Австралийн хэвлэлд Өмнөд Солонгос Монголоос 325,000 га газар худалдан авсан гэж бичжээ
УИХ Газрын тухай шинэ хуулийг хэлэлцэн батлахаар зэхжээ. Гэхдээ энэ хуулийг батлах хэд хэдэн шалтгааны нэг нь одоогоос дөрвөн жилийн өмнөх нэг үйл явдалтай холбоотой болж таарсан юм.
2010 онд Өмнөд Солонгос Монголын Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дэвсгэрийг 99 жилээр түрээслэн авч байгаа тухай шуугиан дэгдсэн билээ. Олон улсын хүнсний байгууллагууд ийм явдлыг “колоничлол” гэж нэрлэдэг байна. Энэ нь юуны өмнө дэлхий нийт хүнсний хомсдолтой нүүрлэсэн үед Монгол хүнсний хангамжаа харийханд алдсан хэрэг байв. Үүнээс гадна, мэдээж хэрэг 100 жилийн дараа Халх гол суманд монгол хүн, монгол юм үлдэх үү гэсэн тусгаар тогтнолын ноцтой асуулт тавигдав.
Олны шуугиан идвэхжсэн, мөн 2012 оны сонгууль дөхсөн тул манай дарга нар ч энэ талаар тайлбар хийхээс өөр аргагүй болов. Тэд шуугиантай холбоотойгоор Монгол нь Өмнөд Солонгост ийм их хэмжээний газар түрээсэлсэн буюу худалдсан гэдэг нь худал мэдээлэл бөгөөд хамгийн гол нь Монгол Улсын хуулиудаар гадаадын иргэн, аж ахуйн нэгжид газар түрээслэх, өмчлүүлэх зүйл заалт байхгүй гэсэн мэдэгдэл хийж байсан юм.
Гэвч удалгүй Монголын эрх баригчид Солонгост Халх голын сав газрыг 100 орчим жилээр түрээслэх бус, харин 30,000 га тариалангийн газар худалдаж байгаа гэсэн мэдээг Өмнөд Солонгосын “koreaittimes.com” гэдэг сайтад байршуулжээ. Гэтэл “golomt.org” сайтад энэ нь 30,000 биш 330,000 га газар буюу бүхэл бүтэн нэг сумын нутаг байсныг тооцоолж илрүүлсэн мэдээлэл тавигдав. Харин Монголд олны шуугиан хурцадсаны дараахан “koreaittimes.com” цахим сайт мэдээнийхээ гарчиг, агуулга дахь “худалдаж авсан” гэдэг үгийг “түрээслэн авсан” болгон өөрчилжээ.
Хэдийгээр Өмнөд Солонгосын сайт мэдээнийхээ агуулгыг өөрчлөн зассан боловч Австралийн http://futuredirections.org гэдэг судалгааны сайтад Өмнөд Солонгос Монголд 325,000 гаруй га газар худалдан авсан тухай мөн л мэдээлсэн байх юм. Тодруулбал, энэ сайтад “Өмнөд Солонгосын засгийн газар хүнсний үйлдвэрлэлийн өөр нэг бааз хөгжүүлэх хүчин чармайлтаар Монголд 325,000 гаруй га газар саяхан худалдаж авлаа” гэж бичжээ. Үүнээс үзвэл Монгол Улс газар нутгаа харийнхны мэдэлд өгч байгаа гэдэг нь олон улсад аль хэдийн тодорхой болжээ.
Одоо Монгол Улсад газар нутгаа харийханд түрээслүүлэх, өмчлүүлэх явдлыг хуулиар баталгаажуулах ажил л үлдсэн. 2012 оны сонгуулийн өмнө манай эрх баригчид гадаадын иргэн, аж ахуйн нэгжид газар түрээслэх, өмчлүүлэх хуулийн боломж манай улсад байхгүй хэмээн мэдэгдэж байлаа. Гэвч одоо тэд ирэх чуулганаар газрын тухай шинэ хуулийг хэлэлцэн батлах, ингэхдээ үүндээ гадаадын аж ахуйн нэгжид газар нутаг өмчлүүлэх, түрээслэх боломж олгох тухай асуудлыг тусгахаар хэлэлцэж байна.
Газрын тухай шинэ хуулийг батлах ажил урагштай явж байгаа бололтой. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гэх УИХ дахь “Шударга ёс” эвслийн албан мэдэгдлээс үзвэл тус эвсэл харийханд газар нутгаа түрээслэх нь зүйтэй хэмээн үзжээ.
Ш.Т.Лантуу
Дэлгэрэнгүй эх сурвалж:
- See more at: http://gashuun.mn/293#sthash.DwitnLjj.dpuf
URL: