Цэвэрлэдэггүй цэвэрлэх байгууламж

цэвэрлэх байгууламжХаврын урь орж байна. Урин цаг ирэхтэй зэрэгцэн нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд заналхийлдэг нэгэн гамшиг бол цэвэрлэх байгууламжуудаас ялгарч буй бохир ус, өмхий үнэр юм. “Зууны мэдээ” нийслэлд үйл ажиллагаа явуулж буй цэвэрлэх байгууламж тойрсон асуудлуудыг энэ хаврын онцлох сэдвийн нэг болгож байна.

Төв цэвэрлэх байгууламж 50 настай

Манай улс анх 1964 онд төв цэвэрлэх байгууламжийг барьжээ. Тухайн үедээ хоногт 45000 куб метр бохир ус хүлээн авч механик цэвэрлэгээгээр 50 хувь хүртэл цэвэршүүлдэг байж. 1979, 1986 онуудад өргөтгөл хийж хоногт 200000 куб метр ахуйн бохир ус хүлээн авч 90-92 хувь хүртэл цэвэршүүлэх хүчин чадал бүхий байгууламж болсон байна.

Гэвч хүчин чадлаас нь давсан бохир ус ирж байгаа учраас дөнгөж механик цэвэрлэгээ хийдэг аж. Өдгөө Улаанбаатарт vйлдвэрийн болон ахуйн гаралтай хаягдал, бохир ус цэвэрлэх байгууламж байдаг ч нэг нь ч бохир усны стандартад нийцэх тоног төхөөрөмжгүй хэвээр.

Төв цэвэрлэх байгууламж нийслэлээс ирж буй ахуйн болон урьдчилсан цэвэрлэгээ хийгдсэн үйлдвэрийн бохир усыг хүлээн авч механик, биологи цэвэрлэгээний байгууламжаар дамжуулан цэвэршүүлдэг. Механик цэвэрлэгээгээр хог, өөх тос, элс, лагийг бохир уснаас цэвэрлэдэг.

Биологи цэвэрлэгээгээр агаар, идэвхит лагийн тусламжтайгаар органик бохирдлыг исэлдүүлэн эрдэсжүүлдэг байна. 50 настай төв цэвэрлэх байгууламждаа анхаарал хандуулах цаг болжээ. Хэрэв хэн нэгэн Дорж, Бат 50 нас хүрч байгаа бол нэлээд хэдэн удаа эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгэнэ. Бөөр нь өвдсөн хүнд ханиадны эм уулгаад байж болохгүй. Түүнтэй адил техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл шаардлагатай болсон цэвэрлэх байгууламждаа дорвитой шинэчлэл хийлгүй аргацаагаад байж болохгүй болсон байна.

Сонгины амралтад очиж амарсан нэгэн найз минь амралтын сониноо ярьж байна. “Уг нь сайхан амарлаа. Гэхдээ цэвэрлэх байгууламжийн ус амралтын хажуугаар урсдаг юм байна. Дэндүү муухай үнэртэй юм. Би ч дахиж тэнд амрахгүй, хотын утааны үнэрнээс муухай юм билээ” гэсэн юм.

Цэвэрлэх байгууламжуудын бодит байдал ямар байгааг дээрх жишээ харуулж байна. “Цэвэрлэх байгууламжийн тухайд байдал хүнд байгаа. Техник, тоног төхөөрөмж, шугам хоолой муудсан. Мөн энэ чиглэлээр ажиллах боловсон хүчний асуудал ч тулгамдаж байна” хэмээн Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэг хэллээ.

Нийслэлд 10 цэвэрлэх байгууламж 50 хувийн хүчин чадлаар ажиллаж байна

Нийслэлд үйлдвэрийн болон ахуйн бохир ус цэвэрлэх нийт 17 цэвэрлэх байгууламж байдаг. Эдгээрээс Төв цэвэрлэх байгууламж, Харгиа, Шувуун фабрик, Мах комбинат, Биокомбинат, Нисэх төв буудал, Баянгол-Найрамдал болон Санзайн цэвэрлэх байгууламж, Налайх, Багануур дүүргийн цэвэрлэх байгууламж зэрэг 10 орчим цэвэрлэх байгууламж хэвийн буюу 50 хувийн хүчин чадлаар ажиллаж байгаа тухай албаныхан хэллээ.

Төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг шинэчлэхээр 2001- 2004, 2006-2010 онуудад Испанийн Засгийн газраас МОН-2937 төслийн хүрээнд хоёр шатны төслийг хэрэгжүүлж, агааржуулалтын систем, насос, сараалжийн байгууламж, тунгаагчийн төхөөрөмжүүдийг шинэчилжээ. Бохир усыг хлороор халдваргүйжүүлж байсныг сайжруулан хэт ягаан туяа ашиглан халдваргүйжүүлэх болсон.

Төв цэвэрлэх байгууламжийн дарга Н.Одхүү “Өдөрт ирж байгаа нийт бохир усны 40 орчим хувь нь үйлдвэрүүдийн хаягдал ус байдаг төдийгүй арьс ширний үйлдвэрээс ирж байгаа ус өвдөл цөвдөл хог ихтэй, ус бохирдуулагч химийн хортой бодис болох хрон ихтэй учраас цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг догдолдуулахад хүргэж байна” гэв.

Мөн бетон хийцүүд нь эвдэрч эхэлсэн бөгөөд хэзээ мөдгүй бохир ус халих аюул нүүрэлжээ. Түүнчлэн төв цэвэрлэх байгууламжаас хоногт 500-600 метр куб лаг гарч үүнийг нийт 15 га талбайд ээлжлэн ил аргаар хатаадаг нь орчны агаар, хөрсийг бохирдуулах гол нөхцөл болдог байна.

Цэвэрлэх байгууламжийн нэр Ашиглалтад орсон огноо Хүчин чадал м3/хоног Цэвэрлэгээний арга
1 Төв 1964 он
2008 онд өргөтгөсөн
4500
220000
Биологи
2 Харгиа 1972 он 13800 Механик-хими
3 Шувуун фабрик 1981он 500 Механик-биологи
4 Мах комбинат 1968 он 12000 Механик
5 Биокомбинат 1989 он 700 Биологи
6 Нисэх төв буудал 1985 он 1000 Биологи
7 Баянгол-Найрамдал 1978 он 200 Биологи
8 Санзай 2009 он 200 Механик- биологи
9 Налайх дүүрэг 1989 он 2800 Механик
10 Багануур дүүрэг 1983 он
1991 онд шинэчилсэн
5600 Биологи

Метаны хий гаргадаг үйлдвэртэй болоход 45.7 тэрбум төгрөг хэрэгтэй

Цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг исгэх аргаар метаны хий буюу бидний хэрэглэдэг ахуйн хэрэглээний хийг гаргаж авах боломжтой аж. Хэрвээ лагийг исгэн метаны хий гарган ашиглаж чадвал эрчим хүч гаргаж болох юм байна. Харин лагийг исгэж, метаны хий гаргадаг үйлдвэртэй болоход 45. 7 тэрбум төгрөг шаардлагатай гэж Төв цэвэрлэх байгууламжийн технологийн инженерүүд хэлж байлаа.

Төв цэвэрлэх байгууламжийн техникийн шинэчлэлийн ажлыг “Сант Хаан” компани хийсэн байна. Ингэснээр үйлдвэрүүдээс ирж байгаа бохирыг хоёр шугамаар авч, исэлдэж урвалд оруулахгүй болж байгаа юм. Хэдийгээр техник технологийн шинэчлэл хийсэн ч жил өнгөрөх тусам ачааллаа даахгүй, үйл ажиллагаа нь доголдож гамшгийн байдалд орсон тухай албаныхан хэлэв.

Өнөөдрийн байдлаар тус цэвэрлэх байгууламжид өдөрт 165-170 мянган куб метр бохир ус ирдэг. Мөн арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрүүдээс техникийн бохирдолтой ус ирдэг нь ачааллыг эрс нэмэгдүүлдэг байна. Төв цэвэрлэх байгууламжийн албаны инженер Ц.Болд “Тоног төхөөрөмж шинэчилж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Гэхдээ бодит байдалд зохицож ажилладаггүй. Энэ нь буруу сонголт хийснийг харуулж байгаа юм” гэв. Хүчин чадал хүрэлцэхгүй, шинэчилсэн тоног төхөөрөмж нь хоорондоо таарахгүйгээс болж ашиглаж чаддахгүй байгаа нь хөрөнгө үргүй урсаж байгаа хэрэг.

Цэвэрлэх байгууламж нь хэвийн хэмжээнд ажиллаж байхдаа бохир усыг 98 хувь цэвэршүүлэн гол руу шахах бөгөөд гол өөрийн урсгалаар хоёр хувийг цэвэрлэж дахин ундны ус болдог байна. Гэтэл ингэж ажиллах боломжгүйгээр барахгүй гамшгийн байдалтай байгаа аж.

Цэвэрлэх байгууламжийн энэ их ачааллыг зөвхөн арьс шир, ноос ноолуур, химийн гаралтай үйлдвэрүүд бий болгодог гэвэл хэтрүүлсэн хэрэг. Танай байрны нэг орц, энд тэндхийн булан тохойд байрлах үсчин, гоо сайхны газар, автомашины угаалгын газар гээд үйлчилгээний байгууллагууд ч ундны усны бохирдолд буруутай.

Усны бохирдлын ихэнх хувийг нуруун дээрээ үүрдэг арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд “Харгиа” цэвэрлэх байгууламжаар бохироо дамжуулдаг. Түүнчлэн өнгөрсөн жил Төв цэвэрлэх байгууламжийн гүнийг цэвэршүүлэх картыг дахин ашиглаж, хүчинчадлаа нэмэгдүүлэхэд 85 тэрбум төгрөгийн төсвийг нь батлуулсан байдаг. Мөн усны тухай шинэ хуулинд ус бохирдуулсны төлбөрийг аж ахуйн нэгж, байгууллагад ноогдуулахаар болж байгаа юм.

Мэдээж энэ нь усаар гол бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг талх, нарийн боов, архи пивоны үйлдвэрүүдэд хүнд цохилт болно. Гэтэл энэ хуулийн сургийг сонссон зарим нэг байгууллага бүтээгдэхүүний үнээ нэмнэ гэж айлгажээ.

Ямартай ч усны тухай хууль хэрэгжиж, Төв Цэвэрлэх байгууламж нь шинэчлэгдсэнээр усны бохирдол, усны хомсдлоос сэргийлэх анхны ажил болж байгаа гэнэ. Бохироо цэвэрлэж чадахгүй байгаа бохир орчинд янз бүрийн халдварт өвчин үүсгэгч нян, бохир усны хорхой шавьж, бичил биет хэдэн саяараа үржиж буй. Бүртгэгдээгүй элдвийн халдварт өвчин тэндээс гарахыг үгүйсгэх аргагүй.

Үргэлжлэл бий.

Д.Оюунчимэг


URL:

Сэтгэгдэл бичих