5 САЯЫН ЦАЛИНТАЙ ШҮҮГЧИД ДЭВЖ БАЙНА ЦААНА ЧИНЬ

шүүхСарын таван саяын цалин өгөхгүй бол авлига, хээл хахуулиар буруу шүүнэ гэж ил далд гэдийж байгаад шүүгчид санасандаа хүрэв. Шүүгчдийн цалинг нэмэх жор найруулсан хүн нь Юндэндорж. Цалингаа нэмүүлсэн шударга шүүгчдийн мандуулсан туг нь Юндэндорж. Шүүхийн энэ өөрчлөлтийг өнгөн талаас нь харвал ялзрал мэт авч мөн чанартаа ялзрал бус ариусал гэнэ. Шүүгч нар авч байсан авлигынхаа оронд өндөр цалин хүртээд ариусдаг байж. Харин авлига өгч ял завшдаг гэмт хэрэгтэн нар алтан нутаг хам шүүгчдээ баяр хүргэдэг бол уу яадаг бол. Авлига өгсөн авсан хоёр хоёул гэмт хэрэгтэн. Нэгний нь цалинг нэмээд нөгөөгий нь авлига авагч шүүгчгүй болгоод шоронгийн хаалгыг нь нээчихэв. Шүүх хээл хахуульд идэгдсэнээс аргаа барахдаа шүүгчдийн цалинг огцом нэмлээ гэж ойлгогдов. Шүүхиин шийдвэр танагтай гарч буй бол тарчиг төсөвтэй улс энэ арга хэмжээг эдийн засгийн хямрал өнгөртөл авахгүй. Ингэхээс аргагүйд тулжээ.

Цалингаа хэдэн саяар өсгөж дөнгөсөн шүүгч нар хууль зөрчиж, ял завшаад яваа хуучин учраа том авлигачдад юуны өмнө эр бяраа үзүүлэх ёстой. Олон сая цалингийн хүч үзүүлээд өгнө гэх горьдлого нийгэмд үүсэв. Алга таших л үлдлээ. Эхлээд гарын үсгээ хэдэн тэрбумаар үнэлж, бүтээн байгуулалтыг гацаадаг төр засгийн оройд заларсан ланжгарууд өртөх ёстой. Хувь хишиг өгөхгүй бол гарын үсэг зурахгүй гэж чагталж байгаад хагартлаа баяжсан эрхмүүд Америкт байр авдаг жишиг тогтсоныг “Өдрийн сонин” сөхөв. Шүүгчдийн цалинг өөд нь шидсэнээр том хулгайчдын гадаадад тэмүүлэх мөрөөдөл дашийн шог болох юм байна. Харж л сууя. Хууль үйлчлэхээ больсон олигархиудыг хунихгүй аваас шүүгчдийн цалинг нэмээд утгагүй. Ядмаг төсвөө сунчиндуулан байж шүүгчдийн цалинг суга нэмсний бодит үр дүн гарахгүй бол Юндэндорж багш та юу гэж лекцдэх вэ. Хөгжилтэй гүрний жишиг л ярина биз дээ. Гэмт хэрэгтэнд таарсан ял өгдөг шүүгчид, бүх ард түмнээ өндөр боловсролтой болгох багш нар, хүн амаа эрүүл болгох эмч нарын цалин гээд яривал яах вэ? таван саяыг өгөхгүй бол хүүхдэд чинь ном заахгүй, таван саяыг өгөхгүй бол өвчнийг чинь эмчлэхгүй гэх багш эмч байхгүй нь сайхан юм. Гэхдээ шүүгч нарын увайгүй зан тэдэнд үсэрчих вий. Шударга шүүх чухалтай адил эрүүл боловсролтой иргэд ч чухал. Цалин нэмснийг эхлээд шүүмжлэхээ азнаж, нэмэгдсэн цалингийн дайтай бугшмал хэрэг ял сонсов уу гэдгийг олон нийт хянах л үлдлээ. Цалингаа нэмсэн шүүх засаглал улам нээлттэй улам тунгалаг болох биз. Шүүгчид өөрсдийгөө төр улсаа авран хамгаалагчид гээд үйлчлүүлж буй иргэдийг дайсан мэтээр доромжилж гомдоодог хэнхэг үзлээсээ салбал ядаж зүгээр сэн. Өндөр цалингаар шүүх сайхан болно гэж горьдоход щүүгчид нь бахь байдаг монгол хүмүүс шүү дээ гэж бодохоос эргэлзээ төрөх юм.

ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж ерөнхий сайдыг түр орлосон агшнаа овжин ашиглаж, сүүлийн үеийн гайгүй нисдэг тэргээ Оросын хулхи нисдэг тэргээр солих Засгийн газрын тогтоолд (эсэргүүцсэн сайд нарыг загнаж байгаад) гарын үсгээ зурж, хоёр нисдэг тэргэний үнийн зөрүүг салбартаа авсан нэрээр зэлрүүлсэн гэх яриа бий. Хулхи нисдэг тэрэг ойд хүч алдаж гавъяат нисэгч Сугарын удирдлагаас гарч сүйрсэн. 15 гал сөнөөгч залуу хөнөөсөн Ц.Нямдорж одооноос дулаан хувцсаа бэлдэж байхад гэмгүй байх. “Азийн чоно” архиар арван хэдэн хүн тонилгоод өдий хүртэл бултсан гол нууц ноёд олон саяын цалинтай шүүгч нарын чанга гараас мултрахгүй нь ойлгомжтой. Буудах тушаал цаасан дээр үйлдэж баримт үлдээлгүй, амаар үүрэгдэж дөрвөн залуу тонилгосон гэх С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарын хэргийг хараат бус болсон шүүгч нар үнэн мөнийг зоригтой тогтоож, олон нийтийн хардлагыг нэг тийш болгох нь дамжиггуй. Ингэж чадсан нөхцөлд цалин нэмсний ашиг гарна. Шүүгчид өндөр цалинтай болсноор халдашгүй дархан эрхт “амьтад”-ын наранд явах хоногийн тоо гүйцэх учиртай. Газрын наймаагаар баяжсан гэх М.Энхболд, Ц.Батбаяр, Г.Мөнхбаяр нар авсан юмаа улсад эгүүлэн тушаахаар эртхэн боож баглаж байсан нь дээр биз. 14.2 тэрбумаар казинодож улсыг хохироогоод өдий хүртэл улсын хохирлыг барагдуулахгүй зэлэрч яваа У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай нар сүйтгэлд өгөх мөнгөө тоолж байх нь зүйтэй бол уу. Ёо оо ёо. Мөн ч гоё гоё юм болох нь ээ.

Авилга хээл хахуулиас ангид бие даасан хараат бус дархлаагаа мөнгөөр “вакциндуулсан” шүүгч нарын сүр хүчний өмнө, үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтэд ил дол болсон Ё.Отгонбаяр, Сү.Батболд, С.Баярцогт, Даш.Зоригт, Л .Гансүх мэт нь юу болох юм бэ. Ёстой инээдэмтэй л байна. Олон саяын цалинтай авилга хээл хахуулийг үл тоомсорлогч шүүгч нарт муу Т.Бадамжунайн чихдүүлэх цаг морилон иржээ чааваас. Мөнгөөр сонгуульдаж төрийн эрх авсан нөхөд ч цөм дээлээ толгой дээгүүрээ нөмөрнө. Улаанбаатарыг хорт утаагаар угаартуулж буй “Аморе интернешнл” компанийн захирал, түүнд тендер арын хаалгаар олж өгсөн нууц ноёнтон нар аавын хаалга татах энүүхэнд. Хэрэг нь замхардаг луйварчин хулгайч нарын заль мэх бүгд будаа болж, эх орон цэвэрших цаг иржээ. Ард түмэн минь энэ бүгдэд алга ташихад бэлтгэн, цалин нь амаараа асгарсан шүүгч нарын амжилтыг хөгжөөн дэмжээрэй. Сонин телевизээр хэдэн жил улигласан тоймтой хэдэн хэргийг л би дурдлаа. Энэ хэдэн дуулианыг яллах ёстойгий нь яллаж, цайруулах ёстойгий нь цайруулаад нэг мөр шийдчихвэл олон нийтийн бухимдал арилж нийгэм тайвшрах сан.

Олон саяын цалин ус руу хаясан чулуу шиг чимээ тасраад урьдынх шигээ томчуудын толгойг илээд, жижгүүдэд хатуурхаж хилсдүүлдэг бахь байдаг хуучин алаг үзлээрээ цааш сажилбал яана аа. Эх оронч ухамсар нь ноолийг заачихсан, ард олноо гэх сэтгэлгүй зөвхөн мөнгөөр ажиллах мөрийн хөтөлбөртэй шүүгч нар маань дахиад сар бүр арван саяыг нэмж өгөхгүй бол авилга, хээл хахуулийн замаар ажиллаа гэвэл ард түмэн юугаа хэлж хуйхаа маажна аа. Шүүгчид, шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хуулиас давсан эрх мэдэлтэн, хөлсний сонин, телевиз бүгдээрээ нийлээд Монгол орон. Яалтай ч билээ дээ эрхэм хүндэт Ерөнхийлөгч минь.

 

 

 

Цэвдийн ДОРЖГОТОВ


URL:

Сэтгэгдэл бичих