Увсчууд гэж ялгарах сонирхолтой байдаг юм уу?

6bcd47de1298e113big

Увс аймгийн Засаг даргаД.Цэндсүрэнтэй цаг үеийн асуудлаарярилцлаа.

-Сүүлийн үед“Увс хүн” хөгжлийн хөтөч загвар хөтөлбөр гэгч гарч багагүй хэл амболлоо. Үнэхээр та бүхэн увсчууд гэж ялгарах сонирхолтой байдаг юм уу?

-Увс аймгийн хүмүүсийг нутгархаг гэх юм. Нутгийн хүн нутгийнхнаа энэрлийн нүдээр харахгүй бол хэн харах юм. Монгол хүн монголчуудаа хайрлахгүй бол өөр хэн хайрлах вэ.

Нутгийнхаа хүнийг дэмжсэн нь бидний буруу болж таарав уу. Харин ч аминчхан явцуу бодол увсчуудад байхгүй. Түүхийн аль ч цаг хугацаанд Монголын ард түмэн хамтдаа байсан. Биднийг салгаж, явцуу бодолдоо хөтлөх хэрэггүй. Эзэн Чингис хаан дэлхийг эзэлж байхад увсчуудын өвөг дээдэс хамтдаа тэмцэж явсан. Тусгаар тогтнолоо алдах үед хамгийн сүүлч хүртэл гал голомтоо хадгалж 50 жил тэмцсэн нь Увс, Ховдын ард түмэн бидний өвөг дээдэс. Манжийн дарлал дор Монгол зовж байхад, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал өрнөж байхад Увс, Ховдын хязгаарынхан хамтдаа тэмцсэн. Богд хаан Монгол Улсаа байгуулаад төлөөний хүнээ явуулахад Дөрвөд далай хан Түмэндэлгэржав хамгийн түрүүнд дэмжиж “Монгол улс нэгдмэл байна. Бид монгол хүмүүс. Хойчийн өдөр ац учир үгүй” гэх алдартай үгтэй захиа бичсэн байдаг. Ховдын хязгаарыг чөлөөлөлт, 1921 оны ардын хувсгалд Увс аймгийн хөвгүүд хүчин зүтгэж явсан. Дараа нь 1930-аад онд сүм хийдийг нурааж Монголын сор болсон хүмүүсийг цаазлахад Увсын Төгсбуянтын хүрээний лам нар хамгийн түрүүнд цаазлуулсан байдаг. Дараа нь нэгдэл хөдөлгөөн өрнөж малаа хураалгахад хамгийн олон малаа өгч байсан. Социализмын үед Монголын төрд Ю.Цэдэнбал, Д.Батмөнх нар чинхүү шударгаар зүтгэж улс эх орныхоо төлөө амьдралаа зориулсан. 1989 оны цагаан морин жилийн хувьсгалаар Улсын бага хурлын гишүүн П.Улаанхүү, Г.Лхагважав, Ц.Дорлигжав, одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар бас л эрх чөлөөний хувьсгалын төлөө хамтдаа зогсч байсан. Зах зээлийн өнөө үед бүх хүн амьдрахын төлөө зүтгэж байна. Ард түмнийг минь ялгаж салгаж, ганцхан увс хүн гэсэн үгний төлөө зоргоороо муу муухайгаар нь дуудаж, баалж, шоглох хэрэггүй. Бид Монголын газар шороон дээр амьдарч байгаа хүмүүс. Үүндээ ч бахархдаг. Миний ард түмэн 50 хэмийн хүйтэн, 40 хэмийн халуунд амьдрах чадвартай, хаана ч байсан тэвчээртэй, аливаа өчүүхэн зүйлд ч зүтгэж чаддаг.

-Гэхдээ “Увс хүн” хөгжлийн хөтөч загвар хөтөлбөр бусдаас тусгаар үзэл суртал агуулсан юм биш үү?

-“Увс хүн” хөтөлбөр гарсны буруу байгаагүй. Цахим хуудаст энэ мэдээллийг тавиад байгаа хүмүүс ядаж хөтөлбөрийн доторхийг нь уншчихаагүй. Тэнд бидний яриад байгаа “Зөв монгол гэр бүл”, “Зөв монгол хүн”, хүн яаж ажиллаж амьдрах вэ, яаж амжилтад хүрэх юм, бие биенээ яаж дэмжих вэ гэсэн санааг агуулсан. Харин нэр нь буруу байсан юм. Үүнд улс төр орсон. Түүнээс биш нутаг жалгаараа ялгарах гэсэн үзэл манай нутгийн ард түмэнд байдаггүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн сонгуультай холбоотой нэг зүйл хэлье. Ерөнхийлөгчийн сонгуулиар Б.Бат-Эрдэнэ аваргын багийнхан “Зүрхэн талдаа лугших Зүүн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч төрнө, Цэцэн хан аймгаас наран ургах зүгээс Ерөнхийлөгч төрнө” гэж нутгархаж байсныг ард түмэн санаж байгаа байх. Ардчилсан нам ялсан Хэнтий, Сүхбаатар аймагт ес, 10 мянган хүний саналаар Б.Бат-Эрдэнэ аварга ялсан. Гэтэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төрсөн нутаг гэх Ховд аймагт үнэхээр баруун аймаг, увсчууд гэж талцдаг юм бол 20 мянган хүнээр ялах ёстой байсан. Гэтэл 203-хан хүний саналаар ялсан. Х.Баянмөнх аваргын төрсөн нутагт нь Б.Бат-Эрдэнэ аварга ялсан. Нутгархдаг бол Б.Бат-Эрдэнэ аваргад санал өгөхгүй биз дээ. Үнэхээр талцдаг байсан бол Ю.Цэдэнбал дарга Увс аймагт их сургууль байгуулж, том үйлдвэр барьж болох л байсан. Ерөнхий сайд Н.Алтанхуяг импортын цахилгаан авдаг баруун гурван аймагт биш Таван толгой, Оюутолгойд 60 Мвт-ын цахилгаан станц бариулж байна. Жинхэнэ нам намаараа, улстөр улстөрөөрөө талцдаггүй үздэг нь манай аймаг.

-Хөтөлбөрийн нэр буруу байсан, улс төр орсон гэлээ. Увсчуудыг талцуулах бодол байсан гэж хэлээд байнауу?

-Хөтөлбөрийг тухайн үеийн Засаг дарга Э.Цасчихэрийн эхнэр хэсэг хүмүүстэй 17 сая төгрөг зарцуулан байж 2010 оны арванхоёрдугаар сарын 25-нд хүчээр баталсан. Сайн хөтөлбөр ч нэр нь оноогүй байсан. “Увс хүн” хөтөлбөр гарвал Ховд, Завхан, Хэнтий хүн хөтөлбөр гарна. Бусдаас өөрсдийгөө давууд тавьсан байдал ажиглагдана. Дээр нь Монгол Улсын үзэл санаатай харшилна. Нэрийг нь соль гэж тухайн үеийн Ардчилсан намын бидний нөхөд маск зүүж эсэргүүцэж байсан. Тухайн үед МАН-ынхан сонгуулийн өмнөх жил ийм хөтөлбөр гаргасан. Ард олныг талцуулж байвал тэдэнд ашигтай. Увайгүй улстөрчид өөрсдийгөө давуу болгож харагдуулах гэж тэр. Тэд “Увс хүн” гэж дуугарвал увсчуудад таалагдана гэж бодсон. Ард түмнийг хайрцаглаж саналыг нь дуртай үедээ мөнгөөр худалдаж авах сонирхолтой. Түүнийгээ 2008 онд 10 мянган төгрөгөөр эхлүүлж 2012 оны сонгуулиар 100 мянгаар худалдаж авсан. Тэд хэдхэн хоногийн өмнө 10 кг гурил, цагаан будаа, зэс аяга, гар чийдэн иргэдэд тарааж эхэлсэн гэсэн. Ард олны сонгох, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа хэрэг. Сонгуулийн саналыг 100 мянгаар худалдаж авсан хэргээр шүүхээр олон удаа орчихоод юу ч бодохгүй, одоо гурван жилийн өмнөөс сонгуулийн авлигыг эхлүүлж байна. Түүнээс биш манай нутгийн ард түмний дунд ийм бодол байхгүй. Увс аймгийн хэмжээнд, би өөрөө аймгийн Засаг даргын хувьд үнэхээр санаа зовж байна.

-Одоо уг хөтөлбөр хэрэгжиж байгаа юу. Та ажлаа аваад багагүй хугацаа өнгөрсөн. Анхнаас нь эсэргүүцэжбайсан бол энэ хугацаанд тэр хөтөлбөрийг өөрчилж болоогүй хэрэг үү?

-2010 онд гаргасан номын гадна хавтасыг гаргаж ирж Монгол даяар хэрүүлийн алим шиднэ гэж бодоогүй. Тэр хөтөлбөрийг гарсны дараа төрийн байгууллагын албан хаагчид, байгууллагуудаар тараасан ч амьдралд хэрэгжээгүй. Хөтөлбөрийн хувьд сайн бүтээл. Ийм загвараар “Монгол хүн” хөтөлбөр гаргах цаг нь болсон. Тиймээс бид үүнийг аймгийн ИТХ-аар оруулаад Увс хүн хөгжлийн загвар гэсэн хөтөлбөрийг хүчингүй болгож “Монгол хүн” хөтөлбөрт оруулах Увс аймгийн иргэдийн санал гэж Ерөнхийлөгчид өргөн баръя гэж ярилцаж байгаа. Түүнээс авах санаагаа аваг.

-Танай аймагт саяхан битүү зах ашиглалтад орсон. Өнгөрсөн оны бүтээн байгуулалтын ажилд танайнутгийнхан ам сайтай байгаа гэж дуулдсан?

-Ойрын үед манайх өрхтэй харилцах 19600 дэвтэрийг айлуудад тарааж байгаа. 2014 онд төрийн үйлчилгээг айлын хаалгаар оруулах хөтөлбөр дэвшүүлсэн. Төрийн албаныхан өрөө тасалгаанд сууж биш, айлын хаалгаар орж ард иргэдэд хуульзүйн зөвлөгөө өгөх, нийгмийн болоод бусад суурь үйлчилгээг үзүүлье гэсэн. Мөн аймгийн Засаг даргын Тамгын газраас нээлттэй хаалганы бодлогоо зарласан. Увс аймагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийх гадаад дотоодын аж ахуйн нэгж, хувь хүн хэнд ч газраа урт хугацаагаар эзэмшүүлэх бодлогыг гаргасан. Энэ бодлогын хүрээнд манайд Увс аймгийн хөгжлийн загвар, чиг хандлагыг тодорхойлох судалгааны томоохон баг ажиллаж байна. Хоёр сарын дараа судалгаа дуусах байх. Түүнд төрийн байгууллага, хувийн хэвшил нийслэлд байгаа хүн эрдэмтэн мэргэдийн санаа бодлыг оруулахаар ажиллаж байна. Мөн Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс энэ жил “АЙСО 9008” төрийн захиргааны чанарыг сайжруулах төслийг эхлүүлээд байна. Ойрын хугацаанд манай аймгийн удирдлагууд аймгуудаар явж шинэ санаа, санаачлага, авч хэрэгжүүлэх боломжтой ажлыг судалж байна. Аймгийн Засаг даргын Тамгын газраас Баян-Өлгий, Ховд, Архангай аймагт байгаа оюутан залуус, цэргийн албаныхан, шоронд ял эдэлж байгаа хүмүүсээ эргээд ирлээ. Эрх чөлөөгөө хасуулсан ч тэд манай аймгийн иргэд. Удахгүй ялын хугацаа дуусахаар нутагтаа, ээж аав, гэр бүлийнхэндээ ирнэ. Бид оюутан, цэрэг, ялтан эргэхдээ биш энэ төр энэрлийн нүдээр иргэдээ хардаг байх ёстой гэсэн үүднээс хийсэн ажил. Дээр нь аймгийн удирдлагууд өнгөрсөн сар шинийн баяраас эхлэн бүх багууддаа ажилладаг болсон.

Энэ жилийн хувьд манай аймагт цаг агаар тогтуун сайхан байлаа. Ард түмний ажил үйлс ч өөдрөг байсан. Хамгийн гол нь хувийн хэвшлийнхнээ тууштай дэмжиж байгаа. Тэд орон сууц зэрэг олон хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Мөн “Шилэн халаас” хөтөлбөр, төрийн аж ахуйг татан буулгасан зэргээр өнгөрсөн оны ажлыг дүгнэвэл эдийн засгийн зөв бодлого явуулж, хувийн хэвшлийнхнийг дэмжиж чадсанаар манай аймгийн нийт хадгаламж 18 тэрбум төгрөгөөр өслөө. Хүн амын тоо анх удаа 1999-өөр өсч 75 мянгад хүрлээ. Мал 197 мянга болж, таван төрөлдөө өсч бойжиж байна.

Б.ЭНХЗАЯА

polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих