ХЭЛЭЭ “ЦАРЦААХ” САНААЧИЛГА
/егөө эсээ/
Хайрт дарга нарт минь уран зохиол хэрэггүй, бас дээр нь “хэрэгтэй, хэрэггүй” нэг их олон үсэг хэрэггүй. Тиймээс дөрөв таваар нь цөөлөөд эцэст нь огт үсэггүй бичигтэй болох санал дэвшүүлж байна. Энэ бол шинжлэх ухааны шинэ дэвшил төдийгүй асар их “АЯКҮ” өндөртэй даргатай, “АЯКҮ” өндөртэй ард түмний хийдэг ажил. Түүнээс биш хөх толбогүй, тэнгэр язгуургүй, супер нэгдлийн цусгүй, босоо заяагүй бол баргийн ард түмний барж хийдэг ажил биш. Ер нь болж л өгвөл бүгдийн цөөлөх, царцаах, нэвчээх, шингээх нь зөв. Учир нь дарга нар минь хүсч байна.
Яасан, саяхан хэдхэн жилийн өмнө дэлхий дээр 6000 гаруй хэл байжээ. Одоо бол 3000 хүрэхгүй болтлоо цөөрсөн. Энэ яасан. Мэдээж ухаантай дарга нартаа хайртай ард түмнүүд хэлээ “царцаачихсан”. Хэдэн жилийн дараа улсын төсөвт нь цөөнгүй доллар хаанаас ч юм ороод ирвэл хэлээ “гэсгээгээд” л эргээд хоорондоо ярьж эхэлнэ. Бид ч гэсэн хэлээ царцаачихаад “САМУРАЙ” бондоо хэсэг харвал яасан юм. Тэр хоорондоо харин ёс заншлын математик, геометрийн хэл шинжлэл, монгол хэлний одон орон гэдэг огт цоо шинэ ер бусын шинжлэх ухаануудыг дарга нартаа зориулж санаачлаад зохих шагналаа хүртэж, шинэ мөрийн хөтөлбөр, шинэ “таван жилийн төлөвлөгөө” боловсруулж түүнийгээ мөрдөцгөөе. Амбасын үед, амбан Ховдоос хөөгдөөгүй байхад л бид ”зүгээр суухаар зүлгэж суу” гэдэг байсан биз дээ. Хэлээ царцаасан юм чинь зүгээр суухаар нэг юм ч гэсэн зүлгий л дээ. Харин юу зүлгэдэг юм билээ гэж бодсон чинь ийм нэг сайхан зүлгэх санаа орж ирдэг юм.
Хамгийн гол нь “математикин уран зохиол” гэдэг Юрийн галавын үеийн шинжлэх ухааны нээлтийг нь МҮҮН, урд хөрш хоёроосоо өрсөж ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгүүлж хөөрхий ”БАТААР”-ыгаа тэр мэт олон дүү нартай болгож, дарга нарынхаа магнайг тэнийлгэж, хөөрхийсийг нэг удаа ч болов сайн баярлуулвал яасан юм. Аягүй бол цаад МҮҮН энэ тэр гэсэн овсгоо самбаатай, мөнгөтэй “гар”-ууд чинь хэдийнээ биднээс өрсөөд бүртгүүлчихсэн байх вий. Ер нь ингэхэд бид сүүлийн үед элдэв хэл ам татлаад тэднийгээ мөн ч их зовоож байна. Тэдэнд минь ямар буруу байгаа юм. Хөрхийсийг зөв зүгээр л газар ухаад л, газраа зараад л гэм хоргүй гүйж явахад нь бид нар л “дарга” марга болгож сонгоо биз дээ.
Ингэхэд бичиж л байвал элдэв дүрмээр яах юм. Ертөнцийн юм бүхэн “хялбар, энгийн, нийтлэг” болж байхад бид л гэж хачин хачин дүрэм ярьж байх. Энэ чинь хөгжлийн гарц биш. Харин ч метро барьж Богд уулыг нэвт цоолох дарга нарын минь ариун гэгээн мөрөөдөлтэй харшилж байгаа учраас “хэл мэл, бичиг мичиг, үсэг мүсэг” гэсэн огт хэрэггүй юм ярихаа өнөөдрөөс ингээд больцгооё, олон түмэн минь. Зүгээр ярьдаг шигээ бичиж, бичдэг шигээ ярьцгаая. Бүр болж бөгвөл бичихээс ч больцгооё, ярихаа ч байцгаая. Зүгээр л худлаа монгол ухаан, Чингис, тулганд галаа, тусгаар тогтнол, уран муран гэснээс хэл амгүй хүрз жоотуу бариад уулаа нүхлэх ажилд нь ханцуй шамлан дайръя. Тэгээд ч энэ уулыг хожим хэлээ гэсгээгээд хоорондоо ярьдаг болохоороо “БОГД ХААН” биш “НҮХТ” уул гэж нэрлэвэл зохино. Ер нь манай дарга нар эртнээс ихэвчлин “зөн билигтнүүд” байсан учраас олоон жилийн өмнө мэдсэн юм шиг “Нүхт”-ийн аманд нүүж очоод бууж сууцгаасан байгаа юм. Агуу, агуу. Яаж ирээдүйг ингэж маш тод хардгийн ердийн энэ жишээ юм чинь.
Нэг их толгой нь эргэсэн дээрээс нь хамуурсан франц “МИНИЙ ЭХ ОРОН МИНИЙ ФРАНЦ ХЭЛ” гэж жинхэнэ тэнэгтсэн. Хөгжилтэй газар тэнэг юмнууд цөөнгүй байдгийн жишээ бол энэ нөхөр. Дээхэн үед бас нэг “царил хамарт” энэ тэр гэсэн хачин нэртэй орос “эх хэл минь яруу найрсал хөгжим мэт” гэж хэл –хөгжим гэсэн огт хамаагүй юмнуудыг нийлүүлсэн байгаа юм. Хаа газар “орж гардаг” улсууд хаа сайгүй байдаг л юм. Тэдний л нэг. Манайд ч бас цөөнгүй гажигууд байна. Одоо ч байна. “Өсөхөөс сурсан хэл мартаж болшгүй соёл” ч гэх шиг, “чихнээ чимэг болсон сайхан хэл” ч гэх шиг. Сонин юм. Чихнээ чимэг болсон гэхээр энэ хэл мэл нь одоо эхнэр хүүхдийн ээмэг, зүүлт юм уу, хаашаа юм. Тийм гажигуудын бичсэн барьсан хэрэггүй юмнуудыг уншихыг хуулиар хориглож, утга зохиолын хэл, хэлний дээд хэлбэр, эх хэлний ариун байдал, хэм хэмжээ гээд “гоншигноод” байдгийн болиулах хэрэгтэй. Тэгээд ч хүрз бариад уул нүхлэж байгаа ярьдаггүй, бичдэггүй олны минь санаа сэтгэлийг хоёрдуулж мэдэх аюултай. Учир нь тэд маань сонсдог. Цэврүүтсэн гартаа барьж байгаа хүрзээ аягүй бол миний муусайн дарга нарын өөдөөс ч далайж мэднэ шүү. Тиймээс өглөө бүхэн “МИНИЙ ЭХ ОРОН БОЛ МИНИЙ ХҮРЗ” гэж чихэнд нь нэг сонсгоод тэгээд л тэр хоёр сүвийг нь бөглөж байх нь зөв.
Оросын нэг “буруу номтон” этгээд “Хэл бол ард түмэн” гэж шал худлаа залсан. Хэл бол ард түмэн биш, хэл бол дарга нар юм. Ард түмэнд түүнийг ойлгуулахад л энэ улсын боловсролын бүх бодлого чиглэгдэх ёстой гэж би үзэж байна. Би үзээгүй. Бид үзэж байна. Бид гэдэг нь тэр одоохондоо нууц.
Заримдаа баялаг сайхан ЕНГЛИШ, ЧАЙНИШ хэл мэлээр энэ муу ядуу хэлээ эрлийзжүүлж баяжуулмаар санагдана. Тэгээд л дундаас нь тийм сайхан хэлтэй, гоё гоё ГУУНЯА нар гаргаад л тэднийгээ орой бүр зурагтаар харуулна. Бас яриулна. Царцаачихсан монгол хэлээр биш өнөө гоё царай шиг нь хавсарсан нийлмэл гоё хэлээр нь яриулна.Тоглосон киног нь харуулна. Hi, хайраа яасым, nice байсым биший үү. bye, хайраа like, big юутай шүү, кккккк” ийм сайхан ёстой яруу найрсал хэлтэй киног өдөр бүхэн хэд хэдэн ангиар нь үзүүлж, болохгүй бол Солонгост тийм сайхан кинонуудыг захиалгаар хийлгэсэн ч яадаг юм. Нэгэнт л бүгдийг захиалдаг болсон хойно. Хувьсгал, сонгууль, амьдрал, дур хүсэл, хүүхэд хүртэл захиалдаг болсон бидний хорвоо. Нэгэнт ийм болсонд манай дарга нар буруугүй юм чинь. Удахгүй алтаар хавтасласан “шинэ хэлний толь бичиг” гаргаж түүнийгээ “журамлах толь” мэт хуучин үгээр оноон нэрлэхгүй. Урьд хожид сонсогдоогүй “хөгжлийн толь” хэмээн томьёолох тэр сайхан цаг мөд ирэхийг өөр өөрийн шүтдэг бурхан, бөө, хар шар ламдаа даатган залбирваас зохилтой.
Өнөө бас мартах шахаж. Ярих эрхийг дарга нарт. Тэд минь ярих ёстой л доо. Тэдний минь дараагийн дарга нар ч ярих ёстой. Мэдээж тэдний минь үр удмаас төрөх дараагийн дарга нар. Тиймээс эхлээд Зайсангийн амны АМЕРИКАН СКУУЛ шиг сургууль ганц нэгийг байгуулж гаднаас авчирсан зөвлөхүүдээр МАТЕМАТИК НЭВЧЭЭЛТТЭЙ ДАРГА ХЭЛ бүтээлгэж, дараа нь орчин цагийн хийгээд өвөг эртний, дунд үеийн монгол хэлээр бичигдсэн бүх түүх шастир, ном судруудыг өөрөө аяндаа нурах гээд байгаа Үндэсний төв номын санд нь цуглуулаад нураах хэрэгтэй. Тэгээд дарга суурьт холимог хэлээрээ тэд нар минь юу дуртайгаа, юу хүссэнээ, гэгээн сайхан гэрэлт мөрөөдлөө ярьж байг. Лев Ошанины “Наран үүрд мандаг” гэдэг шүлэг шиг тэд минь л үүрд мандаг. Эх хэл, ёс заншил, мөн чанарын язгуур, гүн ухааны уламжлал, төр орших, газар шороо, гэсэн үгсийг тэр шинэ хэлэнд мэдээж оруулахгүй. Үйл үгийн санд НЭВЧЭЭЛЦЭХ, ШИНГЭЭЛЦЭХ, ЦАРЦААЛЦАХ, ХОЛИМОГОЛЦОХ зэрэг сайхан үгнүүдээ хайр найргүй шингээх хэрэгтэй байна. Өнөө хуучин муу хоцрогдсон “чихний ээмэг” хэлээ царцаагаад, болвол бүр тэр чигт нь хөлдөөж, гэсэхээргүй болгоод шинэ сайхан хэлээрээ ам дүүрэн цуурцгаавал ямар вэ? Цоо шинэ зохиомол хэлээрээ дүрэмгүй бичиж, журамгүй ярих гэрэлт ирээдүй биднийг тосно. Үүнээс цааш газар үгүй гэдэг шиг түүнээс сайхан зүйл үгүй. ээ
ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ
2014-02-27
URL: