Төв аймгийн хүнсний ногоог дахин шалгуулна
БНХАУ-аас импортлон оруулж ирсэн болон манай улсын хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногооноос пестицид гэх хорт бодис илэрсэн талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн билээ.
Харин судалгааны үр дүн бодитой бус хэмээн шүүмжлэлд өртөөд байсан юм. Энэ талаар Төв аймгийн ҮХААГ-ын Үйлдвэр, газар тариалангийн хэлтсийн дарга Ж.Сүрэнхорлоогоос тодрууллаа.
-Төв аймгийн хүнсний ногооноос хорт бодис илэрсэн гэх мэдээлэл гарсанаас хойш иргэдээс танай байгууллагад ямар нэгэн санал гомдол ирсэн үү?
-Төв аймгийн хүнсний ногоо хортой гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсанаас хойш хэрэглэгч болоод үйлдвэрлэгчийн хооронд үл ойлголцож бий болсон. Энэ нь улмаар гадны орнуудаас их хэмжээний хүнсний ногоо оруулж ирээд дотоодын үйлдвэрлэгчдийг шахан гаргах гэсэн нэг төрлийн оролдлого гэж хэлж болохоор байна. Манай улсад Атрын гурав дахь аяныг өрнүүлж, Монгол Улс төмснийхээ дотоодын хэрэгцээг 100 хувь хангадаг болоод 4-5 жил болж байгаа. Энэ цаг үед ийм хариуцлагагүй мэдээлэл хийж байгаа нь харамсалтай л байна.
-Пестицид гэх хорт бодисыг танай аймагт хэр их хэмжээтэй ашигладаг юм бол?
-Манай улс хортон шавжийг устгах бодис буюу пестицидийг хамгийн бага хэрэглэдэг улсын нэг. Гэтэл гадаадын хөгжилтэй орнуудад нэг га талбайд дээд тал нь 1200, дунд төвшинд 600, хамгийн бага төвшинд 340 литр пестицидийг хэрэглэдэг гэсэн судалгаа байдаг. Гэтэл манай улс нэг га талбайд 1.6 литр пестицидийг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, Газар тариалангийн үйлдвэрт пестицид хэрэглэдэгээрээ дэлхий нийтийн улс орнуудын хамгийн сүүлд байдаг.
Газар дээрээс нь шууд дээж авч, шаардлагатай бол ногоогоо тарьж байгаа газарт нь шинжилгээ хийгээч гэж хэлмээр байна. Бид хамтарч ажиллахад бэлэн байгаа
-Төв аймгийн ногоо хортой гэх мэдээллийг хийсэн хүмүүстэй холбогдож, уулзаж үзсэн үү?
-Яг бодит бус мэдээллийг нийгэмд түгээсэн хүмүүсийг Төв аймгийн Борнуур, Жаргалант зэрэг газар тариалангийн бүс нутагт очиж дахин шинжилгээ хийхийг бид хүсч байгаа. Уг асуудлыг анх сөхөж тавьсан хүмүүс бидэнтэй хамтарч ажиллаж яагаад болохгүй гэж. Одоо очоод хадгалж байгаа хүнсний ногоонуудаас нь дээж аваад, шинжилгээ хийж өгөх шаардлагатай байна.
-Одоо шинжилгээ хийвэл ямар хүнсний ногоонууд байгаа вэ?
-Эдгээр сумдад тариачдын хамаг хүч хөрөнгөө шингээж тарьж ургуулсан төмс, сонгино, лууван гээд хүнсний ногоонууд нь бүгд хадгалагдаж байгаа. Газар дээрээс нь шууд дээж авч, шаардлагатай бол ногоогоо тарьж байгаа газарт нь шинжилгээ хийгээч гэж хэлмээр байна. Бид хамтарч ажиллахад бэлэн байгаа.
-Тэгвэл танай аймгийн хүнсний ногоог хортой гэсэн нь ташаа мэдээлэл гэж ойлгож болох уу?
-Бид хүнсний ногоог хортой гэж мэдээлэл хийсэн хүмүүсийн дүгнэлтийг үгүйсгэх гэсэн юм биш. Харин ч ямар гарц байна, үнэн бодит мэдээлэл мөн эсэхийг холбогдох байгууллагуудтай нь хамтарч ажиллаад нийгэмд, ард иргэдэд үнэн бодит мэдээллийг цацахыг хүсч байна.
Ж.Отгонмягмар
/Монголын мэдээ/
URL: