Хэн юу хэлэв
С.Одонтуяа: Цалинг гэнэт нэмэгдүүлэх нь эдийн засагт аюултай
-Ахмадуудын тэтгэврийг нэмэх ёстой гэх улс төрийн шоу дуусч ахмадууд багахан ч гэсэн тэтгэврээ нэмүүлсэн. Харин улс төрийн нам эвсэл, улстөрчдийн шоу нь багш, ажилчдын цалин тэтгэврийг нэмэх тухай бөгөөд энэ асуудлаар МҮЭХ, МАН-ынхан удаа дараа мэдээлэл хийж, цалинг даруй 30 хувиар нэмэх ёстой гэх шаардлага тавьж байгаа бөгөөд энэ асуудалд өнгөрөгч долоо хоногт олны анхааралд байсан юм.
Хувийн хэвшлийнхний хувьд энэ яагаад том дарамт болох вэ гэхээр төрийн албан хаагчдын цалинг 30 хувь нэмэгдүүлэхээр хувийн секторт ажиллаж байгаа хүмүүс цалингаа 30 хувь нэмэгдүүлэх шаардлага тавина
Энэ асуудалд хамгийн бодит дүгнэлтийг УИХ-ын гишүүн, эдийн засагч С.Одонтуяа хийсэн байна. Тэрбээр, цалин тэтгэврийг нэмэгдүүлэх нь зөв гэсэн байр суурийг баримталдаг ч маргааш гэнэтхэн нэмэгдүүлнэ гэдэг бол эдийн засгаа татаж унагаах аюултай гэж тодорхойлжээ. С.Одонтуяа гишүүн “Энэ бол арай цаг нь болоогүй асуудал. Энд хэд хэдэн ноцтой хүчин зүйлүүд байдгийг санах ёстой. Нэгдүгээрт бид хувийн хэвшлийн үйл ажиллагааг доголдуулах аюултай байгаа.
Төсвийн алдагдал хуульд заасан хоёр хувиас хэтрэх бас нэг аюул бий. Мөн зах зээл дээр мөнгөний нийлүүлэлт эрс нэмэгдэж, юмны үнэ нэмэгдэх, инфляци өсөх сөрөг үр дагавар мөн гарна. Хувийн хэвшлийнхний хувьд энэ яагаад том дарамт болох вэ гэхээр төрийн албан хаагчдын цалинг 30 хувь нэмэгдүүлэхээр хувийн секторт ажиллаж байгаа хүмүүс цалингаа 30 хувь нэмэгдүүлэх шаардлага тавина. Тэгэхээр хувийн хэвшлийнхэн маневр хийх шаардлагатай болно оо доо.
Нэг бол компаниа хаана, эсвэл зарж байгаа бүтээгдэхүүн, бараа үйлчилгээн дээрээ дахиад л нэмэгдлээ тооцож эхлэхээр бүх барааны үнэ нэмэгдээд ирнэ. Төрийн албан хаагчдын цалинг нэмээд л байх юм бол хувийн хэвшилд ажиллах хүн олдохоо болино нийгмийн сэтгэхүйн хувьд их буруу зүйл юм” хэмээжээ.
Эмч багш, төрийн албан хаагчдын цалин бага байна. Тэдний цалинг нэмээд өг хэмээн жагсаал цуглаан хийдгээс биш хувийн хэвшилд энэ нь дарамт болох уу, сардаа 300, 400 мянган төгрөгийн цалинтай хувийн хэвшлийн ажилчид амьдралаа яаж болгоод явдаг талаар хэн ч анхаарал хандуулж байгаагүй. Тиймээс энэ асуудлыг арай өөр өнцгөөс ч гэсэн олж харсанд нь талархах нь зүйтэй болов уу.
С.Дэмбэрэл: Валютын өсөлтийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой байх
-Валютын ханшийн хэлбэлзэл мөн л улстөрчдийн шоу хийдэг арга хэрэгсэл болж хувираад байгаа. 2014 оны төсвийг хэлэлцэж батлуулахдаа 1384 төгрөг байхаар оруулчихаад дараа нь 1750 төгрөг болчихоод байхад ам.долларын ханш хэвийн байгаа гээд сууж байгаа Засгийн газар, Монголбанк сөрөг хүчнээс болон эдийн засагчдаас багагүй шүүмжлэл хүлээж байгаа нь нууц биш.
Өнөөдөр валютын өсөлтөөс болж иргэдийн амьжиргаанд нөлөөлж байна. ААН-үүд тендерээс зугтаж эхэллээ. Үүнд төр оролцохоос аргагүй биз дээ
МАН-ынхан энэ асуудлаар мэдэгдэл гаргаж, бүр уриалга хүртэл дэвшүүлсэн бөгөөд “Найман шарга” валютын захаар орж, үнэ ханшийг судалсан байгаа юм. Харин Монголбанкны зүгээс болон Эдийн засгийн байнгын хорооноос зургадугаар сар гэхэд эргээд хэвийн байдалд орчихно, түр зуурын өсөлт гэх тайлбар өгч байгаа. Харин энэ асуудлаар нэлээд хатуухан шүүмжлэлийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл илэрхийлжээ. Тэрбээр “Өнгөрсөн жилийн валютын ханшийн шокон дээр, биднийг наадамлаж байхад буюу долоон сарын сүүлчээс өсч эхэлсэн.
Наймдугаар сарын сүүл хүртэл, бүр есөн сарын дунд хүртэл дээш явсаар байсан. Гэтэл энэ хугацааны үеийн протолыг нь харах гэхээр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл нь амарчихсан байгаа юм.
Зөвхөн Төвбанк ажиллаж, бусад нь амраад алга болчихсон байсан. Тэднийг хуралдсан эсэхийг, хуралдсан юм бол валютын асуудлыг хэлэлцсэн үү гэдгийг нь протоколоос нь хармаар байна. Өнөөдөр валютын өсөлтөөс болж иргэдийн амьжиргаанд нөлөөлж байна. ААН-үүд тендерээс зугтаж эхэллээ. Үүнд төр оролцохоос аргагүй биз дээ.
Иргэд, ААН-үүдээс хамааралгүйгээр валют өслөө, гадаадын хөрөнгө оруулалтыг төр өөрөө үргээлээ, ханшийн өөрчлөлтийг урьдчилж харж чадаагүй нь хэний буруу юм бэ. Бодлогын төвшинд авч үзэхгүйгээр за гайгүй болно доо, мөнгө орж ирнэ дээ гээд хүлээгээд бол бүтэхгүй л дээ. Магадгүй энэ асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой л байх” хэмээжээ.
Н.Батцэрэг: Бид үнэ цэнээ мэдэж байна
Тэдний хувьд намын дарга Н.Энхбаярт суудал авахын тулд Засгийн газрыг шантаажилж байна хэмээн яригдаж эхэлсэн бөгөөд энэ нь бараг ор үндэсгүй мэдээлэл биш бололтой юм
Шинэчлэлийн Засгийн газарт багтсан “МАХН-МҮАН”-ын гишүүд сүүлийн үед зан аашаа эрс өөрчилсөн бөгөөд бид байхгүй бол Засгийн газар юу ч биш гэсэн сэтгэлгээгээр хандаж, тэднийг шантаалжилдаг болоод байгаа. Бидний өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхгүй байна. Хийсэн ажлаа зөвхөн АН-ын ажил мэтээр сурталчилдаг.
“МАХН-МҮАН”-ын гишүүдийг үл тоодог. Бидний мөрийн хөтөлбөр Засгийн газарт биелэлээ олохгүй байна гэх үгсийг чулуудах болсон тэдний цаана ямар зорилго нуугдаж байгаа талаар олон таамаг яригдаж байгаа.
Тэдний хувьд намын дарга Н.Энхбаярт суудал авахын тулд Засгийн газрыг шантаажилж байна хэмээн яригдаж эхэлсэн бөгөөд энэ нь бараг ор үндэсгүй мэдээлэл биш бололтой юм. Ямартай ч хамгийн сүүлийн сүрдүүлгийг УИХ дахь “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг хийсэн юм.
Н.Батцэрэг гишүүн “Бидэнгүйгээр ямар ч асуудал урагшаа явахгүй. Бид өөрсдийнхөө жин, үнэ цэнийг мэдэж байна. Энэ үүднээсээ харилцан ойлголцоод бие биенийхээ асуудлыг дэмжээд явах ёстой” хэмээсэн юм. Энэ мэтээр маргаан мэтгэлцээн цаашдаа даамжирвал энэ хавар Засгийн газар ганхаж ч мэдэх нөхцөл байдал үүсч магадгүй нь ээ.
/Монголын мэдээ/
URL: