Авто зам, гүүр, замын байгууламжийн ашиглагч, зорчигчдын анхааралд
Хаврын улирал эхэлж, газрын гадаргын цасан бүрхүүл, голын мөс хайлах, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, анхааруулах арга хэмжээг тухайн орон нутгийн авто зам, гүүр, замын байгууламжийн ашиглагч байгууллагын зүгээс авах, зорчиж буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчид анхаарал сэрэмжтэй байхыг МХЕГ-аас зөвлөж байна.
1. Төрийн захиргааны төв байгууллагаас олон улсын болон улсын чанартай авто замын хариуцагч байгууллагуудад зам, гүүр, замын байгууламжийн засвар арчлалтын ажлыг технологийн дагуу гүйцэтгэх, үзлэг шалгалтыг хийх, шаардлагатай нэмэлт ажлыг гүйцэтгүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үер, шар усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг удирдан зохион байгуулах;
2. Аймаг, орон нутгийн захиргааны төв байгууллага, хэрэгжүүлэгч агентлаг Тээвэр, авто замын газраас тухайн нутаг дэвсгэрт байршилтай орон нутгийн чанартай авто зам, гүүр, замын байгууламжуудыг паспортжуулж, замын сүлжээний бүртгэлд баяжилт хийж, ашиглалт хариуцагчийг тодорхой болгож, үер, шар усны аюулаас урьдчилан сэргийлэхэд мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах;
3. Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, аймгуудын тээвэр авто замын газрууд зорчигч тээврийн хэрэгслийг аюулгүй зорчих нөхцлийг хангуулах арга хэмжээг авахуулах, гүүрийн тооцоот даацад тохирсон хөдөлгөөнийг нэвтрүүлэх, анхааруулах, мэдээлэх ажлыг зохион байгуулах;
4. Бүх гүүрүүдийн тооцоот даацыг анхааруулсан, зорчих тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх тэнхлэгийн болон бүх жингийн мэдээлэх, хориглох болон бусад шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээг MNS 4597:2003, MNS 4759:2003, MNS 4596:2007 стандартын дагуу байршуулах;
5. Гүүрийн ашиглалтын байдалд хяналт шалгалтыг гүйцэтгэж, шаардлагатай мэдээлэл, баримтыг тухайн байгууламжийн холбогдох хариуцагч байгууллагад хүргүүлж, “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын техникийн шаардлага”-ын дагуу зохих арга хэмжээг авахуулах;
6. Авто замын зурвас газар, гүүр, хоолойн хэсэгт байгаа хог хаягдал, малын сэг зэм, том жижиг хэмжээний хатуу болон зөөлөн материалын хаягдлыг цэвэрлэх, гол горхины урсгал гольдрилыг чиглүүлэн засах, урсгал залах далан, шуудууг сэргээн засварлах, мөс цөнгийн бөөгнөрөл түрэлтээс хамгаалахын тулд голдиролын доторх гүүрийн тулгуур, урсгалын хурднаас хамааруулан норм дүрэм, стандартын шаардлагын дагуу мэргэжлийн байгууллагаар мөс зүсэгчийг байршуулах, засварлах, тулгуур, мөс зүсэгчийн эргэн тойронд хөрс угаагдалтанд орохоор байвал шаардлагатай хамгаалах арга хэмжээг авах;
7. Зорчигч, тээврийн хэрэгсэл батлагдсан замын маршрутаар зорчиж, голын ус хайлах, шар усны үер болох, мөс цөмрөх магадлалтай газраар нэвтрэхгүй байх, даацын зөвшөөрөгдсөн гүүр, замын байгууламжаар зорчих;
8. Иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар ашиглалтын нөхцөл байдал нь шаардлага хангаагүй, эвдрэлтэй гүүр, замын байгууламжийн талаарх мэдээллийг МХЕГ, тухайн орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар болон бусад холбогдох байгууллагуудад өгч, зохих арга хэмжээг холбогдох байгууллагууд авч хэрэгжилтийг хангуулан ажиллах шаардлагатай байна.
URL: