Ротаци уу, нөхөн сонгууль уу?

3-10-2Л.ХЭРЛЭН

АН-ын ҮЗХ-ны ротацийн сонгууль ирэх сард болно. Үүгээр  228 гишүүнийхээ гуравны нэгийг өөрчилж, цус сэлбэдэг учраас  хамгийн  ардчилсан зарчим хэмээн гишүүд нь ярьдаг.

Гэхдээ  ротацийн сонгууль АН доторхи бүлэглэл,  фракциудын  хоорондох  хагаралыг дэвэргэж зөрчлийг хурцатгадаг. Үүнээс болж намын хурал нь дарга, цэргээ огцруулах тухай нэг ёсондоо “байлдаан” болж дуусдаг байсан  20 жилийн туршлага бий.  Энэ байдлаа өөрчлөхийн тулд  намын дүрэмдээ өөрчлөлт оруулахаар  цөөнгүй удаа ярьж байв. Гэтэл тэр нь ажил хэрэг болоогүй.  Тэгвэл  энэ удаа арай  өөр нөхцөл байдалд хуралдах болов уу гэсэн хүлээлт гишүүдэд нь байна. Тухайлбал,  АН 2011 оноос  өнөө хүртэл  ротацийн  сонгууль явуулаагүй. Сонгуулийн жил өнждөг учраас  2012 оны УИХ-ын сонгууль, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг өнгөртөл ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй.  Үүнтэй холбоотой шийдэж амжаагүй,  хуримтлагдсан асуудлууд олон байгаа аж.

Нөгөөтэйгүүр, энэ удаа ротацийн сонгууль явуулах уу, нөхөн сонгууль явуулах уу гэдэг хоёр асуулт тавигдаж байгаа бололтой. Учир нь, 2011 оноос   өнөөг хүртэл ҮЗХ-ны 228 гишүүний бараг гуравны нэг орчим хувь нь  янз бүрийн байдлаар хөдөлгөөнд оржээ. Тиймээс нэг хэсэг нь  заавал ротаци явуулах  шаардлагагүй, нөхөн сонгуулиар шийдэж  болно гэж үзэж байгаа сурагтай. Үлдсэн хэсэг нь дүрмийнхээ дагуу ротациар шийдье гэсэн хүсэл тавьж байна.  Түүнээс гадна  намын дүрэмд өөрчлөлт оруулах, эсэх талаар ярилцах  болов уу гэсэн хүлээлт бас бий.

Гэхдээ олон жил ярьсан дүрмийн өөрчлөлт нь  намын дотоод эв нэгдлийг хамгаалах сайн талтай ч  намын анхан шатны байгууллагынхны хувьд тийм ч таатай алхам биш гэлцдэг. Хэрэв намын дүрэмд өөрчлөлт оруулчихвал, УИХ, НИТХ, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нар шууд ҮХЗ-ны гишүүн болж дархлагдана. Тиймээс намын анхан шатанд анхаарал суларч  магадгүй гэсэн болгоомжлолыг тус  намын удирдлагуудын зүгээс  тавьж ирсэн. Гэхдээ энэ удаа АН олуулаа болж, засаг барьсан үед тохиож буй тул ҮЗХ-ны хурал, улмаар ротацийн  сонгуулиа бяртай хийж магадгүй. Бүлэглэл, фракцийн аль нь ҮЗХ-д олон төлөөлөлтэй байна, шийвэр гаргах төвшинд хэн нь хүчтэйгээ үзүүлэх вэ гэдэг ирэх сард болох ротацийн сонгуулиас шууд хамааралтай юм.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих