Нийслэлийн иргэдээс ирсэн цахилгааны гомдол 13,3 хувиар буурчээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Шуурхай мэдээллийн төвд ирсэн дуудлага болон өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НОБГ, НЦГ, НЗЦГ-аас мэдээллээ.
2014 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 08.00 цагаас 2014 оны 03 дугаар сарын 08-ны 08.00 цаг хүртэлх 14 хоногийн хугацаанд Шуурхай мэдээллийн төв 310005 утсанд иргэд, байгууллагаас 102 гомдол, санал хүсэлт, мэдээ мэдээлэл ирснээс зохих журмын дагуу холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэж 100 хувь шийдвэрлэж ажиллажээ.
Энэ хугацаанд ирсэн нийт санал хүсэлтийн 42.1 хувийг орон сууцтай холбоотой, 38.2 хувийг цахилгааны доголдолтой холбоотой асуудал эзэлж байгааг өмнөх 14 хоногтой харьцуулахад цахилгаан доголдсон гомдол 13.3 хувиар, орон сууцтай холбоотой гомдол 14 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Нийслэлийн онцгой байдлын газар өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гамшиг ослын 97 удаагийн дуудлага хүлээн авснаас, объектын гал түймрийн 88 дуудлага, техникийн болон ахуйн холбогдолтой ослын 9 дуудлага байна. Гамшгийн аюулд өртөж 3 хүн түлэгдэж, 5 хүн нас барж, зам тээврийн болон ахуйн осолд бэртэж гэмтсэн 3 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, 3 хүнийг эмнэлэгт хүргэж, болзошгүй гамшгийн аюулаас 12 хүний амь бие, 170 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Нийслэлийн Цагдаагийн газрын харъяа Замын цагдаагийн газрын Шуурхай удирдлага зохицуулалтын хэлтэст зам тээврийн ослын нийт 329 дуудлага бүртгэгджээ Үүнээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 154, осол, зөрчлийн шинжтэй 175 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. Зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохирсон хэрэг 1 бүртгэгджээ. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хүүхэд өртсөн осол 34 бүртгэгдсэн байгааг урьд оны мөн үеийн үзүүлэлттэй харьцуулахад 2 буюу 5.5 хувиар буурсан байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: