СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн таван саяын өрөнд унажээ
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн улсыг хохиролгүй болгоно хэмээн Увсын сонгуульд тараасан Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын туслахуудаас мөнгө нэхжээ. Энэ нь Сонгуулийн тухай хуульд сонгогчидод бэлэн мөнгө, эд бараа тараасныг баримтаар нотолбол СЕХ арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг тухайн иргэнд олгож гэмт буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэгжүүлж байгаа хэрэг гэнэ. Увсын “хоёрын” туслах нар сонгогчидод мөнгө тараасныг шат шатны шүүхээр тогтоосон.
Сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан Т.Гансүх, Н.Жамсран,Я.Лхагва нар нь 2012 оны 6-р сарын 22-нд Тариалан сумын Бургастай багт Ж.Жавзан нарын найман хүнд “гэр түрээслэх” нэрээр тус бүрд нь 100 мянган төгрөг тараасан нь иргэний сонгох эрхээ хэрэгжүүлэхэд нь саад хийсэн хэрэг хэмээн шүүхээс тогтоосон. Үүний дагуу СЕХ шийдвэр гаргаж дээрх найман хүнд тус бүрд нь нэг сая төгрөгний урамшуулал олгохдоо хэтрүүлж дээр нь таван хүн хүн нэмэн нийт 13 хүнд 13 сая төгрөг өгсөн гэнэ.
Сүүлд нь нэмэгдсэн Дүүхээ нарын таван хүнд мөнгө өгсөн эсэх нь шүүхээр тогтоогдоогүй байхад Ч.Содномцэрэн Увсын “хоёрыг” олон хүнд мөнгө тараасан болгож харагдуулах гэсэндээ нэмэлт хүмүүс гаргаж ирсэн болж таарчээ. Ийнхүү СЕХ 13 иргэнд 13 сая төгрөгийг улсын төсвөөс гаргаад өгчихөж. Өдгөө Сонгуулийн хуулийн дагуу гэм буруутай этгээдүүдээс мөнгийг гаргуулж улсыг хохиролгүй болгох ёстой тул Увсын “хоёрын” туслах нараас 13 сая төгрөг нэхэн шүүхдэнэ хэмээн сануулсан гэнэ.
Цаадуул нь ч айж сандарч бужигнаад эхэлжээ. Өмгөөлөгч хөлслөн урьд өмнө нь гарсан шүүхийн тогтоолд “Т.Гансүх, Н.Жамсран,Я.Лхагва нар нь бусдад төлөх төлбөргүй болно” гэж зааснаар бамбай хийн нэлээд заргалдсан гэнэ. Мөн шүүхийн шийдвэрт нэр нь ороогүй Дүүхээ нарын таван хүнд өгсөн таван сая төгрөгийг бид биш СЕХ өөрөө хариуцах учиртай гэж маргажээ. Гэсэн ч нэгэнт л бэлэн мөнгө тарааж иргэдийн сонгох эрхээ хэрэгжүүлэхэд нь саад хийсэн нь шат шатны шүүхээр нотлогдсон тул яах ч аргагүй их хэмжээний төлбөрт унаж таарчээ.
Увсын “хоёрын” гурван туслах бүгдээрээ Увс аймагт оршин суудаг атал СЕХ хотын хоёр ч дүүргийн шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаад 13 сая төгрөгөө нэхэж. Иргэдийн сонгох эрхийг боогдуулдаг туслах нар сайн заргалдсаны хүчинд өөрсдийн гэр түрээслэх нэрээр мөнгө өгсөн найман хүнийхээ найман сая төгрөгийг л төлөх шийдвэр гаргуулж чаджээ. Харин илүү төлсөн таван хүний таван сая төгрөгийг дур мэдэн өгснөөрөө СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн өөрөө хариуцах гэнэ.
NUUTS.MN
URL: