Долоон жил биеэ үнэлээд 13 удаа аборт хийлгэсэн 21 настай бүсгүй
Их хотын хөл хөдөлгөөн татарч, шөнийн 00:30 цагт засмал замаар хаа нэг машин давхиж энд тэнд гартаа янжуур зуусан хүүхнүүд хөлхөж буй харагдав. Энэ бол бидний нэрлэж заншснаар нэгдүгээр хорооллын Саппорогийн автобусны ойр орчмын газар юм. Шөнийн 00 цагаас хойш энүүгээр хөгшин залуу хүүхнүүд биеэ үнэлэхээр зогсдог. Манай сурвалжлах багийнхан өнгөрсөн сарын 16,17-ны өдрүүдэд түүгээр очиж 21 настай М гэх бүсгүйтэй танилцсан юм. Түүний зогсдог газрын ойр орчныг ажиглавал өмнө нь харж байгаагүй хүнээ тэр хавийнхан шууд л мэдэж буй бололтой.
30 гаруй насны өндөр нуруутай хар хувцас өмссөн эмэгтэй дөхөж ирээд “Хөөе чи хаанаас ирсэн” хэмээн уурсангүй асууж ширүүхэн харцтай мөргөлдөв. Би ч тоосон шинжгүй зогстол бүр дургүй нь хүрсэн бололтой нөгөөх эмэгтэй “Чи өөрийнхөө газар руу явахгүй бол ямбийлгана шүү” гэж хэлэхэд нь гэнэт айдас төрөв.
Гэтэл хаанаас ч юм цагаан царайтай, тэдэн дундаа л хөөрхөн бүсгүй гараад ирэв. Тэгснээ өнөөх хоёр хүүхэн рүү хараад “Миний хамаатан. Би аваад явна” гэж хэлснээр тэр хавийн хүүхнүүдийн уур уцаар түр намжив. М бүсгүй намайг биеэ үнэлэхээр ирсэн гэж ойлгосон тул нэг л бидний дунд үйлчлүүлэгчээ хэрхэн олох, ашиг орлогоосоо хэдэн хувийг нь татварт төлөх вэ гэхчлэн яриа үргэлжилсээр би түүнийг шөнийн хоолонд урьсан юм. Ингээд бид хоёр такси бариад дөрвөн замын уулзварын ойролцоох “Шим бууз” цайны газар руу орлоо. Тэр хоолны газарт бид хоёрын яриа үргэлжлэв.
Түүнээс би нэг хүнтэй яваад хэдийг авч байна хэмээн асууж орхилоо. М над руу нэлээд гайхснаа “Шалихгүй ээ, залуу байхад гайгүй л үнэд хүрдэг байсан юм, одоо бол цагаар бол 8000-10000, хоногоор бол үсрээд л 50,000 хүрч байна” гэв.
Миний сониуч зан хөдөлж “Залуудаа гээд байх юм. Чи ингэхэд хэдэн настай юм бэ, лав л надаас хамаагүй дүү л харагдаж байна” гэж асууснаар хооллож дууслаа.
Түүнтэй би хэсэг хором хөөрөлдөх сонирхолтой байсан тул “ Би чамд 20,000 төгрөг өгье. Чи хоёр цаг надтай хамт суугаад юм ярьж болохгүй юм уу” гэж асуутал тэр их л ууртай харцаар над руу харж байна. Тэгснээ “Чи ер нь ямар сонин авгай бэ. Элдвийн юм асуугаад, хоол авч өгөөд, одоо бүр мөнгө төлнө гэж юу гэсэн үг вэ” хэмээн уцаарлав.
Тухайн үед миний толгойд, аан би саяхнаас л биеэ үнэлж эхэлж байгаа юм, үнэ ханш ямар байдаг , яах ёстой гээд л судлах юм гараад байнаа. Тэгээд л чамтай нэг танилцсаных асуугаад авая гэж бодсон юм гэж хариулаа.
Гэтэл М , өнөөдөр би завгүй. Тэгээд ч ээж одоо ирж байгаа байх. Ээжийн хамаг ёндоог алдчихна, чиний наад 20,000 төгрөгөөс л их юм олдоно гэдэг байна. Ингээд суудлаасаа ч боссон юм. Би ч дагаад бослоо, дагаад гарлаа. М хамт явах уу гэж байна. Тэгэхээр нь үгүй ээ, маш их ядарч байна, харилаа. Харин чамаас уг нь нэлээд зөвлөгөө авая гэж бодсон юм гэлээ. Гэтэл маргааш орой ажлын цаг эхлэхээс өмнө уулзвал ямар бэ гэж байна. Би ч тэгье, Яг энэ цайны газартаа 20.00 цагт болзохоор цаг товлож салцгаав.
13,14 настай охид үнэтэй, онгон бол бүр их ёндоотой
Сурвалжлагын маргааш нь өнөөх цайны газартаа М бүсгүйтэй цаг тохирсон ёсоор 20 цагтаа уулзав. Бид хоёр дахиад л хоол захиаллаа. М надад итгэсэн бололтой байсан юм. Тэрбээр “Чи биеэ үнэлж эхэлж байгаа гэлүү, манай хэд чамайг шинэ юм шиг байнаа гээд байна лээ гэж байна”. Тэгснээ, Чиний нас 30 гарчихсан бол олигтой үнэд хүрэхгүй гэлээ” Би, 30 гэдэг чинь залуу нас штээ гэхэд М инээснээ, “Одоо эрчүүд чинь жаахан охин сонирхдог болсон. Өөрөө битгий хэл би олигтой үнэд хүрэхээ байчихаад байхад” гээд инээлээ.
Хариуд нь би “Чи бол бүр жаахан л байна даа” гэв. М, үгүй ээ, “эрчүүд 13,14 тэй охидуудад дуртай, онгон энэ тэр бол маш их ёндоо унана гэж байна. Тэгснээ чи хөгширчихсөн юм чинь жаахан охидууд олж явуулаач, онгон бол бүр их ёндоотой” гэлээ.
Хариуд нь би “Тийм үү, бараг л нялх хүүхэд юм бишүү, тэднийг чинь одоо яаж олох юм гэлээ. Харин М өнчин, аав , ээжгүй, ядуу охидууд бол амархан шүү дээ, олсон мөнгөнийх нь 10,20 хувийг л өгөөд бусдыг нь чи өөрөө халаасална. Энэ тухай бол надаас илүү манай ээж , авгай нар сайн мэднэ гэв.
14 настайгаасаа биеэ үнэлсэн М 13 удаа аборт хийлгэжээ…
Бидний яриа эд дундаа орж би өөрийгөө хэр үнэд хүрэхийг лавлахад М инээснээ хоногоор бол 40,000 цагаар 8000 гэхэд болох л байх. Бүр болохгүй бол би ээждээ хэлээд өгнө. Ээж бол чамайг ийм үнээр гаргаад 20 хувиа авах байх гэх ухаантай зүйлийг ярив.
Тэгэхээр нь би “Чи ээжийнхээ тухай их ярих юм аа, танай ээж бас биеэ үнэлдэг юм уу” гэж асуухад нь өнөөх чинь чанга чанга инээж байснаа, залуудаа бол тэгдэг байсан байхаа, одоо ээжийг хэн авах юм бэ, зүгээр л орлогоо авдаг гэлээ.
Яг юу гэсэн үг бэ?
М: Яахав дээ, намайг зараад мөнгө авна, бас миний ганц нэг найзад хүн олж өгч, 20 хувиа авна. Манай ээж одоо ийм л ажил хийж байна.
-Чи хэдэн жил биеэ үнэлж байгаа юм бэ?
М: Удаж байнаа, 14 настайгаасаа л эхэлсэн.
Хөөх тийм үү, бүр 7 жил биеэ үнэлж байгаа юм уу?
М: Тиймээ, яасан.
Их л урт хугацаа байна даа. Ээж чинь чамайг зараад мөнгө авдаг гэхээр аймаар санагдаад байна. Би бол ээждээ баригдвал шууд алуулна.
М: Манай ээж бол нэг өдөр аль болох олон хүнтэй унтуулахыг бодно штээ. Жаахан байхад өдөрт 5,6 хүнтэй унтаад их ядардаг байсан юм. Одоо бол 2,3 үсрээд л 4 хүнтэй унтаж байна.
–Ингэхэд жирэмсэн энэ тэр болчихвол яах юм бэ? Чи тэрийгээ яаж зохицуулдаг юм , бэлгэвч хэрэглэдэг биз дээ?
М: Эрчүүд бэлгэвчинд дуртай бишээ, шууд л хийхийг хүснэ. Би чинь бараг 12,13 удаа аборт хийлгэсэн штээ. Сүүлдээ харин ээж дагуулж яваад спрайл тавиулчихсан. Тэрнээс хойш таргалаад , орлогоо ч алдаад байгаа.
Юу бэ, чиний төрсөн ээж биш юм уу?
М: Миний төрсөн ээж штээ, яасан.
Эндээс хойш би юу ч асууж чадаагүй юм. Яг үнэндээ ээж нь охиноо хар нялхаас нь зардаг гэж сонсоод хамаг бие арзайж байлаа. Цаг аль хэдийн 10 болсон байв. М ажилдаа гарлаа хэмээн яаран босч байна. Ингэхдээ над руу хараад “Чи өнөөдрөөс гарна биз дээ” гэж байна. Би , үгүй ээ, өнөөдөртөө харилаа гээд бид салсан юм.
Бидний амьдарч буй нийгэмд итгэж чадахааргүй аймшигт түүх олон юм
Хоёр өдөр биеэ үнэлэгч болж жүжиглэснийхээ хүчинд ийм эмгэнэлтэй амьдралын түүхийг сонссон юм. Төрсөн эх нь охиныхоо биеийг үнэлүүлж, мөнгийг нь авдаг. Төрсөн охиноо 12,13 удаа абортод оруулж суудаг ээж байна гэж бодох надад бол хүнд байсан. Уншигч танд ч аймшигтай санагдаж байгаа байх.
Би энэ бүхнийг сурвалжилж бичих гэж хоёр өдөр зарцуулсан. Яг үнэндээ хэн нэгний мууг үзэх гэсэндээ биш юм. Манай нийгэмд ийм байдлаар төрсөн үрийнхээ биеийг зарж байгаа ээж байна гэдгийг харуулахыг хүслээ. Муу муухай мэдээлэл тараасан бол уучлаарай.
Бодит байдал ийм байна. Би нэг л охинтой уулзахад ийм эмгэнэлтэй түүх сонслоо. Үүний цаана олон сайхан охид, бүсгүйчүүд байгаа гэдгийг эндээс харж болохоор байна.
Эрхэм гишүүдээ, эрхэм хууль батлагчидаа, эрхэм төрийн гурван өндөрлөг өө манай улс уг нь 3 сая хүрэхгүй хүн амтай. Бид сайн сайхан амьдрах боломж байгаа гэж би ойлгодог. Хэдий болтол Монгол хүн ийм ядуу тарчиг, дээр нь тархины тураалтай амьдрах юм бэ? Хүнээ баялаг гэж харж, хүмүүсийнхээ төлөө жинхэнэ утгаар нь ажиллах хэрэгтэйг сануулж байна.
Эх сурвалж: Hunnu.mn
Сэтгүүлч Ж.Батхишиг
Зурагчин Г.Гантулга
URL: