Цэргийнхний барилгыг балгас болгосон хэрэгтнүүд

Орон сууцЭх орноо хамгаалж явсан, энэ цагт ч үүргээ гүйцэтгэж байгаа цэрэг эрсээ хүндэтгэх баяр удахгүй тохионо. Төр засаг, салбарын яамд нь жилд ганц удаа тохиодог энэ баяраар баатруудын хөшөөнд цэцэг өргөж, хэдэн ахмадууддаа хүндэтгэл үзүүлээд өнгөрдөг. Уг нь газар шороогоо хамгаалж явсан, одоо ч хил дээр хөхөрч зогсоо цэргүүдийн амьдралд багахан ч болов тус болчихмоор үйл хийвэл сайнсан. Ингэж бодохын эхэнд яалтчгүй өнөөх цэргийн албан хаагчдад амалсан 300 айлын орон сууц санаанд бууна. Хоёр жилийн өмнө тухайн үеийн Батлан хамгаалахын сайд байсан Л.Бод цэрэг армиар овоглогддог 300 өрхийг өөд нь татаж орон сууцанд оруулахаа амлаж байсан юм. Гэтэл амлалт нь молиго болж, Монгол цэргийн музейн хашаанд дутуу боссон барилга нь балгас болж үлдэв. Тэгээд зогсохгүй улсын төсвийн “багагүй хөрөнгийг үргүй зарлагадсан хэрэг үүсчээ.
Баянзүрх дүүргийн долдугаар хороонд байрлах Монгол цэргийн музейн хашаанд 2011 оноос цэргийн албан хаагчдын 10 гаруй тэрбум төгрөгийн төсөвтэй 300 айлын дөрвөн блокоос бүрдсэн орон сууцны барилгын суурийг тавьсан юм. Анх 230 айлын орон сууцны гэрээтэй байсан ч 70-аар нэмэгдэж 300 айлынх болсон. Уг барилгын гүйцэтгэгчийг нэрлэхэд адармаатай. Анх УИХ-ын гишүүн асан “молекул” Б.Батбаярын хүүгийн “Спейшл” компани санал ирүүлсэн ч өмнөх бүтэлгүй туршлагаас нь болж Сангийн яамнаас санхүүжилт өгөхөө татгалзсан гэдэг. Төд удалгүй “ХөМоТэ” гэх компани тендерт шалгарч санхүүжилтийг нь авчихсан. Сураг сонсох нь уг компани анх санал ирүүлсэн “Спейшл” компанийн хувилбар гэх. Ингээд “ХөМоТэ” компани ажлаа эхлүүлэх нэрээр санхүүжилтээ авсан мэдээлэл зарим хэвлэлд нийтлэгдэж байв. Өөрөөр хэлбэл, барилгын бүх зардал болох 10,3 тэрбум төгрөгийг урьдчилаад авчихсан юм билээ.

Бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэлийн хэмжээгээр нь санхүүжилт олгодог журам байдаг. Гэтэл ажлын эхэнд бүх хөрөнгөө гаргуулаад авчихсан нь шийдвэр гаргах төвшний олон хүмүүсийн гар оролцсон гэж хардах эрхтэй. Лав л салбарын яамныхан гар дүрэлцсэн, улсаас гаргуулсан 10 гаруй тэрбум төгрөгийн тал хувийг авч байсныг нэгэн хэвлэлд дурджээ. Үүнийг батлах шиг түрүүлээд санхүүжилтээ авчихсан “ХөМоТэ” буюу “Спейшл” хөрөнгө хүрэхгүй гэж унжсан гэдэг. Барилгын ажлыг гүйцээхэд дахиж мөнгө шаардлагатай гэж. Тэдний балгаар хоёр жилийн өмнө салбарын сайдаас байрны эрх гардсан цэргийн албан хаагчдыг “ХөМоТэ” компани багагүй хугацаанд чирлээ. Гэрээ ёсоор 2012 онд оршин суугчдыг хүлээж авах байв.

Харин одоо дөнгөж барилгын суурь боссон төдий байдалтай байна. Албаныхны хэлж буйгаар барилгыгг ажил 70 хүрэхгүй хувьтай гэнэ. Өнгөрсөн жил барилга дээр хэд, гурван хүн ажилласан ч ажил дорвитой урагшлаагүй бололтой. Үүний хажуугаар тус 300 айлын орон сууцны дулааны асуудал хүндрэлтэй байгаа гэнэ. Гүйцэтгэгч компани анхнаасаа техникийн нөхцлөө аваагүй байснаас дулааны шугам сүлжээ татах боломжгүй гэж Дулаан шугам сүлжээ компаниас мэдэгджээ. “УС-15″ станцаас тусламж хүссэн ч ачааллаа дийлэхгүй гэжээ. Тэгэхээр тус барилгын дулааны асуудал нэг мөр цэгцрээгүй төдийгүй шийдэгдэх эсэх нь бүрхэг байна.

Ямартаа ч улсын хөрөнгийг бөөнөөр нь гаргуулсан, зориулалтаар нь ашиглаагүй зэрэг үндэслэлээр гүйцэтгэгч, компанийхнийг АТГ-т шалгаж байна. Энэ хэрэгт салбарын яамны хүмүүс ч холбогдсон байж болзошгүй гэнэ. Учир нь хоёр, гурван жил дамнан албан хаагчдынх нь нүдийг ширгэтэл буй асуудалд дорвитойхон хариу үйлдэл хийхгүй чимээгүй байгаа нь дээрх хэрэгт гар дүрэлцсэн гэхүү.

 
Б.ЗОРИГ


URL:

Сэтгэгдэл бичих