А.Ариунболд: Үгсэн хуйвалдах замаар үнэ тогтоосон гэж дүгнэсэн
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дэд дарга А.Ариунболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Удахгүй олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр болно. Та бүхэн энэ өдрөөр юуг онцолж байна вэ?
-Жил бүрийн гуравдугаар сарын 15-ныг дэлхий нийтээр “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байгаа. Бид гурав дахь жилдээ тэмдэглэх гэж байна. НҮБ-аас энэ өдрийг 1985 онд анх зарласан. Тухайн улс орнууд дотооддоо тодорхой нэг салбарынхаа өмнө зорилт тавин шийдвэрлэж байгаа. Энэ жилийн хувьд бид “Үүрэн телефоны хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалъя” гэсэн уриатай ажиллаж байна. Өнөөдөр дэлхийн хэмжээнд 7 тэрбум гаруй хүн гар утас хэрэглэж байгаа. Хэрэглэгчдэд бэрхшээл учирдаг. Манай улсын хэмжээнд ч шийдэх асуудал багагүй бий. ШӨХТГ-аас үүрэн телефоны оператор компаниудын үйл ажиллагаанд хяналт тавьж, шударга өрсөлдөөнийг бүрдүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийсээр ирлээ. Өнгөрсөн онд иргэдээс ирүүлсэн нийт өргөдөл гомдлын 11 хувь нь тэдгээр компаниудтай холбоотой байсан. Энэ бол өндөр үзүүлэлт юм. Дашрамд хэлэхэд, 1995 оноос үүрэн телефоны үйлчилгээ Монголд нэвтэрч эхлэхэд төр засгаас бүх талын дэмжлэг үзүүлж, маш таатай орчинг бүрдүүлж өгч байлаа. Бараг өрсөлдөгчгүйгээр хэдэн жил ажилласан. Тэр үед хамтарч ажиллаж байсан гэрээ нь ч бий. Энэ бүхнийг тухайн компаниуд мартаагүй байгаа байх.
-Олон улсын байгууллагаас ямар зөвлөмж ирүүлэв?
-Олон улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас энэ өдрийг тохиолдуулан таван үндсэн чиглэлээр зөвлөмж гаргасан. Эдгээр нь Монголд өнөөдөр тулгамдаж буй асуудлууд юм. Нэгд, гэрээний эрх, үүргийн асуудал байна. Хэрэглэгч бүхэн компанитайгаа гэрээ байгуулдаг. Энэ нь эрх тэгш гэрээ байж чадаж байна уу, үгүй юү гэдгийг эргэж харах хэрэгтэй байгаа юм. Компаниуд иргэдтэй гэрээ байгуулахдаа зөв мэдээлэл өгч байна уу. Иргэд мэдээлэл дутмагаас болоод хохирох явдал гардаг. Тиймээс үүнд бид анхаарах хэрэгтэй боллоо. Хоёрт, үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгтэй гэж байна. Манайд энэ талын зөрчлүүд гардаг. Заримдаа гар утасны сүлжээ тасардаг явдал бий. Гуравт, төлбөр тооцоог үнэн зөв хийх. Компаниуд төлбөр тооцоон дээрээ шударга хандах нь чухал байна. Багцын үйлчилгээ гэх зэрэг үйлчилгээний төрлүүдэд дутагдалтай зүйл гарч байгаа. Дөрөвт, хэрэглэгчийн хувийн нууцыг хамгаалж чадаж байна уу гэдэг асуудалд анхаарах хэрэгтэй байна. Нууцыг хангах нь иргэдийн хууль ёсны эрхийн асуудал юм. Цаашлаад төрийн нууцтай хамааралтай ч зүйл гардаг. Хүмүүс гар утсаараа янз бүрийн юм ярьдаг шүү дээ. Иймээс энэ тал дээр бид холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах шаардлагатай болж байна. Манайд гадаадын хөрөнгө оруулалттай үүрэн телефоны компаниуд бий. Энд мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалт зайлшгүй чухал юм. Тавд, иргэдийн санал, гомдолыг чирэгдэлгүй, шуурхай барагдуулдаг байхыг зөвлөж байна. Энэ бол манайд бас л асуудал үүсгээд байгаа зүйл юм.
-Үүрэн телефоны компаниуд иргэдийн санал, гомдлыг шуурхай барагдуулж чадахгүй байна уу?
-Энэ тал дээр бид 2014 он гарснаас хойш нэлээд шаргуу ажиллаж эхлээд байгаа. Үүрэн телефоны компаниудын удирдлагуудтай уулзсан. Ойрын үед иргэдийн өргөдөл гомдлыг барагдуулдаг нэгдсэн журамтай болохыг шаардаж байна. Ажлын хэд хоногт багтааж гомдолыг байрагдуулах юм, 30 хоногт гээд суугаад байх уу. Эсвэл гурав хоногийн дотор гомдол, өргөдлийнх нь мөрөөр арга хэмжээ аваад хариу мэдэгдэж байх юм уу. Тодорхой заалттай журам байх учиртай.
-Өргөдөл, гомдлыг одоо хэд хоногт шийдэж байгаа вэ?
-Үүдэн телефоныхон янз бүр л байгаа. Ямартай ч түргэн шуурхай, чирэгдэлгүй байх нь чухал. Энэ сарын 15-ны дотор үүрэн телефоны компаниуд манай газарт өөрсдийн шинэчлэн боловсруулсан журмаа ирүүлнэ. Тэдгээрийг нь бид хянаж үзээд нэгдсэн нэг журамд шилжүүлнэ. Хэрвээ хэрэглэгчийг ямар нэг байдлаар хохироосон бол хохирлыг заавал барагдуулдаг байх ёстой. Тухайлбал, таарч тохирсон тодорхой хэмжээний нэгжийн урамшуулал олгох ч юм уу. Аль нэг шийдлийг нь зөв олж, иргэнийг хохиролгүй болгоно.
-Дээрх таван зорилтын хүрээнд танайх өөр юу хийх вэ?
-Уламжлалт ажлууд бий л дээ, хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зарладаг, эрдэм шинжилгээний бага хурал хийдэг гэх мэт. Үүрэн телефоны компаниудын хувьд хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх үүднээс бид зөвлөмж гаргана. Иргэдийн эрх хаана, хэрхэн зөрчигдөж буйг судалсны үндсэн дээр энэ ажил хийгдэнэ. Дээр хэлсэн тэрхүү нийт санал гомдлын 11 хувь нь үүрэн телефоны асуудлаар гарч байгааг цаашдаа аль болох бууруулахын төлөө ажиллана гэсэн үг юм. Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрөөр үүрэн телефоны оператор компаниуд өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах өдөрлөгүүдийг зохион байгуулна. Энэ өдрөөр гол нь хэрэглэгчдэд зөв мэдээлэл өгөх явдал чухал. Гэрээний нөхцөлүүдийн талаар ч тодорхой ярих байх. Энэ өдрүүдэд иргэд маань өөрт тохиолдсон асуудлаа тухайн компанид тавьж шийдвэрлүүлнэ. Компаниуд нээлттэй байх болно.
-Секундээр төлбөр тооцдог үйлчилгээнд хамрагдсан, хамрагдаагүй гэсэн маргаан тасраагүй бололтой. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Секундээр тооцдог үйлчилгээ нь олон үйлдэл шаарддаг систем юм. Тодорхой хэмжээний хөрөнгө санхүүгийн асуудал ч гардаг. Үүрэн телефоны компаниуд өнгөрсөн оны гуравдугаар сараас Харилцаа холбооны зохицуулах газартай хамтраад секундын үйлчилгээний багцыг гаргасан юм. Харамсалтай нь үнэ өндөр тогтоогдсон байна лээ. Дунджаар үзэхэд нэг секундын үйлчилгээний үнэ 2 төгрөг орчим байгаа юм. Хуучнаар 60 секунд буюу нэг минутын үйлчилгээтэй харьцуулахад энэ бол өнөдөр үнэ л дээ. Нэг минутын үйлчилгээ нь 60-70 төгрөг байгаа. Үүнийг секунтэд хуваахад нэг секунтын үйлчилгээ 1 төгрөг орчим гэж гарч байна шүү дээ.
-Секунтын үйлчилгээнд олон хүн хамрагдсан уу?
-Секундын багц гарснаас хойш жил боллоо. Өнөөдөр энэ үйлчилгээг улсын хэмжээнд дөнгөж 28 хүн аваад байна. Үүнээс Мобикомд 26 хүн, Юнителд 2 хүн ийм үйлчилгээ авчээ. Тэгэхээр энэ бол ашиггүй болж байгаа юм. Өнгөрсөн оны 11 дүгээр сард манай газраас хяналт тавьж дүгнэлт гаргасан шүү дээ.
-Хуурамчаар үнэ тогтоосон уу?
-Манай улсын байцаагч нар ажилласан юм. Тэгээд дүгнэлтэндээ үүрэн телефоны компаниуд үгсэн хуйвалдах замаар үнэ тарифаа тогтоосон гэж дүгнэсэн. Ингээд маргаан үүсчихээд байна.
-Хэрэглэгчид барьцааны мөнгөө буцааж авч чадаж байна уу?
-Нийтдээ 15 тэрбум орчим төгрөг барьцаа хэлбэрээр байршиж байна. Тухайн компани эрсдэлээс хамгаалах үүднээс барьцаа авч болдог л доо. Хамгийн гол нь барьцаа мөнгө өгсөн хүн өөрөө үр шимийг нь хүртэх ёстой. Бид ийм л хүрээнд компаниудад шаардлага тавьж байгаа. Хэрвээ иргэдийн дээрх 15 тэрбум төгрөг арилжааны банкуудад байршсан бол их хэмжээний хүү төлөгдөнө шүү дээ. Гэвч компаниуд энэ тал дээр дорвитой арга хэмжээ авсангүй. Оператор компаниуд олон жил үйлчлүүлсэн хэрэглэгчдийнхээ барьцааны мөнгийг буцааж өгч байгааг бид дэмжиж байгаа. Ойролцоогоор зургаан жил үйлчлүүлсэн хэрэглэгчийнхээ барьцааны мөнгийг буцааж өгөх тухай яригдаж байна. Гэхдээ одоогоор буцааж олгосон мөнгө нь нийт барьцааны мөнгөн дүнгийн гурав орчим хувийг нь л эзэлж байна. Нийтдээ 400 орчим сая төгрөг буцааж өгчээ. Бид заавал буцааж өг гэж шаардаагүй. Гол нь тэндээс хүртэх үр шимийг тодорхой болгож, хэрэглэгчээ гомдоохгүй үйлчлэх ёстой. Гэтэл энэ талаар ямар нэг үйлдэл хийлгүй явж иржээ. Тиймээс хэрэглэгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж дүгнэхээс аргагүй юм. Оператор компаниудын уридлагууд энэ сарын 20-оос өмнө тодорхой алхам хийж бидэнд мэдэгдэхээр болсон.
Б.Отгонбаяр
URL: