Оюутнуудын 30-40 хувь нь тэтгэлэг авах хэмжээнд суралцдаггүй
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар оюутанд олгодог үндэсний тэтгэлгийн журмыг шинэчилсэн. Энэ талаар БШУЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг шалгууртай олгоё гэсэн чиглэл гаргалаа. Тэгэхээр яг хэзээнээс хэрэгжиж эхлэх үү, ямар ямар шалгуур тависан бэ, судалгаагаар яг хэдэн оюутан хасагдана гэж тооцож байна?
-Их, дээд сургуулиудад тавьж буй шаардлага нь тухайн байгууллага сүүлийн хоёр жилийн хугацаанд төгссөн төгсөгчдийнхөө ажлын байрны талаарх судалгааг тасралтгүй хийдэг байх ёстой. Нийт төгсөгчдийн 30 хувь нь ажилтай байвал тухайн сургуульд суралцаж байгаа суралцагчид тэтгэлэг олгох эрх нь нээгдэнэ. Дээр нь нэгдсэн мэдээллийн сүлжээтэй байх гэдэг шалгуур тавьж байгаа. Мөн оюутанд үйлчлэх, үйлчилгээний төв буюу алба ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, оюутнууд амжилттай суралцахын тулд оюутанд үйлчлэх, мэдээллээр хангадаг тэднийг дэмждэг үүрэг бүхий төвтэй байх ёстой гэдэг шалгуур тавьсан.
Суралцагчдад бол мэдээж голч дүн чухал. Шинээр элсэн суралцагчид тухайн сургуулийнхаа элсэлтийн дүрэм журмын дагуу элссэн байх ёстой. Түүнчлэн тухайн суралцагч нэг улиралд 10-12 багцийн хичээл судлах бөгөөд магистр, доктор, бакалаврын аль нь ч өдрийн ангид суралцдаг байх ёстой. Өөрөөр хэлбэл бүтэн цагаар суралцдаг байх ёстой гэсэн шалгуур тавьсан.
-Ингэснээр хэчнээн оюутан хасагдах бол. Ямар сургуулиуд хасагдах эрсдэл өндөр байна?
-Мэдээж 10-12 багц цаг судалж чаддагүй хүмүүс тэтгэлэг авахгүй. Одоогоор голч дүн 2,0-оос дээш байх ёстой гэж заасан. Өнгөрсөн жилүүдийн судалгаанаас харахад оюутнуудын ойролцоогоор 30-40 хувь нь тэтгэлэг авах хэмжээнд сурч чадахгүй байна гэсэн судалгаа гарсан байгаа. Гэхдээ тэтгэлэг авахын тулд хуурамч дүн тавина гэдэг ч юм уу, янз янзын хуйвалдаан, аргалах байдал бий болгохгүйн тулд ирэх намар нэгдсэн мэдээллийн сүлжээ бүх их дээд сургуулиуд бий болгоно.
Н.Бямбагэрэл: Нийт төгсөгчдийн 50 хувь нь тухайн жилдээ ажлын байранд гарч чаддаггүй
Дээрх асуудлаар МОХ-ны дэд ерөнхийлөгч Н.Бямбагэрэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Оюутны тэтгэлгийн асуудлыг Засгийн газар тогтоол гаргаад шалгуур тавьчихлаа. Үүнд оюутны холбоо ямар байр суурьтай байна?
-МОХ-ны зүгээс Засгийн газраас оюутны нийгмийн баталгааны тухай хуультай холбогдуулж, хуулийн төслийг шинээр өргөн барих үед өөрсдийн байр сууриа илэрхийлж байсан. Яг өнөөгийн нөхцөл байдалд төгсөж байгаа оюутны хэдэн хувийг ажлын байраар төр өөрөө хангаж чадаж байгаа юм бэ, яг мэргэжлийн дагуу ажлын байрыг хэрхэн яаж олгож байгаа юм бэ гэх зэргээр. Бодит байдалд нийт төгсөгчдийн маань 50 хувь нь тухайн жилдээ ажлын байранд гарч чадахгүй байгаа. Тэгэхээр тэтгэлгийн гол шалгуураар ажлын байрыг тавьж байгаа нь зөв үү, буруу гэдэг асуудлыг тухайн үед хөндөж байсан. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тодорхой журмууд гарч ирж байна. Үүнд тухайн сургуулийн 30 хувь нь ажилтай байх ёстой гэдгийг шалгуур болгож тусгаж өгчээ. Нэг талаар тухайн сургууль төгсөгчдөө ажилд зуучлахыг МОХ дэмжиж байгаа. Нөгөө талаар энэ ажлын байр нь төрөөс явуулж байгаа бодлоготойгоо хэрхэн уялдах юм гэдэг асуудал байгаа юм. 100 эрх зүйч энэ жил хэрэгтэй бол бид 300 эрх зүйчийн элсэлт авах шаардлага байхгүй гэдгийг л МОХ тавьж ирсэн. Тэгэхээр энэ журамтай холбогдуулаад тухайн сургуулийн элсэгчдийн зарчимд нэг өөрчлөлт орвол зүгээр юм болов уу гэж бодож байгаа юм. Яг зайлшгүй шаардлагатай мэргэжлийн болон ажлын байрны эрэлт хэрэгцээнд таарсан элсэлтийн журам гаргаж сонгон шалгаруулалт хийхгүй бол маш олон тооны эрэлт хэрэгцээнээсээ давсан мэргэжилтэн бэлтгэгдэж байна. Тиймээс л нийгэмд ажлын байрны хомсдол бий болж байгаа. Тэгэхээр энэ шалгуур үзүүлэлт хангагдахад хүнд байна л даа.
-Үндэсний тэтгэлгийг аваад залуучууд үнэхээр өөрийхөө боловсролд зарцуулж байна уу, үгүй юу гэсэн судалгааг өнгөрсөн хугацаанд оюутны холбоо хийсэн үү. Дийлэнх нь тэтгэлгээ аваад л зугаа цэнгэлд зарцуулж байна гэсэн шүүмжлэл явах болсон?
-Өнөөдөр нийт 170 мянган оюутан энэ тэтгэлэгт хамрагдаж байна. Эдгээрийн хэд нь таны асууж байгаа асуудлын дагуу тэр мөнгийг зарцуулж байгаа вэ гэхээр нийт оюутны тоотой харьцуулахад туйлын бага үзүүлэлт гарна. Тэгэхээр хэвлэл мэдээллийн байгууллага болон олон нийт үргүй зардал гаргалаа. Оюутнууд шоудаж байна гэдэг. Яг бодит байдалд оюутны дотуур байранд амьдарч байгаа, аав ээжээсээ хол байгаа оюутнуудын хувьд энэ олгогдсон мөнгийг хэрхэн зарцуулж байгаа вэ гэвэл үнэхээр амьдралын асуудал гарч ирдэг л дээ.
Ер нь оюутны байгууллагууд 100 орчим оюутантай танхимд ороод “оюутнууд та нар энэ мөнгийг юунд зарцуулдаг вэ, шоудсан оюутнууд гараа өргө” гэхэд тэдний 20 орчим хувь нь гараа өргөж л байдаг. Энэ 100 хүн дотроо 20 хүн гараа өргөж байгаа нь бодьтой л гэж бодож байна. Яг албан ёсны судалгаа авбал оюутнууд шоудаагүй л гэж худлаа хариулна шүү дээ.
А.Өлзий
URL: