Л.Гантөмөр сайд аа Л.Сувдаа захирал гэгч таны юу юм бэ
Төрийн алба, боловсролын салбарт үүссэн гажуудал хэрээс хэтэрлээ. Бүр энэ салбар дахь улстөржилтийн давалгаа газар авч байгаа нь Монголын ирээдүйг хорлож байгаа томоос том эмгэнэл юм. Аливаа улс оронд улстөржилт байж л байдаг, гагцхүү боловсролынхоо салбарт хэзээ ч халдсан түүх байхгүй. Ганцхан жишээ дурдахад нийслэлийн Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн захирал Л.Сувдаа гэгч сүүлийн 2-3 жилийн хугацаанд сургуулийнхаа 129 ажилтныг ямар нэгэн шалтгаангүйгээр ажлаас нь халжээ. Надад Нийслэлийн боловсролын газрын даргын 2013 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн А/5 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлт байна. Хэрвээ хүсвэл бүрэн эхээр нь нийтэлж өгч болно.
Үүнд чухам ямар шалтгааны улмаас гээд бүх зүйл ил байгаа хэрэг. Тэр ч бүү хэл халагдсан хүмүүсийн чухам сэтгэгдэлтэй нь хүргэж болох. Тэгэхээр ажлын хэсгийн дүгнэлт, хүмүүсийн сэтгэгдэлтэй харьцуулахаар ямар нэгэн хариу гарах нь дамжиггүй. Дашрамд дурдахад бид үүнийг ингээд зөнд нь орхихгүй, үргэлжлүүлэх ч болно. Харин эрхэм хатагтай халсан хүмүүсийнхээ оронд өөрийнхөө хүрээллийг бий болгосон нь мэдээжийн хэрэг.
Тэгэхээр ямархан ашиг сонирхлын зөрчилтэй, ямархан мэдлэг боловсролтой нөхдүүд түмний хүүхдийн хувь заяагаар тоглож суугааг мэдэж ядах зүйлгүй. Ер нь дурдаж хэлэхэд, өнгөрөгч 2012 оны сонгуулиас хойш ийнхүү төрийн албыг төрлийн хэлхээнд оруулж, ах дүү амраг садангийн хэлхээ тогтоох нь энгийн үзэгдэл болсон. Энэ л их улстөрөөс буюу эрх баригчдын зүгээс давалгаалсан буруу зүгийн салхи Л.Сувдаа захирлыг тойрсонгүй дайрав. Дайрахдаа бүр мөсөн дайрчихав бололтой. Юу гэсэн үг вэ, ийм богино хугацаанд 129 хүний амьдралаар тоглож байна гэдэг санаанд багтамгүй хэрэг биз дээ. Энэ л утгаараа төрийн алба болон боловсролын салбарын дархлаа суларч байгаа хэрэг. Тодотговол, Л.Сувдаа мэтийн нөхдөөс болж, төрийн албаны дархлаа суларч, боловсролын салбарт гамшиг нүүрлэж байна. Хамгийн гол нь улс орны ирээдүйг хорлож байгаа хэрэг.
БШУ-ны сайд Л.Гантөмөр сургалтын шинэ стандарт хөтөлбөр ярьж, уран зохиолын хичээлийн цагийг сургалтын хөтөлбөрөөс хасах тухай бодож суухад нь энэ мэт гажуудал хэдийнээ газар авчээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол Л.Сувдаа захирлын энэ хууль бус үйл ажиллагааг эсэргүүцсэн бичиг БШУ-ны яаманд очиж, Л.Гантөмөр сайдын сонорт хүрсэн юм билээ. Харин эрхэм сайд маань Л.Сувдаа захиралтай уулзаж, түүний занганд орсноор өнөө болтол хууль бус үйл ажиллагаа өрнөсөөр байна. Тодруулбал, Л.Сувдаа өөрийгөө авч үлдэхийн тулд Л.Гантөмөрт “Эгч нь боловсролын салбарт 30 жил зүтгэж байна. Гэвч өнөөдөр орох оронгүй, унах унаагүй, өр ширтэй байна” хэмээн уйлан донгодож байгаад хууль бус ажиллагаа явуулах визээ салбарынхаа сайдаар сунгуулчихсан зальтай нэгэн.
Тэгээд ч захирал Л.Сувдаагийн тэтгэврийн нас нь аль хэдийнээ болчихсон юм билээ. Өндөр боловсролтой, шударга зарчимч залуучууд зөндөө байхад тэтгэврийн авгайгаар салбараа самруулж суудаг дүүрчихсэн л хэрэг л дээ. Өнөөх “шинэчлэл” энэ тэр нь ч яалаа. Уг нь 44 дүгээр сургууль лаборатори сургууль болж, шинэчлэл хийж байгаа ч ийнхүү тэтгэврийн насны болон шунахайн сэтгэлээр ажлаа явуулдаг хүнээр толгойлуулаад байхаар юу болох вэ. Лаборатори сургууль болохын тулд олон төсөл хөтөлбөр хэрэгжиж, төрөөс төсөв мөнгө гаргаж таарна. Ингэхээр ийм хувийн ашиг сонирхолтой хүн сургуулийг шинэ жишигт гаргаж, шинэчлэл хийж чадах уу гээд олон асуудал хөндөгдөх байх.
Үнэн хэрэгтээ Л.Сувдаа захирал хувьдаа хоёр өрөө байр тус бүр хоёр ширхэг байдгийг хамт ажиллагсад нь баталдаг. Хэрэг байвал байрнуудых нь байршил болон зургийг нь ч харуулж болно шүү. Түүнчлэн 44 дүгээр сургуулийн босс хотоос зайдуу хашаа байшин болон ногоо тарьдаг эдлэн газартай гэдгийг ч баталж байгаа юм. Мөн л байршлыг нь зургаар харуулж болно. Харуулах ч болно. Тэгэхээр салбарын маань сайд захын нэг хууль бус этгээдийг уйлаад гуйхаар нь ажилд нь үлдээдэг өрөвчхөн нэгэн бололтой. Уйлж дуулсан бүгдийг хаацайлаад байвал наад боловсролын салбар чинь улам л унах болно гэдгийг сануулчихая. Сайд маань ийм өрөвчхөн хэрнээ 111 дүгээр сургуулийн захирал н.Энхтуяа албнаас 600 гаруй мянган төгрөг гаргаад ажилчдаа Хамарын хийд авч явлаа хэмээн ажлаас нь халж байсан санагдаж байна. Гэтэл Л.Сувдаа нь сургуулийнхаа спорт заалыг түрээслэж, өдөрт дор хаяхад 100 мянган төгрөг хувьдаа завшдаг гэдгийг ажилчид нь хэлсэн. Хамгийн багадаа сард гурван сая төгрөг олдог тухай мэдээллийг бидэнд ирүүлсэн юм. Уг нь Л.Гантөмөрийн нэг тушаал бий. Түүнд “Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалыг өөрийн үйл ажиллагаанаас бусад зүйлд ашиглахгүй” гэсэн заалт бий л дээ. Ийм байхад өөрийнх нь тушаалыг зөрчин хувьдаа хэдэн саяар нь завшиж байгаа Л.Сувдаад яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм. Ёстой л өнөөх ураг төрлийн, ахан дүүсийн харьцаа байна уу хэмээн хардахад хүргэнэ. Харин ойрын эх сурвалжийн зүгээс нэгэн зүйлийг хэлсэн. Тэрээр хэлэхдээ Л.Сувдаагийн үй зайгүй найз 93 дугаар сургуулийн захирлаар ажиллаж байсан н.Батсүх гэгч эмэгтэй Л.Гантөмөрийн зөвлөхөөр ажилладаг бөгөөд түүнийг хаацайлдаг нэгэн гэнэ. Өөрөөр хэлбэл сайд захирал хоёрын гүүр нь н.Батсүх аж. Тиймдээ ч түүний хууль бус үйл ажиллагааг өөгшүүлж байдаг бололтой. Магадгүй, энэ мэт хууль бус зүйлээс хувь хүртдэг зөвлөхүүдийн нэг ч юм билүү.
Хэтрүүлж хэлэх юм бол заал түрээслээд олдог гурван сая төгрөг н.Батсүх гэгчийнх ч юм билүү, хэн мэдлээ. Ийм зүйл байж л байдаг шүү дээ. Спорт заал түрээслэнэ гэснээс Л.Сувдаа хичээлийн бус цагаар спорт залаа түрээслэчихээд ажлын бус цагаар үйлчлэгчдээ цэвэрлэгээ хийхийг шаардаж, бусдын хөдөлмөрийг хувийн ашиг сонирхлын үүднээс мөлждөг гэдгийг үйлчлэгчид нь ярьсан. Өдрийн найман цаг ажиллаад амрах ёстой үйлчлэгчид шунахай захирлынхаа халтуурын цэвэрлэгээг хийх гэж шөнө дөл болгосон удаа ч бий гэх. Тэгээд удаа дараагийн энэ үйлдэлд үйлчлэгчид нь дургүйцэхээр нь “Та нар шалаа буд, тэгвэл амар болно” хэмээн үйлчлэгчдээсээ тус бүр 8000 төгрөг татаж шалыг нь будуулсан байгаа юм. Ийм л нэгэн даварсан захирал төрийн өмчийн нэгэн сургуулийг хувийн компани шигээ захиран суугааг зүгээр хараад суух хэрэг үү. Эцэст нь асуухад Л.Гантөмөр сайд аа энэ Л.Сувдаа гэгч нь таны юу болоод ийн даварч сууна вэ.
Н.Дөл
URL: