“Миний дэлгүүр” сэтгэцийн өвчтэй хүнийг 300 мянган төгрөгөөр торгожээ
Манай хэдэн том сүлжээ дэлгүүрийнхэн иргэдийг хохироох тал дээр бие биетэйгээ өрсөлддөг болж. Худалдан авагчдыг шулсан, доромжилсон, илүү мөнгө авсан гэж байнга сонсогддог.
Барааны чанарын тухай гомдолд бүр чих дасчихаж. Саяхан “Миний дэлгүүр” сүлжээний 121-р дэлгүүрийнхэн сэтгэцийн өвчтэй хүнээс 300 мянган төгрөгийг “торгууль” нэрээр аваад баригджээ. О гэдэг сэтгэцийн өвчтэй хүн уг дэлгүүрээс эд зүйл авч гарах гэж байгаад баригдаж. Тэрээр бусад шиг үйлдлээ ухамсарлах, хариуцлага хүлээх чадвартай хүн бус атал дэлгүүрийнхэн эд бараагаа буцаан аваад зогсохгүй дээр нь 300 мянган төгрөгөөр торгож торгуулийн хуудас бичиж өгчээ.
Торгуулиа О-гийн халамжийн мөнгөнөөс авчихсан байж. Дэлгүүр барааныхаа үнийг л нугалж төлүүлдэг болохоос 300 мянган төгрөгөөр торгох эрхгүй. Зөвхөн төрийн эрх бүхий ажилтан л ийм эрхтэй. Гэтэл ийнхүү даналзсан нь “Миний дэлгүүр”-ийнхэн худалдан авагчдаа хэрхэн дорд үздэгийн нэгэн жишээ гэхэд болно. О-гийн ар гэрийнхэн өвчтэйг нь далимдуулан их хэмжээний мөнгийг нь авсан талаар хандсан ч урдаас нь тас загнажээ. Эцэст нь шүүхэд хандахад 121-р дэлгүүрийн менежер Тогосхүү нь болсон явдлыг аргагүй хүлээж “300 мянгаа одоо манай касснаас бэлнээр ав” хэмээн томорсон гэнэ.
NUUTS.MN
URL: