Шашины ариун газрыг Гандангаар төсөөлөхөд бэрх болжээ

527-139418170305Гандан гэж эргэл мөргөлийн орон нийслэлийн минь төвд бий. Бурхны олон шавь нар энд буян номын ажлаа хийн шар нар, бор хоногийг өнгөрөөн сууна. Буяны мөрт замын авшиг дуудуулж ,зовлон жаргалаа тоочин лам хуврагын мутраас бурхны ивгээл адистад хүртэхээр зорих олны хөл үүгээр тасрахгүй.

Монголчууд бид ихэд сүжрэн шүтэх энэ хүрээ хийдийнхээ наян тохой Мэгжид Жанрайсагаар гонхлон, гороо эргэн гарахдаа бие махбодь, сэтгэл санаагаа нэг удаадаа ч болов ариуссанд тооцон хэсэгтээ л өөдрөг явдаг. Алив хэрэг үйлс нь бүтэлгүйтэх зэрэгт арга эв учир начрыг нь олох гэхээс урьтан бушуухан л наашаа хадаг яндар барин гүйдэг зуршилтай.

Хөдөө гадаанаас ирсэн улс Нарантуулаар орж хужаа бараа ганзагалаж авчихаад заавал Гандангаар дайрч буян заяа, алс хэтийнхээ үйл хэргээ даатгаж, хот хүрээ орсны баримт болгон зураг хөргөө татуулцгаадаг нь ном.

Сургууль номоо дүүргэсний баяраа тэмдэглэх сурагчид, оюутнууд гээд хамт олноороо ирж ажил амьдралынхаа гарааг баталгаажуулан хэлбэр төдий мөргөн сүслэхийн сацуу эрээн мяраан элдэв шалдаваар патиардуулж, бас зүгээргүй шампанск буудуулж бурхан шажны гортиг болсон газраа хоосон лонхоор мялааж харагдана.

Манай шар хувцастнууд энэ бүгдэд ер дасал болсон, шижээргүй хандаад сурчихсан харагддаг. Олон холхих энэ газар, эргэн тойрон зурхайчид, мэргэ төлөг тавигчдийн бяцхан оромжоор хүрээлүүлэх ба хүмүүс тус тусын зорилгоор тэдний босгыг нь ээлжгүй элээж байдаг.

Тийнхүү тусгай тарифын дагуу засал номоо хийлгэж өргөл барьцаа өгөн ар талаа батлан даалгана. Өдөржингөө таних танихгүй хүнд мэдэх мэдэхгүй ном уншиж мэргэ төлөг тавин суух хөөрхий засалчдын хөлс нь бурзайн ихэд алжаан суух дүр сүр нь инээдтэй бөгөөд басхүү ажлаа хийж суугаа тэд хэтэвчинд нь унах хэдэн зоосны их багад нүд нь сэргэн дараачийн хүнээ угтан авна.

Бурхныг ингэж лам, харгүй хамтран хахуульдацгаана. Уг нь цаад мөн чанартаа бурхан шажны номлол хэлбэрийн, эд мөнгөний бус агуулгын нарийн нандин учир жанцантай билээ.

Ядаж манай Гандангийн хэдэн дарга даамлууд гол шүтээний өмнө байрлах шилэн хайрцаганд сүсэгтэн олны хайрласан хэд гурван төгрөгөөр даавуу шаавуу худалдаж аваад эгнээ зайгүй өрөөтэй байх тоос шороонд дарагдсан янз төрөл олон бурхдын шавар баримлууд ном судрынхаа тоос шороог угааж арчаад байж болмоор санагдана.

Эргүүлэх гэж гарын сарвуу цуцааж орхидог хэдэн хүрднийхээ голыг тослоод гацахгүй чахрахгүй эргэдэг болгож болмоор л бодогдоно… Манай хүрээ хийдүүд нэг иймэрхүү л төрх янзтай байх юм даа. Гандангийн хэдэн тагтаа шиг зүгээр бэлэн хоол зооглоод амьдрах тэмцэх сэтгэх чадваргүй болчихсон шиг байж болмооргүй байна даа. Аль аль нь анхаарах л хэрэгтэй юм. Бордуулж хэвтээ нь ч, бордож суугаа нь ч. Сүслүүлж суугаа нь ч, сүслэж хэвтээ нь ч…

Эх сурвалж: “Болсон явдал” сонин


URL:

Сэтгэгдэл бичих