Эдийн засагчид Монгол Улсын эдийн засгийг өвчилсөн гэж оношлов
Ам.долларын ханш нэмэгдсэн, монгол төгрөгийн худалдан авах чадвар суларсан, инфляцийг найман хувьд хатуу барих бодлогодоо Монголбанк хүрээгүй гэх зэрэг эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд таагүй байгаа талаархи мэдээллүүд сүүлийн үед хэвлэлээр эрчимтэй яригдаж байгаа.
2014 оны төсөвт ам.долларын ханшийг 1384 төгрөгт барих талаар тусгасан ч өнөөдөр нөхцөл байдал эсрэгээрээ байгаа.
“ДНБ-ийг 18.5 хувиар өснө” гэж төлөвлөж байсан бол гүйцэтгэлээр 11.5 хувьтай гарсан байна. Инфляцийг найман хувьд барина гэх гэгээн амлалт өгч байсан ч гүйцэтгэлээр 12.5 хувьтай гарсан ажээ. Мөн манай улсын зээлжих зэрэглэл буурч -В рүү оржээ. Харин одоо бид энэ бүхнээс хэрхэн гарах вэ гэдгээ төр засгийн хэмжээнд ярьж байгаа нь нууц биш.
Түүнчлэн гадаад худалдаанаас олдог орлого буурсан, дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унасан, эдийн засагт бодит дэмжлэг болох Тавантолгой компани өмнөх Засгийн газрын үед тавьсан өрөө төлж чадахгүй байгаа. Оюутолгойн далд уурхайн хөрөнгө оруулалт таатай бус гэх мэтээр эдийн засагт нөлөөлөх том, том асуудлуудад хүндрэл үүсээд байгаа нь нууц биш болжээ.
Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлээс харахад, эдийн засгийг тодорхойлдог гол үзүүлэлтүүд унасан байгаа юм.
Тухайлбал, “ДНБ-ийг 18.5 хувиар өснө” гэж төлөвлөж байсан бол гүйцэтгэлээр 11.5 хувьтай гарсан байна. Инфляцийг найман хувьд барина гэх гэгээн амлалт өгч байсан ч гүйцэтгэлээр 12.5 хувьтай гарсан ажээ. Мөн манай улсын зээлжих зэрэглэл буурч -В рүү оржээ. Харин одоо бид энэ бүхнээс хэрхэн гарах вэ гэдгээ төр засгийн хэмжээнд ярьж байгаа нь нууц биш.
Өдрөөр нэмэгдэж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт, нөөцгүй болчихоод байгаа А-92 бензин гэх мэт толгой өвтгөсөн олон асуудлыг даван гарахын тулд Засгийн газар, Монголбанк шат дараалсан олон арга хэмжээ авч байгаа ч энэ нь бодит ажил хэрэг болохдоо хойрго байна хэмээн эдийн засагчид дүгнэдэг. Төв банкны зүгээс ч “Ам.долларын ханш өссөнийг эдийн засаг хүндэрсэн гэж ойлгох нь өрөөсгөл. Удахгүй эдийн засаг сэргэнэ” гэх тайлбарыг удаа дараа өгч байгаа. Тиймээс Монгол Улсын эдийн засаг яг одоо ямар байдалтай байгаа, цаашид бид ямар арга хэмжээ авах ёстой талаар эдийн засагч, шийдвэр гаргах албан тушаалтан, бизнесийн төлөөлөл ямар байр суурьтай байгааг энэ удаад хөндлөө.
Эдийн засаг хөгжлийн дэд сайд О.Чулуунбат:
-Эдийн засаг сайн байгаа гэж хэлж чадахгүй. Өнгөрсөн оны эцсээр эдийн засгийн өсөлт 11 хувьтай гарсан. Гэхдээ тоон үзүүлэлтээс илүү бодит хөрсөн дээрээ өсөлт бууж чадаж байна уу, иргэдийн худалдан авах чадвар дээшилсэн үү, ард түмний амьжиргааны төвшин сайжирсан уу гээд цаанаа эдийн засгийг тодорхойлдог гол үзүүлэлтүүд сул байна.
Өнөөдрийн байдлаар иргэдийн худалдан авах чадвар 25 хувиар унасан гэсэн мэдээлэл бий. Нийт худалдаа өсөөгүй байна, дотоодын ачаа тээвэрлэлтийн хэмжээ, зорчигчдын тоо буурсан байгаа. Бусад улс орнууд дээрх үзүүлэлтүүдээр макро эдийн засгийнхаа өсөлтийн үр дүнг тодорхойлдог.
Төсвийн орлого нэмэгдээгүй, төлбөр тооцооны бланс алдагдалтай гарсан байна. Шулуухан хэлэхэд, Монголоос мөнгө зугтаж байна шүү дээ, нүүрээ буруулчихсан байна. Тэгэхээр одоо юун дээр алдаж, юуг оносон бэ гэдгээ бүгдээрээ ярилцах ёстой. Гэхдээ бүгдийг бас хараар будаж болохгүй. Сайн зүйл ч байна, саар нь ч байна. Алтны салбарт сэргэлт ажиглагдаж байгаа. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ унаж, нүүрсний салбарын байдал тааруухан байгаа ч алтны салбарт сэргэлт ажиглагдана гэдэг сайн хэрэг.
Өнгөрсөн онд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ нэмэгдсэн. Тэгэхээр эдийн засгийн таагүй байдлыг өөрчлөхийн тулд зарим нэг хуулиудаа яаралтай өөрчлөх ёстой. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийг маш хурдан шинэчлэн баталмаар байна. НӨАТ-ын хуулиа шинэчлэх ёстой. Төмөр замынхаа царигийн асуудлыг шийдвэрлэх гээд эдийн засагт хийх хэрэгтэй олон ажил биднийг хүлээж байна.
“Бридж” группийн ерөнхий захирал Ц.Сэдванчиг:
-Энэ жил төсөвт ам.долларыг 1384 төгрөгт барина гэж тусгасан. Үүнээс гадна төр маш их өр тавьж байж дэндүү тансаглаж байна. Оюутолгой, Тавантолгойгоос маш их хэмжээний мөнгө орж ирээд валютын ханш буураад, сайхан болчих юм яриад байгаа нь өрөөсгөл. Өнөөдөр нүүрсний экспорт маш хэцүү байдалд ороод байна.
Урд хөршөөс үүн дээр нь дөрөөлж улам үнэгүйдүүлэх бодлого барьж байгаа. Түүнчлэн Оюутолгойн далд уурхайн тухайд цаад талын хөрөнгө оруулагчид өөрсдөө мөнгөгүй болчихсон. Тиймээс манайхыг ч шахах нь гайгүй болж. Баяжмалын тухайд ч нүүрстэй ижлээр урагш нь гаргаж чадахгүй маш их хэмжээний хуримтлал үүсээд байгаа.
Өмнө нь Оюутолгойн эхний шатнаас ч манай эдийн засагт бараг мөнгө орж ирээгүй. Ихэнх нь бараа материал, техник тоног төхөөрөмж болоод биет байдлаар орж ирээд, бидэнд юм наалдаагүй. Тиймээс цаашдаа эдийн засаг сэргэж, ханш буурах бус улам хүнд байдалд орно.
“Монгол Консерватив” намын дарга, эдийн засагч Н.Дашдаваа:
-Буруу эдийн засгийн бодлогоос болж Монголын эдийн засаг аргацаасан хэлбэртэй байна. НӨАТ, инфляци нэрээр ард түмний өчүүхэн орлогоос далд татварыг үйлчлүүлж өргөн хэрэглээний барааны үнийг тэнгэрт гаргалаа.
Бизнесийнхэн татвар, хүүнд чөдөрлөгдсөн байна. Банкны жилийн 17-24 хувийн хүүнд дөнгөлүүлсэн, ААНОАТ, НӨАТ, НДТ гээд 20-30 хүртэл хувийн татвар авдаг зэрэг тогтолцоонд чөдөрлөгдсөн. Ийм их дарамтад чөдөрлөгдсөн бизнесийнхэн яаж ашигтай ажиллах юм. Банкууд нь Монголбанкны бодлогын хүүнд хүлүүлсэн.
Бодлогын хүүг дагаж банкны хүү өндөр хэвээр, төгрөгийн инфляци, ам.долларын инфляцид давхар идүүлсэн Монголбанк давхар инфляцид шулуулж банкуудыг давхар тамирдуулж байна. Засгийн газар нь бондын хүү, төлбөрт баригдсан байна.
Ихэнх мөнгөө хилийн гадагш алдаж байгаа улс ам.долларын инфляцид өртөх нь дамжиггүй. Тэр инфляци нь ард түмэнд хэрэглээний төлбөрөөр өргөн хэрэглээний барааний үнэ өсгөж байна. Ер нь өргөн хэрэглээний барааны үнийг төрөөс шууд барих хэрэгтэй. Ардчилсан ч байна уу, Коммунист ч байна уу олон орон ингэж барьж байна. Иргэдийн орлого, үнийн өсөлтийг гүйцэхгүй байгаа манайх шиг оронд тэр тусмаа барих хэрэгтэй.
Эдийн засгийн бодлогыг үндэсний хэмжээний томоохон үйлдвэрүүдийг барьж, дэлхийн зах зээлд өрсөлдөх бизнесийг төрөөс дэмжиж хөгжүүлж байж эдийн засгийн хямралаас гарах анхдагч алхам болно. Хилээс гадагш гаргаж бүтээгдэхүүнээ зардаг бизнесийг хөгжүүлэх цаг болсон.
Иргэний гар дээрх мөнгийг цалин, нэмэлт орлого, хувьцаа, олон нийтийн өмчит үйлдвэрүүдийг хөгжүүлэх замаар шийдэхгүйгээр эдийн засгийн цусны эргэлт сайжрахгүй. Тиймээс иргэний орлогыг өндөржүүлэх боломжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Жижиг дунд бизнесээр эдийн засгаа дэлхийд гаргаж ирсэн орон байхгүй.
Жижиг дунд бизнесийн хөгжил хамаатан садан, гэр бүлийн гишүүдийг хүрээнд хийж байгаа тохиолдолд хэзээ ч сайн үр дүн авчрахгүй. Хийж чаддаг юмаа гаднаас авдгаа болих хэрэгтэй. Хязгаарлах эрх нь тухайн улсад бий. Дотоодын үйлдвэрээр хийж байгаа, хийж болохоор зүйлийг импортын бүтээгдэхүүнээр цохиж унагаадаг, татвараар дарамталдгаа больсон цагт л Монголын эдийн засаг сэргэнэ.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан:
-Нууж болохгүй ганц зүйл байдаг. Тэр нь эдийн засгийн даралт гэдгээр эрүүл мэнд. Тэгэхээр Монгол Улсын эдийн засаг “халуурч, хатгаа аваад, цэх сайхан явж чадахгүй, хөл нь доголж, өнхөрч, элгээрээ хэвтлээ”. Ам.долларын ханш 1800 төгрөгт тун удахгүй хүрэх гээд байна. Би шинэчлэлийн, манай АН-ын Засгийн газрын бодитой зүйлийг хэлье. Үнэхээр нөхдүүд валютын ханшийг барьж чадахгүй байна.
Энэ бол харамсалтай. Гол гол чухал бодлогоо зоригтой хэрэгжүүлэхгүй байна. Ер нь гаднаас өндөр хүүтэй зээл авч, бонд босгох буруу. Гэхдээ бид нэгэнт авсан. Харин мөнгө олдог, мега төсөлд зарцуулах ёстой байсан ч нийгмийн ач холбогдолтой зам тавьсан. Өөрөөр хэлбэл, тавдугаар цахилгаан станц, төмөр зам, нүүрсний зам, зэс хайлуулах үйлдвэр барьсан бол шууд эдийн засагт нөлөөлөх байсан. Гэтэл аль нь ч байхгүй, шүүрэн шанага шиг байгаад би харамсч байна.
Б.Тогтох
Монголын мэдээ
URL: