би хүсч байгаа. АН өнөөдөр нэрээ солих шаардлагагүй. Үзэл санаандаа тодотгол хийх хэрэггүй. Суурь зарчмаасаа ч ухрах хэрэггүй. Өнөөдөр хүмүүс хэт зүүний бодлого бариад байна уу гэдгийг шүүмжилж байна. Төр хэт халамжийн бодлого барих бус тэгш боломжийг олгох ёстой. Тэр зарчмаа барих хэрэгтэй байна. Дээрээс нь эрх чөлөөг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалахын төлөө хүчтэй ажиллах ёстой. Хууль дээдлэх ёсыг баримтлах хэрэгтэй байна. Үүний төлөө баруун төвийн үзэлтэй улс төрийн хүчин байх хэрэгтэй. Энэ зарчмаасаа сүүлийн үед ухраад байна уу гэдгийг л зогсоох хэрэгтэй байгаа юм.

- Тэр ухралтыг зогсоох арга зам нь тэгвэл юу вэ. Зарим хүний зүгээс намын даргыг өөрчлөх замаар Ардчилсан нам мөн чанараа эргэж хамгаалж чадна гэж яриад байгаа?
- Намын даргыг солих эсэх бол жижиг асуудал. Ардчилсан нам даргаа дуртай үедээ сольж чаддаг нам. Дургүйгээ хүрвэл солихгүй ч байж чаддаг. Ардчилсан хүчний хувьд намын даргыг солих бол үнэндээ жижигхэн зүйл. Дарангуйлагч нийгмийн үед л энэ том асуудал байдаг юм.

- Гэхдээ дарга нь Н.Алтанхуяг байснаар намын үзэл баримтлалын мөн чанар алдагдаад байна гэдэг шүүмжлэл гарч байгаа. Тэгэхээр энэ том асуудал юм биш үү. Бүхэл бүтэн намын үзэл баримтлал ухрах болсны шалтгааныг Н.Алтанхуяг даргаас хайгаад байна шүү дээ?
- Хүн болгон өөр өөрийнхөөрөө л харж байгаа байх.

- Та тухайлбал, Н.Алтанхуяг даргыг зөв ажиллаж байна гэж хэлэх үү?
- Н.Алтанхуяг даргын өнөөдрийн явуулж байгаа үйл ажиллагааг би Ардчилсан намын мөн чанарыг илэрхийлж чадахгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Ардчилсан намын дарга нь ардчиллын үнэт зүйлийг илэрхийлдэг, хүний эрхийг хамгаалдаг, ард түмнээс авсан үүргээ биелүүлдэг, сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэдэг, ардчиллын тугийг өндөрт өргөж явдаг хүн байх ёстой. Харамсалтай нь Ардчиллын туг авлигачдын өмнө бөхийчихөөд байна.

- Н.Алтанхуяг дарга, Монгол Улсын төлөө ажиллаж байгаа бол барууны, зүүний гэсэн изм ярьж зөрчилдөхөө болих хэрэгтэй гэж ярьсан байсан. Мөн изм тойрсон маргаанаас илүү хамтарсан Засгийн газрын үр дүнг ярих нь чухал ч гэж хэлсэн?
- Хамтарсан Засгийн газрын гэрээний хэрэгжилтэд иргэд болон улс төрийн намууд дүгнэлтээ хийгээд хангалтгүй гэдэг дүн тавьж байгаа. Мэдээж үр дүнтэй ажил ч байгаа. Тэрийг нь үгүйсгэхгүй. Гэхдээ нэгэнт улс төрийн орчин өөрчлөгдөж байгаа энэ үед Ардчилсан нам хариу өгөх ёстой. Би тийм л байр суурьтай байгаа.  “Нэг ардчилал” клуб хоёр жилийн өмнө байгуулагдсан. Бид Ардчилсан нам шинэчлэгдэж, намын бодлого тодорхойлох түвшинд залуусын оролцоог хангаж, феодлуудаас салах ёстой гэж үзэж байгаа. Залуус шинэчлэлийн талд зогсч байгаа. Би тэдний нэг.

- Та нарын хувьд ерөнхий утгаар нь феодлууд гэж хэлж байна. Үнэхээр тэр феодал намыг чинь эзэлчихсэн юм бол шууд нэрийг нь хэлээд, “Одоо боль” гэж яагаад хэлж чадахгүй байгаа юм бэ?
- УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Х.Тэмүүжин, Г.Баярсайхан, Б.Батбаатар тэргүүтэй олон сайхан залуус Ардчилсан намд шинэчлэл хийхээр өөр өөрийнхөөрөө ажиллаж байгаа. Бүгд өөр өөрийн онцлогтой гэдгийг л энд хэлмээр байна.

- Тэгвэл З.Энхболд гишүүн “Би намын даргад өрсөлдөнө” гэж мэдэгдэхтэй зэрэгцээд дэмжих фракциуд гарч ирж байна. Та тэдний талд байгаа юу?
- Ардчилсан нам бол нээлттэй нам. Их хурлаар даргын асуудлыг яривал Л.Гантөмөр, З.Энхболд, Э.Бат-Үүл, Л.Гүндалай гишүүн, зарим нэг хэвлэлд гарсан мэдээллээс харахад Х.Баттулга сайд хүртэл өрсөлдөх магадлалтай гэсэн яриа байгаа. Ардчилсан намд олон лидер бий. Хэн сайн мөрийн хөтөлбөр дэвшүүлж, улс төрийн хувьд зохион байгуулж, амжилтад хүргэнэ. Тэр хүнийг л дэмжинэ. Ардчилсан намд иргэний хөдөлгөөнөөс олон залуу орж ирсэн. Тэд энэ намд шинэчлэлийг хийхийн төлөө явна. Миний хувьд хэн нэгний нэрийг онцолмооргүй байна.

- Та өмнө нь иргэний хөдөлгөөний талбараас асар хүчтэй дуугардаг байсан. Тэр дуу хоолойгоо Ардчилсан намаас тэр хэвээр нь илэрхийлэх боломж бололцоо байна уу?
- Иргэний хөдөлгөөнийг удирдах, төрийн эрх барьж байгаа намд ажиллах хоёр өөр. Би төрийн эрх барьж байгаа намын дээд байгууллагын гишүүн. Энд би намын бодлогын хүрээнд ярих ёстой.

- Харьцангуй хязгаарлагдмал гэж үү?
- Тийм ээ. Иргэний хөдөлгөөн бол илүү чөлөөтэй. Иргэд олон нийтийнхээ талд байдаг. Дүрэм нь ч илүү нээлттэй. Гэхдээ иргэний хөдөлгөөнөөс төрсөн улстөрч, нийгмийн зүтгэлтэн бол намаар хүмүүжсэн улстөрчөөс агуулгын хувьд илүү ялгаатай гэж би харж байгаа.

- Юугаараа вэ?
- Иргэнийхээ талд зогсдог юм байна. Илүү чөлөөтэй, зоримог байдаг юм байна.

- Намаар хүмүүжсэн, нам дагасан улстөрчид та нараас зоригоороо дутуу гэж үү?
- Энэ миний л бодол. Намаар хүмүүжсэн хүмүүс надаас их өөр юм билээ л гэж би хэлье.

- Баталгаатай юу?
- Баталгаатай тэгж хэлж чадна.

- Иргэний хөдөлгөөний залуус Ардчилсан нам дахь Ээлжит бус их хурлыг хуралдуулахын төлөө хөдөлгөөний олонхийг бүрдүүлсэн харагдсан. Эндээс “Хаа явсан газраа хөдөлгөөнжиж, улс төрийн акц үүсгэж байдаг. Ингэх шаардлага нь юу юм бол. Ингэж тоглох хэрэг байдаг юм болов уу” гэх хүн олон гарч ирэх юм шиг санагдсан?
- МАН-ын их хуралд иргэний хөдөлгөөний 30 гаруй залуу сонгогдсон. Бага хуралд нь иргэний хөдөлгөөний 15 залуу сууж байна. Ардчилсан намд 70 гаруй залуу элсээд, ажиллаж байгаа. Тэд Монгол Улсын иргэн. Өөр өөрийнхөө арга барилаар л улс төрд оролцож байна. Иргэний хөдөлгөөнийхнийг би муу хүн, буруу хүмүүс гэж бодохгүй байна. Тэд харин ч илүү иргэнлэг, зоригтой, эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй. Би тэдэнд хайртай. Тэднийг хүндэлдэг. Иргэний хөдөлгөөн бол хэн нэгнийг намаар ялгаварлан гадуурхдаггүй байгууллага. Би маргааш иргэний хөдөлгөөний үйл ажиллагааг дэмжээд явахад бэлэн. МАН-ын залуустай ч бид уулзаж, улс орны төлөө санал бодлоо хуваалцдаг. Иргэний хөдөлгөөнөөс нам байгуулагдсан туршлага бий. Нам, хөдөлгөөн хоёрыг ялгах хэрэггүй.

- Ардчилсан намын лидерүүдийг залуусаа гаргаж ирдэггүй гэж шүүмжлэх нь бий. Эсрэг талд нь МАН шинэчлэлийн бодлогоо залуусын хүчээр хэрэгжүүлсэн гэх магтаал хүртэж байна. Та энэ хоёр үзүүлэлтийг харьцуулж боддог уу?

- Ардчилсан нам бол байнга шинэчлэгддэг нам. Магадгүй МАН залуусаа крандаж, цахилгаан шатаар дээш татдаг байж магадгүй. Ардчилсан намын залуус бол өөрсдийн тэмцлээр гарч ирдэг. Өөрсдийн хүчээр дээш гардаг. Ардчилсан нам албан тушаалаар залуусыг угждаггүй. Авлига амладаггүй. Эрх чөлөө, шударга ёсны төлөө гэсэн хүн бүрт нээлттэй нам. Тэгэхээр би шинэчлэл, өөрчлөлтийнхөө чадвараар МАН-аас илүү гэж боддог.

- Та Иргэний хөдөлгөөний намыг үүсгэн байгуулагчийн хувьд үйл ажиллагаанд нь одоо оролцож байна уу?
- Би 2008 онд албан ёсоор гарсан. Дэмжиж ажиллаж байгаа. Намынхаа нөхдүүдтэй холбоотой байдаг. Удахгүй Ардчилсан намтай хамтарч, шинэ зохион байгуулалтад орно. Улс төр бол байнга шинэчлэгдэж байдаг зүйл шүү дээ. Эрүүл улс төрийн тогтолцоонд шинэчлэгдэж чаддаггүй улс төрийн хүчин, улстөрчид тоглоомоос арчигддаг юм. Эрүүл бус манайх шиг тогтолцоонд л улс төрд ялгарал төдийлөн гарахгүй байна. Хорин жилийн өмнө байсан авлигачид одоо ч байж л байна. Ийм байж болохгүй. Би энэ бүхнийг өөрчлөгдөнө гэдэгт итгэдэг.

- Таны хувьд өнгөрсөн жилүүдэд хангалттай  их ярилаа. Энэ утгаараа улстөрч хүнд үр дүнгүй яриад явах  хэрэг байдаг юмуу. Эсвэл үр дүнг нь гарна гэсэн итгэл найдвараар улс төрийн оролцоогоо идэвхжүүлэх нь гол зорилго уу?
- Би 2004 онд иргэний хөдөлгөөн байгуулж байсан. Тэр үед “Иргэний хөдөлгөөн нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийг хийхэд чухал үүрэгтэй” гэж хэлж байсан. Тэр үүргээ ч сайн биелүүлсэн. Анх “Монголд авлига газар авлаа” гэж хэлж байхад эрх баригч намынхан “Монголд авлига байхгүй” гэдэг байсан. Байгаа нь өнөөдөр батлагдчихсан зүйл. Ашигт малтмалын орлогоос алтан хувьцаа олгоё гээд гарын үсэг зуруулж байхад улстөрчид “Тийм боломж байхгүй” гэж хэлсэн. Тэгэхэд өнөөдөр “Эрдэнийн хувь хүртээнэ” гээд явж байна. Бага ч гэсэн иргэд хувь эзэмших боломжтой боллоо. Би энэ бүхэнд баяртай байдаг. Би хийсэн ажлаараа бахархдаг. Цаашид ч бахархах болно.

- Тэгвэл та өөрийнхөө анх гарч ирж байсан тэр үеийн олонд үнэлэгдсэн үнэлгээг өнөөдөр хэрхэн үнэлдэг вэ. Мэдээж улстөрчийн хувьд ретинг их чухал байдаг шүү дээ?
- Улс төрийн нэр хүнд бол байнга  савлаж байдаг зүйл. Би нэг зүйлд итгэлтэй байдаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн рейтинг 2006 онд их муу байснаа, 2009 онд хамгийн өндөрт хүрсэн. Өнөөдөр ч хэвээрээ байна. Улстөрч хүн ийм л байх ёстой. Улстөрч хүн хэн нэгэнд таалагдах бус ард түмний талд байх ёстой. Эрх чөлөөний төлөө тэмцэж, шударга ёсны төлөө дуугардаг байх ёстой. Би ийм л улстөрч байхыг хүсч байна. Би нэр төр хөөцөлддөг улстөрчийг үнэлдэггүй. Тэр хүн хол явдаггүй юм.

- Сая чуулганы хуралдаан дээр Ерөнхийлөгчийн хэлсэн үг олон нийтэд их таалагдах шиг болсон. Энэ утгаараа Ардчилсан намаас дараагийн Ц.Элбэгдоржийг хайгаад байх шиг. Энэ хүлээлтэд эзэн гарч ирэх болов уу?

- Ц.Элбэгдорж бол үндэсний хэмжээний улстөрч. Намын лидер гэхээс илүү үндэсний хэмжээний, дэлхийн хэмжээний лидер гэж би ойлгодог. Ийм лидерийг хүлээхийн тулд улс төрийн нам дор хаяж 20 жил хөдөлмөрлөх ёстой. Тухайн улстөрч ч 20 жил ажиллах ёстой.

- Өнгөрсөн 20 жилд тэгвэл ганцхан Ц.Элбэгдорж Ардчилсан намд гарч ирсэн нь харамсалтай юм биш үү?
- Ардчилсан намд өсөх ирээдүйтэй олон залуу лидер бий. Цаг нь болохоор лидерүүд өөрсдийгөө төрүүлнэ.

- Таны хувьд?
- Ямар ч цэрэг генерал болохыг мөрөөддөг гэдэг үг бий. Үүн шиг ямар ч улстөрч хүчтэй лидер байхыг  хүсдэг. Улс төрд манлайлагч байж чадахгүй хүн шилдэг улстөрч байж чаддаггүй юм.

- Ээлжит бус их хурлыг хуралдуулахгүй бол та бүхэн дараагийн акцыг зохион байгуулах уу?
- Үндэсний зөвлөлдөх хорооны гуравны хоёрын саналаар ээлжит бус их хурлыг хуралдуулах боломжтой. Олонх юу гэж хүснэ тэр дагуу л явна. Гэхдээ би олонхийн санал их хурлын төлөө байгаа гэж бодож байгаа.

- Ардчилсан хүчний холбооны үйл ажиллагааг дэмжиж байгаа юу?
- Гишүүд, удирдлагатай нь олон зүйл дээр хамтарч ажиллаж байгаа. Их зөв зарчим, бодолтой хүмүүс байгаад нь баярлаж яваа.

- Нэг зүйл сонирхож асуухад та нар “МАХН-тай, коммунистуудтай гар барихгүй” гэдэг байсан. Тэгвэл өнөөдрийн Ардын намтай гар барих уу. Хамтарч ажиллах шаардлага гарлаа гэхэд та шинэчлэгдсэн гэдэг өнцгөөс нь харах уу?
- Олон жилийн өмнө иргэний хөдөлгөөнийг удирдаж байхдаа “МАХН, коммунист угшилтай улс төрийн хүчинтэй хамтарч ажиллахгүй” гэж хэлж байсан. Энэ үнэн. Бид шаардаж, шахаж ажиллана гэдэг байр суурьтай байсан. Өнөөдөр бол би Ардчилсан намын удирдах дээд байгууллагын гишүүн. Иймд энэ намын дүрэм журмын дагуу ажиллана. МАХН шинэчлэгдээд МАН болсон. Өөрсдийгөө зүүн төвийн ардчилсан үзэлтэй нам гэдгээ зарласан. Энэ шинэчлэл нь бодит байдалд яаж буухыг би мэдэхгүй. Цаг хугацаа харуулна байх. Мэдээж эх орны хөгжил, зөв зүйлийн төлөө хамтарч ажиллах нь чухал. Гэхдээ хамтын ажиллагаа хуулийн хүрээнд л байх ёстой. Стандарт бус хамтын ажиллагаа гэж байхгүй. Хамтын ажиллагааг стандартын хэмжээнд барих ёстой. Зарим нэг этгээд хувийн амьдралаа стандарт бусаар явуулчихаад түүн шигээ улс орны асуудлыг стандарт бусаар шийдэх гээд байх шиг байна.

- Тэгэхээр стандартын хэм хэмжээнд хамтарч ажиллах санал тавих тохиолдолд татгалзахгүй гэж ойлгож болох уу?
- Цаг хугацаа харуулна. Хамтарсан Засгийн газар хамтын ажиллагааны хоёр жилийн хугацаанд хийснээ ард иргэдээрээ дүгнүүлэх ёстой. Түүнээс бус гэрээгээ өөрсдөө дүгнэж, ард түмнийг хуурч болохгүй.

- Та улс төрийн идэвхтэй оролцогчийн хувьд МАН-ын одоогийн удирдлагыг шинэчлэл хийж чадна гэж итгэж байна уу?
- Би МАН-ын удирдлагад залуу хүмүүс гарч ирсэнд баярлаж байна. Я.Содбаатар, У.Хүрэлсүх, Англид боловсрол эзэмшсэн С.Батболд гэсэн 1960, 1970-аад оныхон удирдлагад нь гарч ирсэнд баяртай байгаа. Би тэднийг хуучин замаар явахгүй байх. Шинэчлэлийн замаар явна байх гэж найдаж, итгэж байна. Шинээр байгуулагдсан МАН-д би бас сайн сайхныг хүсье. Хүн бас зарим үед өрсөлдөгчөө ч гэсэн хайрладаг байх хэрэгтэй гэж боддог.

- Танай намынхан л жаахан дургүйцэх байх даа?
- Зүгээр ээ, Батзандан гэдэг хүн хувь улстөрчийнхөө хувьд энэ үгийг хэлж байна. Би улстөрчийнхөө хувьд өрсөлдөгчөө ч гэсэн хайрлаж, сайн сайхныг хүсэх чадвартай байх ёстой гэж  боддог.

Г.Отгонжаргал (Улс төрийн тойм сонин)


URL:

Сэтгэгдэл бичих