Москва Оросын хамгийн залхуу хот

Оросын Улсын статистикийн газрын хийсэн судалгаагаар Москва хот улсынхаа хамгийн залхуу хотоор тодорсон тухай бизнесийн өдөр тутмын “Коммерсанть” сонинд мэдээллээ.

Учир нь, Москвагийн оршин суугчид өдөрт Оросын бусад бүсийнхнээс хоёр цагаар бага ажилладаг юм байна. Судалгаанд Оросын долоон бүсийн оршин суугчдыг хамруулсан бөгөөд хамгийн гол нь цагаа хэрхэн зүй зохистой хуваарилж, зарцуулж буйг нь тодруулахыг зорьжээ.

Москвад аж үйлдвэрийн газрууд гэхээсээ илүү Засгийн газар, удирдлагын байгууллагууд олон байдаг болохоор хот хэзээнээсээ бусад бүсийнхнээс цөөхөн цагаар ажиллаж ирсэн байна. Мөн бусдаас бага зурагт үзэж, ном уншдаг, гэрийн ажил ч харьцангуй бага хийдэг аж.

Жишээ нь, тэд ном зохиол уншихад өдөрт дунджаар ердөө дөрвөн минут зарцуулдаг бол багадаа л 18 минут утсаар ярьдаг байна. Тэдний цагийг хамгийн их дэмий үрдэг зүйл нь мэдээж замын түгжрэл. Судалгаанд тэмдэглэснээр Москвагийн гудамжуудаар явахад бусад бүсийнхээс хоёр дахин их цаг зарцуулдаг гэнэ.

2010 оны тооллогоор Москва хот 11.7 сая хүн амтай гэсэн тооцоо гарсан ч үнэн хэрэг дээрээ хууль бус цагаач ажилчид, тэдний ар гэрийнхнийг багтаагаад 14 сая гаруй хүнтэй гэж үзэж байгаа юм байна.

Б.Тамир


URL:

Сэтгэгдэл бичих