“Эмийн сангаас хамгийн хүчтэй антибиотик аваад уучих”

emnelegХэд хоногийн өмнө өрхийн эмнэлэгт шөнө халуурч хоносон хүүгээ үзүүлэхээр очив. Өглөөний 08:30 цагт иргэдийн хөлд дарагджээ. Эмч дэргэдэх эмчтэйгээ газар хөөцөлдөж байгаа тухай ярингаа хайрамжгүйхэн үзлэг хийнэ. Би зориуд,

-   Эмч ээ, манай хүүг сайн үзээд өгөөрэй  гэвэл,
-   Муу үзнэ гэж яадаг юм хэмээн аягүйхэн дуугаран, хоёр эм бичиж өгөөд, дараагийн хүнээ дуудав.
Дахиад л асуух хэрэг гарлаа.
-  Энэ ямар үйлчилгээтэй  эмнүүд вэ. Цагаар уух уу гэвэл их л дурамжханаар
-  Эхнийх нь ханиад дарна,. Дараагийнх нь  халуун бууруулна гэлээ.
Хайхрамжгүй, хэт мэргэжлийн бус  санагдсан тул эмчид дургүй хүрээд явчихлаа.
-   Би нөхрөө үзүүлмээр байна. Бас л ханиад хүрчихсэн юм.
-   Эмийн сангаас хамгийн хүчтэй антибиотик аваад уучих аа, алив ээ дараагийнх нь.
-   Та нар ингэж хэлээд сууж байдаг юм уу?
-   За оруулаач ээ,тэгвэл тэр нөхрөө…
Нэг иймэрхүү өндөр өнгөөр бид ярилцаад, чагнуураа авснаар нөхөрт маань мөн ханиад дарна,  халуун бууруулна гэх хоёр эм бичиж өглөө.
Эмийг талх мэт хэрэглэнэ
Ингээд эмээ авахаар, эмийн сан зорив оо. Тэрхүү эмийн санд намайг таван минут хэртэй саатах хооронд  арав гаруй хүн орж ирлээ. Тэдний 2-3 нь л эмчийн бичиж өгсөн жорын дагуу эм авсан бөгөөд бусад ханиадны шинж тэмдгээ хэлээд л эмийн санчийн өгсөн эмийг  үг дуугүй, авч байх юм.
Авч буй эмнүүд нь их товчхон. “Ханиад дарна”  гэсэн зааврын дагуу өгч буй антибиотик, “Халуун бууруулна” гэх өвчин намдаах төрлийн эм. Дээр нь  нэмж хүүхэд шуухаддаа өгөх ууттай витамин авах бөгөөд шил, лаазан савлагаатай витамины төрлийн шингэн эмнүүдийг шууд тэр дор нь залгилан, шилийг хогийн сав руу хийгээд гарч одоцгооно.  Яг л  “зоригоо чангалж, 100 татна” гэдэг шиг дүр зураг харагдлаа.
Нэг иргэн ойролцоогоор 8-14 орчим мянган төгрөгөөр зарцуулж байв. Эндээс ханиад томуу ихтэй  байгаа өвлийн цагт эмийн сангууд муухан хүнсний дэлгүүрээс орлого сайтай байдаг нь харагдана.
Яг энэ дүр зургаар бол эмийн санч, эмч хоёрт ялгараад байх юм ч алга. Нэг нь хайрамжгүйхнээр эм бичиж, нөгөөхийг нь эмийн санч цээжлэн, түүнийгээ жоргүйгээр талх мэт зарна.
Нөгөө талд , иргэд зөвхөн өвдөхгүй, ханиад хүрэхгүйг л хичээнэ. Хүртэж орхивол аль болох хурдан эдгэх хэрэгтэй, эргэн тойрондоо халдварлуулж болохгүй. Учир нь амьдрал буцалж байна. Ажиллаж амьдарч, лизингээ төлж, хүүхэдээ цэцэрлэгт өгч,   талх, нүүрсээ авахгүй бол горьгүй нь.
Өвдөх эрхгүй мэт давчуу, бачим нийгэмд хоногийнхоо хоолны төлөө зүтгэж байгаа иргэд эмийн сангаас түргэн хугацаанд ханиад дарж, халуун бууруулах эм авахын тулд хэтэвчээ хоослоход бэлэн. Зарим тохиолдолд  талх идэхийн оронд эмээ авч, хурдхан эдгэхийг л чухалчилна. Эмийн буруу замбараагүй хэрэглээ ийм маягаар газар авсаар л байна.
Эмийн замбараагүй сурталчилгаа 
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг нийтийн эмийн сан 600 орчим, эмнэлгийн үйлчилгээний 39, эм ханган нийлүүлэх  42 байгууллага байдаг бөгөөд эмийн улсын бүртгэлд  49 улсын  316 үйлдвэрлэгчийн  2 476 нэрийн эм бүртгэлтэй. Дээрээс нь Үндэсний эмийн үйлдвэрүүд 370 орчим нэр төрлийн нэрийг дотоодын эмийн хэрглээнд нэвтрүүлсэн гэж байгаа.
Иргэд  телевизийн олон ангит кинон дундуур сурталчилж буй эмийн нэрийг тогтоож аваад, эмийн сангаас түүнийгээ ямар ч жоргүй авч уудаг байдал энгийн үзэгдэл болжээ. Нэгэн үес эмийн замбараагүй сурталчилгаанд хяналт тавих хуулийн төсөл хүртэл боловсруулагдаж байсан ч, тэгсгээд замхарсан. Холбогдох газруудаас эмийн сангуудад хяналт хийсэн талаар мэдээлэгдээд өнгөрдөг. Төрийн зүгээс хяналт тавих асуудал нэг тийм унтаа байдлаар үргэлжилж, эмийн зохисгүй хэрэглээнд иргэд нь дасал болсоор уджээ.
Мэдээж эм ханган нийлүүлэгчид, дотоодын эмийн үйлдвэрүүд борлуулалтаа эрхэмлэх нь зүйтэй. Гэхдээ сүү, тараг, талх тариа шиг сурталчилдаг хэлбэрт зайлшгүй хяналт тавиж, эмийн сангуудын жоргүй олголт, цаашлаад эмч нарын эмийн жор бичих аргачлалыг илүү боловсронгуй болгох шаардлага үүсээд байгаа нь гэр хорооллын нэгэн өрхийн эмнэлэг, ойролцоох эмийн санчийн хандлагаас илтэд мэдрэгдэнэ.
Нийтлэсэн: Ж.Мядагбадам
эх сурвалж: mnb.mn

URL:

Сэтгэгдэл бичих