Банкны теллер нь ял авч захирал нь хэргээс мултарсан түүх

b66468212d34904foriginalСарын өмнөхөн “Капитал” банкны захирал мэргэжилтэн теллерын  харилцагчидаа луйвардсан гэх хэргийг шүүхээс шийдсэн. Гол буруутан болсон теллер Х.Мандахад 10.1 жилийн хорих ял оноож гүйцэтгэх захирал асан А.Ариунболд, ахлах мэргэжилтэн З.Мөнхсүрэн нарыг гэм буруугүй гэсэн тогтоол гарсан нь “Капитал” банкныхан бүх ялыг ганц теллертээ үүрүүллээ хэмээн зарим нь шуугисан.

Хэрэг нь маржин арилжаа гэдэг валютын ханшийн зөрөөн дээр тоглодог наймаанаас үүдэлтэй аж. Энэ нь хялбарчилж тайлбарлавал үндсэндээ “Найман шарга” шиг солилцоог онлайнаар л хийнэ гэсэн үг аж. Гэхдээ их мөнгөөр хийдэг мөн банк бүр тусгай данстай байдаг гэнэ.

Тухайн үед “Капитал” банк нь маржин арилжаа хийлгүй жил шахам болж байсан гэнэ. Гэсэн ч теллер Х.Мандах нь том хэмжээний арилжаа хийх гээд баларсан нь энэ банкинд хяналт шалгалт ямар байгааг харуулж байгаа аж. Албан үүргийн дагуу валютын арилжаа, гүйлгээг гүйцэтгэх захирал ахлах мэргэжилтэн нар буюу Ариунболд Мөнхсүрэн нар хянах ёстой ч харижулага алдсан.

Тэд өөрсдийгөө шүүх хуралд өдөрт 20-30 хэлцэлд гарын үсэг зурдаг, ханшийг л харахаас хэлцэл хийгдсэн эсэхийг шалгах боломжгүй байдаг гэж өмгөөлсөн.  Мандах нь анхнаасаа маржин арилжаа дээр томхон тоглочих төлөвлөгөөтэй байжээ. Их хэмжээгээр доллар солиулах хүмүүс байнга ирдэгийн дээр дотоод хяналт сул гэдгийг ч бодолцож. Эхлээд иргэн Наранцэцэгээс 90, дараа нь 120 мянган долларыг валют арилжах хэлцээ нэрээр аваад урьдчилан нээсэн маржин арилжааны данс руугаа хийжээ.

Энэ мөнгөөр арилжаа хийн тоглотол алдагдалд орж. Хэдийгээр алдсан ч цаашаа тоглоод явах боломж байсан тул дараагийн хүнээсээ мөнгө аван оруулаад алдагдлаа нөхөөд бүр ашиг гаргая хэмээн шийдэж. Харин Наранцэцэгийг мөнгөө нэхэхэд нь “теллэр алдаатай шивж нэг хоёр өдөр хүлээ” гэх зэргээр аргалж  дөнгөж. Дараагийн хүн нь Адилбек байсан нь яг маргааш нь доллар авахаар ирж таарчээ. Тэрээр ханш өсөж байгаа тул төгрөгөө доллар болгох аавынхаа үүргийн дагуу судалгаа хийгээд эцэст нь “Капитал” банкийг сонгож 550 мянган доллар авахаар 869 сая төгрөгийн хэлцлийг Мандахтай хийжээ.

Гэтэл доллар нь орохгүй 2-3 хоносонд банкин дээр очиж ахлах мэргэжилтэн Мөнхсүрэнтэй уулзжээ. Тэрээр хэлцлийг хувилж аван мөнгө шилжүүлсэн баримтыг үзээд тодруулья гээд бараг цаг хүлээлгэж. Мөнхсүрэн шууд л гүйцэтгэх захирал Ариунболдод хэрэг бишдсэнийг мэдэгдэхэд тэд ярилцаад дэвэргэлгүй аргалж байгаад нам дарья гэж шийджээ. Хэрвээ цагдаа шүүхдээ тулах юм бол банкны нэр хүндэд халтай гэж үзжээ. Мандахыг дуудан ирж уулзахад тэрээр хүлээсэн тул дарга нар нь “таны мөнгийг оруулж өгнө, бүр яаралтай оруулж өгнө, гол нь та хэл ам гаргаж болохгүй шүү” гэх зэргээр Адилбекийг ятгажээ.

Мандах бүгдийг зохицуулна гэсэн тул харзнахаар шийдэж. Мөнхсүрэн нь илүү хаширлаж уулзалт болгоноор юу яригдсаныг утсаараа бичээд авсан байсан гэнэ. Харин Ариунболд нь хэлцлийг би батлаагүй, наадах чинь хуурамч байна  гэсэн тул Адилбек цагдаад хандан дээр нь өргөдөл гаргаад дансаа царцаажээ. Тэрээр Ариунболд Мөнхсүрэн нарыг Мандахтай хуйвалдаад байна гэж хардсан тул нийлээд мөнгийг нь авчихна гэж болгомжилсон гэнэ. Энэ хооронд Мандах нь  Адилбекийн мөнгөнөөс Наранцэцэгийн 210 мянгыг долларыг гаргаж өгөөд түр аргалсан байж. Үлдсэнээр нь ахин тоглосон ч дахиад л алдаж.

Тоглоомын азын тэнгэр нь хаяж тэр өдөр ханш өсөлгүй унасан тул дахиад л алдагдалтай гарчээ. Эцэст нь сүүлчийн удаа үзээд алдахаар зориглон  ахин мөнгө босгож. Тэрээр “Их Монгол Кредит” банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг Зоригоод хандан 600 мянган долларыг 954 сая төгрөгөөр арилжахаар тохирчээ. Зоригоо нь удирдлагаасаа зөвшөөрөл авч Мандахын өгсөн Эгшигмаа гэдэг хүний дансанд мөнгөө тушаасан гэнэ. Эгшигмаа нь Мандахын гэр бүлийн хүн агаад нөхрийнхөө заавраар тэр даруй 550 мянган доллар худалдан авч Адилбекийн данс руу хийж.  Гэсэн ч  “Их Монгол Кредит”-ээс авсан мөнгөнийхээ ихэнхийг өрөндөө өгсөн тул Мандахад тоглохоор ч мөнгө үлдсэнгүй тул үлдсэн авлагаа  дарж дуусгахаар шийджээ.

Ганбат гэдэг найздаа тавьсан 15 саяын өрөө өгөөд цаана нь ердөө 30-хан сая төгрөг үлдсэнийг нь “Их Монгол кредит” руу буцаан шилжүүлсэн гэнэ. Харин 954 сая төгрөгөө өгчихсөн Зоригоогийн хувьд ёстой дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэгч болж. 600 мянган доллар нь орж ирэхгүй байсан тул тэрээр Мандахыг алдчих байх гэж айсандаа өдөржин салалгүй дагаж гэрт нь хүртэл сахиж хоносон гэнэ. Сүүлдээ Мандах мөнгийг нь маржин арилжаанд оруулаад алдчихсан гэдгээ үнэнээр нь хэлсэнд цаадуул нь тэр дороо цагдаад өгчээ.  Энэ хэрэгт Ариунболд Мөнхсүрэн нарыг албан үүргээ дутуу биелүүлснээс Мандахад гэмт хэрэг үйлдэх нөхцөл бүрдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн. Учир нь Мандах нь Наранцэцэг, Адилбек нартай гэрээ байгуулахдаа хэлцлийг маржин арилжаанд оролцохын тулд зориуд өөрчилж дарга нараа төөрөгдүүлсэн гэжээ.

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих