“Фортуна” О.Чулуунбат хоёрын байрыг солиод үзэхээс дээ
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр удаа дараагийн мэдэгдэлдээ эдийн засгийн амьдрал туйлын сайн байгаа хэмээн худал залсан. Тэр ч бүү хэл амьдрал ахуй гайгүй сайн байна, ийм ч төсөл амжилттай хэрэгжиж, тийм ч төсөл сайн эхэллээ хэмээн сайд болсон цагаасаа хойш залсан. Гэтэл өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад ам.долларын ханш даруй 25 хувиар өссөн статистик үзүүлэлт байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ч 30 хувийн босго даваад талийлаа. Байдал ийм байхад худлаа бөөлж суугаа сайдыг яах вэ. Хамгийн сүүлд гандан бууршгүй сайд маань “Бүтээн байгуулалтын цаг” хэмээх сүржин нэртэй уулзалтад оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Үүгээрээ 2014 онд үйлдвэржилтийг дэмжих жилийн хүрээнд ирүүлсэн бүтээн байгуулалтын төслийн талаар танилцууллаа. Мөнгөгүй гэлээ ч цаасан дээрх зураг төслөө ярьж, энэхүү цаасан бууны ажлын хүрээнд нийт 1151 төсөл ирүүлснээс 888 төслийн шалгаруулалтыг Хөгжлийн банк болон Эдийн засгийн хөгжлийн яам хамтран хийж байгаагаа мэдэгдсэн юм. Гэтэл Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нь ярилцлага өгөхдөө Н.Батбаярын ярьсан энэ бүгдийг няцаав. Ганцхан энэ ч биш Н.Батбаяр, Засгийн газрын урьд өмнө болон одоо ярьж байгааг тэр чигт нь няцаав. Ярилцлага эхлэхэд тэрээр “Ганцхан жишээ хэлье. Монголд 400 гаруй өрмийн компани ажиллаж байлаа. Өнөөдөр бараг бүгд сул зогсч байна. Маш олон уул уурхайн компани үйл ажиллагаагаа түр зогсоосон. Тэрийг дагаад тээврийн компаниуд зогсч, олон тооны жолооч ажилгүй боллоо. Гэх мэтчилэн үр дагавар нь маш олон л доо” хэмээн бодит байдлыг санаа зовонгуй ярьсан байна лээ.
Тэрээр цааш хэлэхдээ “Нью-Йорк, Торонто, Лондон, Сингапурын бирж дээр байгаа Монголтой холбоотой, Монгол Улсын хэрэгжүүлж байгаа төслүүдийн хувьцаа нэг их сайжирсан юм харагдахгүй л байна. Унтаастай хэвээр байна” гээд Монгол Улсын эдийн засгийн гадаад орчинг товчхон бөгөөд тодорхой хэлчихсэн. Өөрөөр хэлбэл энэ нь Н.Батбаярын байж байгаа царай нь энэ гэсэнтэй агаар нэгэн сонсогдоно.
Харин дэд сайд нь том сайдынхаа өр тавьсан асуудлыг ийн тайлбарлав.
“Ингээд өр тавиад байж болно л доо. Гэхдээ сүүлдээ зах зээл бидэнд зээл өгөхгүй ш дээ. Зах зээл эхлээд “Чинис” бондоо, Хөгжлийн банкны бондоо юунд зарцуулж вэ гэдгийг харна. Их ухаантай, ухамсартай хөрөнгө оруулалтууд хийж үү гэдгийг ажиж байгаа. Тэрний үнэлгээ ч эхнээсээ гарч байна. Жишээ нь, “Чингис” бондын зах зээл дэх үнэлгээ үүнийг харуулж банйа шүү дээ. Ер нь бол манай бодлого буруу л яваад байна. Бүгдийг зээлээр хийгээд байж болохгүй” хэмээсэн юм.
Харин Н.Батбаяр сайд эдийн засаг харьцангуй өсч байна, сайхан болно хэмээн өчигдөрхөн ярьж зогсоно лээ. Харин дэд сайд О.Чулуунбат “Яаж ч бодсон чамлалттай дүн ш дээ. Маш сайн судалгаа хийж, тооцоолж үзэхгүй бол болох¬гүй байна гэдгийг л энэ өсөлт харуул¬лаа. Уг нь ДНБ-ийнхээ 40 хувьтай тэнцэх мөнгө хийсэн юм чинь тэр хэмжээний, ядаж л 20 хувийн өсөлттэй байх ёстой байсан. Гэтэл макро төвшнөө харвал маш сулхан үр дүн гарлаа шүү дээ” гэсэн нь шууд үнэнийг хэлчихсэн хэрэг.
Дэд сайд О.Чулуунбат цааш ярихдаа “Уг нь бодит үнэнийг л ярих ёстой. Яахав зарим хүн зөвхөн болж байгааг нь ярьж болно ш дээ. Барилга олныг барьсан, урт зам тавьсан гээд л. Бид ганцхан сайхан тоогоо харж яриад байх ёсгүй юм. Юун дээр алдаад байна, юу нь болохгүй байна, яаж залруулах вэ, яаж сайжруулах уу гэдэг дээр анхаарах ёстой. Би хувьдаа энийг илүү харж ярьж байгаа л даа. Ер нь л компаниуд хооронд, компани банкны хооронд, банк банкны хооронд, аж ахуйн нэгж төсвийн хооронд бөөн өр авлага бий боллоо. Энэ бүгдэд санаа тавихгүй бол болохоо байлаа” хэмээн Засгийн газрын нэгэн гишүүн гол салбар болох Эдийн засгийн хөгжлийн дэд сайд нь өнөөдрийн засгийн үйл ажиллагаанд муу дүн тавьсанаа шууд утгаар нь хэлж салбарынхаа сайдыг ажил хийж чадахгүй байгааг ч хэлээд авсан. Юутай ч тэрээр Н.Батбаяр худлаа хоосон тоо ярьж ам гарсангүй, бодит байдлыг л ярьсан. Тэгэхээр энэ худалч Н.Батбаярыг О.Чулуунбатаар нэг солиод үзвэл яасан юм бэ.
Ч.Дорж
URL: