“Голден парк”-ийн 3000 оршин суугч АТГ-т хандлаа
Баянгол дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 688 өрхийн төлөөллүүд Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нарт хаягласан захидлыг илгээж, холбогдох хүмүүстэй уулзаж асуудлаар шийдүүлэхээр тэмцэж байгаа билээ. Тэдгээр оршин суугчдын төлөөлөл 2014.03.06-ны өдөр авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд танаа гэж хаягласан хүсэлтийг АТГ-ын өргөдөл, санал гомдол хүлээн авах газарт хүлээлгэж өгсөн байна. Уг хүсэлтдээ Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа-г шалгаж өгөхийг хүсэж, холбогдох материалуудыг хавсаргасан байна.
Оршин суугчдын төлөөлөл хэлэхдээ “ Бид шүүгч О.Зандраа-г шалгаж өгөхийг хүссэн. “Төрийн мэдээлэл” сэтгүүлээс авсан хөрөнгө орлогын мэдүүлэг гэх мэт мэдээллүүдийг өөрсдийн хэмжээнд цуглуулж хавсаргасан байгаа. Шүүгч О.Зандраагын гурван хүүхэд нь гурвуулаа дэлхийд өндөр өртөгтэйд тооцогддог АНУ-ын Лос Анжелос хотын “California International University”, “Life University” сургуулиудад суралцаж, далайн эрэгт амьдарч байна. Сургуулийн төлбөр, байр хоолны мөнгө зэрэгт төрийн албан хаагчын цалин хаанаа ч хүрэхгүйг ямар ч төрийн албан хаагч хэлнэ. Энэ мэт мэдээллүүдээс харахад хөрөнгө оролгын мэдүүлгээ нуусан гэж үзэх хангалттай шалтгаан юм.
Голден парк хотхоны асуудлыг 2 шатны шүүх иргэдийн талд шийдсэн байхад Дээд шүүх уг шийдвэрүүдийг хүчингүй болгож 3000 гаруй оршин суугчдын эсрэг шийдвэрийг гаргасан. Мөн үүнээс гадна Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраа болон Материал импексийн захирал Зоригт нарыг Их сургуулийн үеэс найзалж нөхөрлөж ирсэн гэх яриа байдаг бөгөөд танил талаа ашиглан шударга ёсыг гуйвуулсан байх магадлалтай гэж үзэж АТГ-т шалгуулах хүсэлтээ өгсөн. Голден Парк хотхоны 3000 гаруй оршин суугчид орох оронгүй болох дээрээ тулаад байна. Банкны зээлэнд хамрагдаж байртай болох гэж хамаг байдгаа шавхсан бид хэлж хандаж, асуудлыг шийдэж өгөх бүх газарт хандаж, эцсийн арга өлсгөлөн зарлахад ч бэлэн байна” гэжээ.
Ж.МАРАЛ
medee.mn
URL: