Намрын нуур руу чулуу юунд шидлээ
Манан, нуур хоёр бие биедээ уусаж,
Шувуу, давалгаа хоёр ялгагдамгүй буцалж,
Сарны туяа ч багтамгүй
Салж ядсан цагаар
Саваагүй хонгор аашиндаа хөтлөгдөж,
Сайхан Нүдэн нуур руугаа, би
Чулуу юунд шидлээ!
Сандарсан шувууд нь
Эргэж буулгүй,
Зэллэж чадалгүй буцаж билээ.
Гунигаа дааж ядан
Газраар чирсэн сүүдэр нь хүртэл
Доголох шиг буцаж билээ.
Даан ч холдоо буцахынхаа урд
Дараалан гурван шөнө чуулах ч байсан юм билүү?
Ижий болсон цэнхэр нуураа
Эргэж гурвантаа ганганах ч байсан юм билүү?
Исгэрэх суманд өртсөн нэгийгээ
Ирэх болов уу! гэж горьдож байсан ч юм билүү?
Эргэж иртлээ элэг хатан санах
Энэ л нуурынхаа усыг залгилж ханаагүй ч байсан юм билүү?
Гэнэн зүггүй зангаар чулуу шидсэн минь буруутай ч
Гэхдээ би шувуу бүхний өмнө буруугүй,
Ирэх хавар сайхан Нүдэн нуурандаа ирье гэвч
Ирж чадахгүй шувууны өмнө гарцаагүй би буруутай… Б.Лхагвасүрэн
URL: