Ижилсэх дээл яах вэ, илүү чухал ажил байна цаана чинь
Энэ удаагийн УИХ 11 эмэгтэй гишүүнтэй. Тэд парламентад албан бус бүлэг байгуулж, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг удирдагчаараа ажиллуулж байгаа. 2012 оны УИХ-ын сонгуулийн, тухай хуульд эмэгтэй нэр дэвшигчдэд 20 хувийн квот тусгаж өгснөөр бараа, төрх нь парламентад тасрах шахаад байсан хүүхнүүдийг энэ удаа бүлэгтэй болтол нь оруулж ирсэн юм. Ардчилсан сонгуулиар бүрдүүлдэг болсноос хойшхи Монголын парламентын түүхэнд энэ хэмжээний эмэгтэй гишүүд сонгогдож байсан удаа бараг байхгүй. Том амжилт шүү. Хэдийгээр бүлэг нь албан ёсны бус ч, тэнд УИХ-ын 11 гишүүн, Засгийн газрын гурван сайд харьяалагдаж байна. УИХ-ын тухай хуулиар байгуулагдсан Шударга ёс эвслийн бүлэгтэй жин нөлөө, даацаараа эн зэрэгцэхүйц гэсэн үг. Гэвч “Бидний хийсэн ажил энэ байна” гээд гаргаад тавичих зүйл тэдэнд байнауу. Үе үе тамхины хууль ярьж, хэвлэлийн бага хурал хийдэг Л.Эрдэнэчимэгээс өөр хүн алга. Гэхдээ ярихаас хэтрэхгүй юм даа.
Уг нь улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж,тэднийг шийдвэр гаргах түвшинд гаргахын тулд Монгол Улс хууль гаргаж, боддогоор дэмжсэн. Уламждалаа харах юм бол манайд хатуу тогтсон ёсгүй ч зарим талаараа эцгийн эрх илүү ноёлдог. Тиймдээ ч эмэгтэйчүүд улс төрийн туршлага бага, нэр дэвших болон сонгуулийн сурталчилгааны ажилд шаардлагатай хөрөнгө мөнгө багатай учраас улс төрд орох боломж төдийлөн олддоггүй байсан. Өөрөөр хэлбэл намуудын хувьд аль болох олон нэр дэвшигчээ сонгуульд ялуулж, засгийн эрхийг авах зорилготой учраас сонгуульд ялах магадаалтай, сонгуулийн зардлыг санхүүжүүлэх бүрэн чадвартай эрэгтэй улстөрчийг нэр дэвшүүлэх нь илүүтэй байдаг. Эмэгтэй гишүүдийн бараг тал нь жагсаалтаар сонгогдсон нь ч дээрхийн баталгаа. Гэхдээ бид УИХ дахь эрэгтэй эмэгтэй гишүүдийн тооны харьцааны хувьд жин банг нь тааруулж, жендэрийн мэдрэмжтэй харагдахын тулд, тэднийг дэмжээгүй.
Харин эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог нэмэгдүүлснээр Монгол Улс юу хожих вэ гэдэг том эрх ашгаа л харсан. Ардчилалтай, авлига багатай, иргэншсэн соёлтой, энэрэнгүй тийм нийгмийг эмэгтэй гишүүдээс хүлээж байгаа гэхэд хилсдэхгүй. Гэвч тэд өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр юу хийж, хэдэн хууль санаачилж батлуулав. Ер нь хүн амын талаас илүү хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийг тэд төлөөлж чадаж байна уу. Дараагийн удаад эмэгтэйчүүдийг дэмжих үү үгүй юу гэдэг өнөөдөр Их хуралд сууж, Засгийн газарт ажиллаж байгаа бүсгүй түшээдээс шалтгаална.
Эмэгтэйчүүд зарим үед ихээхэн идэвхитэй харагддаг. Уламжлалт баяраар үндэсний хувцсаараа гоёж, урлагийн үзүүлбэр хамтран бэлтгэдэг. Бас болоогүй ээ тогтсон өдрүүдэд ээлж ээлжээрээ үдийн хоолонд бусдыгаа урьдаг уламжлал тэдэнд бий. Мөн гишүүдийн шинэ жилээр хип хоп үглэж эрчүүддээ сюрприз барьчихна, Их хурлын даргадаа төрсөн өдрөөр нь тусгайлан баярлуулж “тал засна”.
Нийгмийн анхаарлыг татсан нэг ажил нь нууц амрагуудаа хооронд нь алалцуулсан Батболд гэгч залууг ажлаас нь халуулах хүсэлт ч гэх үү шаардлага ч гэх үү албан тоотыг Уул уурхайн яаманд гаргасан явдал. Нэгэн залуугийн болж нийгмийг цочроосон аймшигт хэргийн хохирогч хийгээд үйлдэгч нь эмэгтэйчүүд байсан ч энэ бол хүний хувийн харилцааны асуудал. Харин Их хурлын гишүүн гэдэг айл гэрийн авгай хүүхдийн асуудалд санаа тавих субьект мөн үү. Тэд хууль тогтоох үүрэгтэй болохоос бусдын амьдралын хувийн харилцааг зохицуулах ёсгүй.
Хамтлаг “хамтаараа лаг” гэдэг шиг нам гэж ялгараад байхгүйгээр энэ мэт арга хэмжээнд эв зүйгээ олоод бултаараа оролцчихдог нь бусдаас ялгарах тэдний давуу тал. Мэдээж тэд хуулийн төслийн ажлын хэсэгт ордог, санаачилдаг л байх. Гэвч олон нийтийн нүдэн дээр харагдаж байгаа нь дээрх дээл бүс, дуу хуур л байна. Олон нийт нүдэн дээр нь харагдаж байгаагаар дүгнэлтээ өгч бас сонголтоо хийх болохоор ижилсэх дээлээрээ бус илүү үр дүнтэй олон ажлаар сонгогчиддоо харагдаач эмэгтэй гишүүд ээ. Сонгууль гэдэг соёолонгийн уралдаантай адилгүй болохоор энэ жилийн баян ходоодод ирэх жилийн түрүү магнайг өгөхгүй гэдгийг санахад илүүдэхгүй биз.
Б.ЭНХЖАРГАЛ
URL: