Шүлхийтэй холбоотой луйврийн хэрэгт нэр холбогдоод буй “СВС” компанийг АТГ -аас яагаад шалгахгүй байна вэ?
Хугацаа нь дууссан вакцинаас эхлээд хөлдүү вакцин оруулж ирсэн. Мөн салбар хариуцсан яамны Төрийн нарийн бичгийн дарга нь “Шүлхийтэй малын махыг ард түмэнд хэрэглэж болно” гэж зөвлөсөн зэрэг тус яамныханы хариуцлагагүй үг, үйлдэл одоог хүртэл олны дургүйцлийг хүргэсээр байна.
Энэ мэт шүлхийтэй холбоотой хэл, ам тасраагүй байтал уг яамны талаар дахин ноцтой баримт дэлгэгдэв. Тодруулбал, Шүлхий өвчин газар авах үед гадны орноос вакцин оруулж ирэх эрхийг авсан “СВС” компанийг Монголд бүртгэлгүй болохыг Орос улсын “Мал эмнэлэгийн эм бэлдмэл” заводоос олон нийтэд зарлалаа.
Шүлхийн эсрэг вакцин нийлүүлэх тендерт шалгарсан “СВС” компани нь 2.5 тэрбум орчим төгрөгийн 1.6 сая вакциныг Улаанбаатарт авчрахдаа, хадгалах, тээвэрлэх горимыг нь зөрчиж хөлдөөж байсан түүхтэй. Үүнийг газар дээр нь вакцин хүлээж авсан ажлын хэсгийн гишүүдийн гарын үсэгтэй протокол нотолдог. Ийм байтал Үйлдвэр Хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлэг, үржлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан чанаргүй вакцин хүлээж авсан албан бичгээ үгүйсгэж, тус компанийг өмөөрч хэвлэлээр мэдээлэл хийсэн нь үнэхээр олны гайхшрлыг төрүүлээд байгаа. Гэтэл нөгөө өмөөрөөд байсан алдарт “CBC” компани нь ОХУ-ын Мал эмнэлэгийн эм бэлдмэл заводод нийт 61 мянган ам.долларын өртэй болж таарсан бөгөөд одоог хүртэл төлөлгүй зугатаж байгаа гэнэ. Тодруулбал, “CBC” компани нь 61 мянган ам.долларт тохирсон “Креолин-Х” гэх бэлдмэлийг тус заводоос авчихаад ор сураггүй алга болсон байна.
Тиймээс ОХУ-ын Мал эмнэлэгийн эм бэлдмэл заводын нээлттэй хувьцаат нийгэмлэгийн тэргүүн М.Л.Яхаев энэ талаар улс дамнан мэдээлж, ийм компани Монголд бүртгэлтэй эсэхийг шалгуулахаар арбитрын шүүхэд ханджээ. Харин арбитрын шүүх хариуд нь “CBC” гэдэг компани Монголд байдаггүй гэсэн хариуг өгсөн байна. Хэрэг нэгэнт ийм болсон учир ОХУ-ын Мал эмнэлэгийн эм бэлдмэл завод “СBC” компаниас мөнгөө олж авахын тулд боломжтой бүх аргыг хэрэглэхээр шийджээ.
Гэтэл мөнгийг нь өгөлгүй бултаж байгаа компани нь Монголын Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны тендерүүдэд оролцдог гэдгийг ОХУ-ын Мал эмнэлэгийн эм бэлдмэл заводын тэргүүн М.Л.Яхаев мэдээд ихэд гайхжээ. Харин монголчуудыг битгий хэл оросуудыг хулхидаад байгаа хүн нь Батсуурийн Мөнхбаатар гэдэг хүн юм байна. Б.Мөнхбаатар нь “CBC” компанийн захирал аж.
Нөгөөтэйгүүр төрийн мөнгөөр ажил хийх гэж буй компанийг Үйлдэр хөдөө аж, ахуйн яамныхан яагаад шалгасангүй вэ гэдэг асуулт гарч ирж байна. Ядаж Монгол улсад бүртгэлтэй эсэхийг судалж болоогүй гэж үү. Ямартай ч тендерт шалгаруулсан Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхан Монголд байхгүй компанид 2.5 тэрбум орчим төгрөгийн ажил өгсөн болж таарлаа. Мөн “CBC” компанид вакцин оруулж ирэх эрхийг өгөхөд аль нэг албан тушаалтан тусалсан байх магадлалтай аж. Харин тэр тусалсан хүн нь ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал хэмээн эх сурвалжууд хэлж байна. Учир нь хуулийн дагуу яамны төсөв хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан нь төрийн нарийн бичгийн дарга байдаг.
Тэгэхээр энэ бүхний цаана авлигалын хүчин зүйл байна уу гэдэг нь зайлшгүй олон нийтийн анхаарлыг татаж, ард иргэдийн эргэлзээг төрүүлж байна. Уг нь энэ тохиолдолд “СВС” компанийг АТГ-аас шалгах ёстой. Шүлхийтэй холбоотойгоор сэжиглэж болох их хэмжээний мөнгөний асуудлууд гарч ирсээр байтал АТГ-аас үүнийг шалгахгүй байгаа нь сонин байна. Цаашлаад шүлхийн вакциныг тендергүйгээр энэ компанид нийлүүлэх эрхийг олгосон эзнийг нь ч мөн шалгах ёстой билээ.
Гэтэл одоог хүртэл шалгаж байна гэх чимээ ч сонсогдохгүй байна. Хамгийн харамсалтай нь 61 мянган долларыг нь хулхидаж хөрш улсдаа маш бүдүүлэг зан гаргасан “CBC” компанийг нарийн шалгаж, хариуцлага тооцох нь битгий хэл дахин томоохон төсөл хөтөлбөрт хамруулахаар бэлтгэж байгаа талаарх ноцтой баримтыг та бүхэн дээрх зургаас харж болно.
URL: