Б.Хурцын шүүх хуралд Монголын төрийг төлөөлж оролцох хүний нэр тодорсон ч нууцалж байна
Олон авлигачийг илрүүлсэн Монголын Тагнуулын газрын дарга хүн гэхчлэн Английн хэвлэлүүдээр бичигдэж байгаа түүнийг Лондонгийн шүүх Франц руу шилжүүлэх шийдвэр гаргах уу, эсвэл Европын холбооны хууль журмын дагуу шууд хариуцлага тооцох уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Хэрэв түүнийг Франц эсвэл Германы талаас тавьсан хүсэлтийн дагуу тус улсуудын аль нэг рүү шилжүүлэхээр шийдвэл, 15-ны өдрийн үйл ажиллагаа нь шүүх хурал биш болно. Гэм бурууг нь шүүх ёстой газар руу нь явуулна гэсэн үг.
Тэгэхээр, хүний амиар тоглосон мөртлөө хувиралгүй царай гаргадаг эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцох сэжүүр болсон Б.Хурцын гэх хэргийг Европын холбоо үнэн мөнөөр нь тогтоож өгөхийг хүсэж буй олон хүн Монгол улсад бий гэдэгт эргэлзэхгүй байна. Хэдийгээр улстөрийн золиос, аллага гэдэг зүйл хөшигний араас удаан жилийн дараа, хариуцлага хүлээх субьект нь эрх мэдлийн тавцангаас буусан цагт илэрдэг жишиг бусад улс оронд бий ч, манай тухайд өөр замыг сонгож болохгүй гэх хууль бий гэж үү. Бид олон улсын өмнө үнэн нүүр царайгаа илчлэхэд ичиж зовоод байх шаардлагагүй юм.
Цаасан дээр байгуулсан энэрэнгүй сайхан нийгмийг амьдрал дээр цогцлоохын тулд энэ зам нь зөв биз ээ. Харин тэр нийгэмд нь иргэн бүр амар жимэр амьдрах боломжоор хангагдаасай, гол нь иргэнийхээ амьд явах эрхэнд нь Төр нь шууд халддаг энэ бурангуй байдал эцэслэгдээсэй. Төрийн эрхэнд гарснаар сувдаг эрх ашгаа бүрэн дүүрэн хангахын төлөө эрмэлздэг, тэрэндээ ханаж цадахаа мэддэггүй хүмүүс иргэдийнхээ амиар тоглочихоод огт ажирдаггүйн тод жишээ 7-н сарын 1-нд амиа алдсан 5 иргэний амь нас билээ.
Үүнийг энд дурдахын учир нь Монголд хүний амийг хэрхэн яаж үнэлдэг юм бэ. Хүний амь гэдэг ширхэг тэвнийн гарзгүй зүйл юм уу. Тэгвэл хүний амийг “амь” шиг үнэлдэг төртэй Монгол улс болж ирэх жилүүдэд төлөвшихөд Б.Хурц Лондонгийн шүүхэд үнэн үгээ хэлэхээс тодорхой зүйл хамаарна. Тэр гүйцэтгэгчийн хувиар үнэнийг хэлэх ёстой. Магадгүй, тэр нь “гавьяа” ч болж мэднэ.
15-ны өдөр Б.Хурцыг Английн өмгөөлөгч Макдональдс өмгөөлнө. Харин шүүх хуралд Монголын төрийг төлөөлж явах нэг эрхмийн нэр тодроод байна. Түүний асуудлыг шийдэх үүргийг хүлээн байгуулагдсан Ажлын хэсгийн дарга Д.Ганхуяг тэр эрхмийн нэрийг нь хэлэхээс болгоомжилж байгаа бололтой. Шүүх хурлыг 1 цагийн хугацаатай үргэлжилнэ гэж үзэж байгаа бөгөөд өмгөөллийн хөлсийг нь Лондон дахь Монголын ЭСЯ-наас гаргаж болох талаар өчигдөр ярилцсан байна.
Э.Болорхажид
URL: