Борлогддоггүй боловсон хүчнийг «үйлдвэрлэж», зах зээлд нийлүүлсээр байх уу

хааисМанай улсын боловсролын системд шинэчлэх зүйл олон бий хэмээдэг. Гадныхан ч ингэж дүгнэдэг. Бид ч үүнийг мэддэг, мэдэрдэг. Гэхдээ хөдөө аж ахуйд түшиглэсэн улс гэдэг утгаараа манайхан энэ алдаагаа энэ салбарын боловсон хүчин бэлтгэхдээ гаргах учиргүй юм. Ялангуяа малын эмч, мал зуйч бэлтгэх тал дээр шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгараад байгаа. Өөрөөр хэлбэл, манай улс одоогоос 90 жилийн өмнөөс мал зүйч, малын эмч гэх хоёр мэргэжлээр боловсон хүчин бэлдэж эхэлсэн. Малын эмч мэргэжлээр суралцагчдад малын эрүүл мэнд мал зүйчдийг нь малын чанар, ашиг шим, тэжээлийн хангамж, арчилгаа маллагааны асуудалд сургадаг байсан. Одоо ч тэр хэвээрээ. Гэтэл одоо цагт энэ систем нь хоцрогдчихоод болоод байна. Ялангуяа манай улсын хувьд ийм хоцрогдол байж болохгүй зүйл юм. Тодруулбал, дээрх хоёр чиглэлээр өч төчнөөн боловсон хүчин бэлтгэчихдэг, тэд нар нь жил бүрийн хавар, зунжингаа дипломоо тэвэрч ажил хайж, дарга нарын хаалга сахин нааш харсан бүхэн рүү царайчилна. Харамсалтай нь гүйгээд гүйгээд мэргэжлийн ажлаа олж хийх нь тэнгэрээс од шүүрэх дайны ховор. Эцэстээ төгсөгчид нь ТҮЦ-ийн худалдагч, цайны газрын зөөгч, угаагч хийнэ чадалтай нэг нь өөр мэргэжлээр дахиад сурна.

Азаар 2009 онд Засгийн газраас “Монгол мал” хөтөлбөр хэрэгжүүлж Мал эмнэлэг, үржлийн тасаг бий болгож сум бүрт нэг мал зүйч ажиллуулах болсон нь энэ мэргэжлийг сонгон суралцаж, төгсөгчдөд багахан ч болов итгэл найдвар
төрүүлсэн болов уу. Яагаад гэвэл энэ хөтөлбөрийн хүрээнд сум бүрт нэг малын эмч байх ёстой гэж заасны үндсэн дээр 330 суманд төдий тооны боловсон хүчин ажлын байртай болсон. Хэрвээ энэ хөтөлбөр хэрэгжээгүй бол жил бүр зөвхөн энэ мэргэжлээр төгссөн 50-60 залуу ажилгүйчүүдийн эгнээнд бүл нэмэх байсан.

Судалгаагаар ХААИС сүүлийн таван жилийн хугацаанд 270 мал зүйч бэлтгэсэн байна. Энэ нь ганц сургуулийн хувьд бага тоо биш. Гэхдээ одоо үунийг өөрчлөх хэрэгтэй. Залуусыг “Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол мал” хөтөлбөр зогсчихгүй байгаа, бидний эзэмшсэн мэргэжлийг жагсаалаас хасчих вий” гэсэн айдас төрүүлэхгүй тайван сурч боловсроод мэргэшсэн малын эмч нар болгохын тулд энэ хоёр мэргэжлийг нэгтгэн, чанартай, чадварлаг, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхийн тулд Австрали, Америк, Канад зэрэг улсын туршлагаас суралцах цаг нь болсон.

Дээрх улсад мал зүйч гэж тусад нь бэлтгэдэггүй, малын эмч гэсэн мэргэжлээр сургадаг. Энэ мэргэжлээр сурч буй оюутныгтөгсөхжилээсньмалын халдварт өвчний, микробиологи, генетик, тэжээл, үржил селекци, био технологи гэхчилэн нарийн мэргэжлээр мэргэшүүлэн сургах буюу магистр, докторын сургалтаар илүү нарийсган бэлтгэж    болно. Малын эмчийн хяналтын дор малын эрүүл мэнд, үржлийн ажлыг явуулсан улс орнууд л халдварт өвчний эрсдэлгүй тайван бүс гэдгээ Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаар хүлээн зөвшөөрүүлж чаддаг. Хамгийн өндөр ашиг шимтэй малыг өсгөж үржүүлж дэлхийн хэмжээнд ноёрхох болсныг дээрх улс орнуудын туршлага ч харуулдаг.

Бид яагаад тэдэн ишг чанартай боловсон хүчнийг цөөн тоогоор бэлтгээд, мал аж ахуйн салбартаа үр дүнтэй өгөөжтэй ажиллуулж болохгүй гэж. Ийм боломж бидэнд байгаа. “Хос морьтой”, чадварлаг боловсон хүчин цөөн тоогоор төгсгөчихөөд тэднийгээ Засгийн газрын элдэв хөтөлбөртэй, хөтөлбөргүй ажлын байртай болгочихоод байвал хөдөө аж ахуйн болон боловсролын салбарын нэг том дэвшил болох учиртай юм. Энэ саналыг тухайн салбарын удирдлага, багш, оюутнууд хэрхэн хүлээн авахыг мэдэхгүй ч улс орны эдийн засгийн томоохон тулгуур багана мал аж ахуйн салбараа бодвол үүнээс зөв шийдэл одоохондоо алга.

 

 
М.УЯНГА


URL:

Сэтгэгдэл бичих