Хувьчлалд гарсан алдаа ба “Ард” кино театрыг зориулалтаар нь ашиглая
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Циркийн барилгыг үндсэн зориулалтаар нь ашиглах тухай есөн сарын хугацаатай үүрэг өгөв.
Дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж яваа циркчдээ дэмжих, урлагаар дамжуулан ард иргэдийнхээ оюун ухааныг тэтгэх шийдвэр байсан учраас олон нийт О.Магнай даргын энэ алхмыг баярлан хүлээж авсан. Ардчилсан хувьсгал ялсны нэг гавьяа нь хувь хүн өмчтэй байхыг зөвшөөрсөн явдал байсан нь үнэн. Дээрээс нь төрийн зүгээс бодлогоор өмчөө хувьчилж эхэлсэн. Энэ нь төрийн ачааг хөнгөлөх, хараа хяналт, төсөв мөнгө хүрэхгүй байгаа зарим салбараа хувийн хэвшлийнхэндээ итгэж өөд татах сайхан зорилго агуулсан байлаа. Гэвч хувьчлалын үйл явц санасан шиг гэрэлтэй байсангүй. 2006 онд циркийг менежментээр хувьчлахад ч энэ салбарыг дэмжиж тэтгэхийг зорьсон. Гэтэл хувьчилж авсан баг нь циркийн урлагийг биш, хэтэвчээ хөгжүүлэхэд түлхүү анхаарчээ. Циркийн барилга худалдааны төв болсон нь үүний баталгаа. Тиймээс ШӨХТГ-аас есөн сарын дотор барилгыг зориулалтаар ашиглахгүй бол төр эргүүлэн авна хэмээн мэдэгдсэн. Хувьчлалд гарсан алдаануудыг энэ мэтчилэн эхнээс нь засмаар байна. Эхлэл бол аливаа ажлын 50 хувь гэдэг. Тэгэхээр зориг гаргаж, алдаатай бодлогоо засах ажлыг эхлүүлсэн ШӨХТГ-ын дарга О.Магнайд талархах хэрэгтэй. Харин эхлүүлчихээд мартчихаж болохгүй. Хувьчлаад сайжраагүй, харин ч дордсон барилга, объектуудаа төр эргүүлэн өөрийн мэдэлд авмаар, зориулалтаар нь ашигламаар байна. ШӨХТГ-ын дараагийн анхаарах барилгуудын нэг нь “Ард” кинотеатр.
Өнөөдөр оюутан, залуус чөлөөт цагаа голдуу шөнийн цэнгээний газарт өнгөрүүлж байгаа. Гэмт хэргийн шалтгааны ихэнх хувь нь архитай холбоотойг сануулаад л байдаг. Харин залуус “Чөлөөт цагаа өнгөрүүлчих газар хомс байхад баранд орохгүй яах юм” хэмээн биеэ өмөөрнө. Үнэндээ тийм. Олон улсын жишгээр 20 мянган үзэгчид кино театрын нэг дэлгэц ногдох ёстой гэсэн стандарт байдаг аж. Улаанбаатар сая гаруй хүн амтай. Тэдний 70 орчим хувь нь залуус. Гэтэл “Тэнгис”, “Өргөө” I, II, “Соёмбо” гэсэн дөрөвхөн кинотеатр бий. Улсын төсөв хэлэлцэхэд хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэхэд чиглэсэн барилга, байгууламж барих тухай яриа бараг гардаггүй. Шинээр барих төсөв байдаггүй юм гэхэд зориулалтын барилгыг нь буцаагаад залуусынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлдэг газар болгоход санаа тавьчихаж болмоор санагдана. Өөрөөр хэлбэл, хүүхэд, залууст зориулсан үйлчилгээний газрын барилгуудын хуудуутай хувьчлалыг эргэн харах ёстой гэсэн үг. “Ард”, Элдэв-Очирын нэрэмжит Улаанбаатар хотын хүүхдийн кино театраас авахуулаад соёл, урлагийн олон газрыг хуучнаар нь сэргээмээр байгаа юм.
“Ард” бол Монголын ууган кинотеатр. Бидний ээж, аав, эмээ, өвөө, ах эгч нар тэр л театраар үйлчлүүлж, кино урлагаар дамжуулан хүмүүжиж, төлөвшсөн хүмүүс. 1930 онд байгуулсан уг театрын бидний мэдэх байрыг 1965 онд барьсан юм билээ. Харин 1996 онд театрыг менежментээр хувьчилснаар ирээдүй нь бүрхэг болсон юм. Хувьчлалаар “Ард”-ыг авсан хүн нь Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам гуай. Урлагийн хүн авсан учраас анхандаа хүмүүс түүнийг кинотеатрыг өөд татна гэдэгт итгэж байв. Гэхдээ яагаад ч юм дээрдүүлэхийн оронд бүр амыг нь барьчихав. Одоо “Ард” гэж кинотеатр байхгүй. Тэнд “Хас” банкны зээлийн болон тооцооны төв байрладаг. Мөн бусад үйлчилгээний байгууллага түрээсээр ажиллаж байгаа юм. Түүнийг энэ барилгыг “Анод” банкинд худалдсан, эсвэл эдүгээ “Хас” банкинд сард 100 орчим сая төгрөгөөр түрээслүүлдэг гэх мэт мэдээлэл бий. Асуудлын гол нь кинотеатрын барилгад кино л үзүүлж байх ёстой гэдэгт байгаа юм. Анх хувьчилж авахдаа тавьсан зорилгоо биелүүлэхгүй байгаа хүмүүст хариуцлага тооцож, төр объектоо буцаан авах ёстой. Баранд сууж согтуурахын оронд кино урлагаар дамжуулан оюунаа тэлж, дэлхийгээр аялахыг хүүхэд, залуучууд хүсэж байна.
1948 онд байгуулагдсан Элдэв-Очирын нэрэмжит Улаанбаатар хотын хүүхдийн кино театр ч одоо байхгүй. Байранд нь Монголын хөрөнгийн бирж нүүж ороод 20 гаруй жил болж буй юм. Хөрөнгийн зах зээлээ дэмжих нь зүй ч, үүний нөгөө талд хүүхэд, залуусын ирээдүй, урлаг соёлын салбараа мартаж болохгүй. “Од” кинотеатрын байранд христийн сүм ажиллаж байна. Энэ мэтээр хуудуутай хувьчлалуудаа эргэн харж, хүүхэд залуустаа барилгыг нь буцааж өгөхөд төрийн удирдлагууд анхаарах учиртай.
С.УУЛ
Эх сурвалж: www.shuurhai.mn
URL: