Залилангийн компаниудыг шалгаж байна

36qci4bj0ibij0uvs6jn31vsp2Барилгын компаниудын балаг их. Барилгаа барих гэж газар дээрэмдэнэ, хээл хахуульд орооцолдоно. Чанаргүй барилгаа өндөр үнээр шахна. Тэгэд бас ашигтай талбайн зөрүүгээр иргэдийн хэтэвчийг хоослоно. Ерөнхий дүр зураг   иймэрхүү л байгаа.  Зарим тохиолдолд шүүхээр заргалдаад нэмэр алга гэж иргэд гомдоллох ажээ.

 

Улсын хэмжээнд барилга барих тусгай зөвшөөрөлтэй 700 орчим компани бий. Эдгээрийн 150 нь өнөөдөр идэвхтэй ажиллаж буй аж. Гэхдээ тэдгээр 150 компанийн 50 орчим нь зальт этгээдүүдийн жинхэнэ үүр уурхай болсон гэж албаны  эх сурвалжууд үзэж байна. Энд зөвхөн орон сууцны ашигтай талбайн зөрүүн дээр “тоглодог” компаниудыг л ийнхүү тоолсон байх.

 

Ер нь барьсан байшингийнхаа метр квадратаас хумсалж, залилангийн гэмт хэрэг үйлдсэн компаниудтай хариуцлага тооцох нь харьцангуй цөөн ажээ. Залилангийн  компаниуд  одоогоор иргэдэд 2.5 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байна. Тухайлбал,  “Тектоник”, “Тайгам Алтай”, “МД ТОФ” хэмээх  гурван компани гэхэд 1.5 тэрбум төгрөг өлхөн “тоншсон” байх юм.  Энэ нь нийт хохирлын талаас илүү хувийг эзэлж байна гэсэн үг.

 

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатар “Тектоник компани худалдан борлуулсан байрныхаа хэмжээнээс 7-20 метр квадратыг дутаасан нь мэргэжлийн байгууллагуудын шалгалтаар тогтоогдсон. Khansvill хотхоны метр квадрат нь 2.5 сая төгрөгөөр үнэлэгдсэн байлаа. Тэгэхээр тус компани иргэдээс их хэмжээний мөнгө хулгайлжээ. “Тайгам Алтай” ч мөн ялгаагүй” гэж Ч.Батбаатар ярьж байлаа. “Алтай” хотхоны орон сууц 1.8-2.3 сая төгрөгийн үнэтэй. Энэ нь мэргэжлийн санхүүчдын тооцож үзсэнээр бол компанийн эзэд 1-2 өрөө байрны урьдчилгаа төлбөр хийчих мөнгийг хууль бусаар халаасалж байсан гэсэн үг юм билээ. “МД ТОФ” компани бүр  ноцтой үйлдэл хийжээ.  Компанийн эзэд нь  борлуулсан байрныхаа мөнгийг өөр хүмүүсийн хувийн данс руу хийлгэдэг байсан нь татвараас зайлсхийлсэн бас нэг оролдлого аж.

 

Ийм хогийн луйварчин компаниудад  оногдуулдаг торгууль  тун бага байгаа нь тэднийг улам даврааж  байна. ШӨХТГ-аас “Тектоник”, “Тайгам Алтай”, “МД ТОФ” компаниудад тус бүрт нь ердөө л 10 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ. Арван сая төгрөг гэдэг бол тэдэнд ёстой инээд нь хүрмээр мөнгө гэлтэй. Гэвч ийм хэмжээний торгуулиас тэд одоо бултах гээд янз бүрийн шалтаг тоочиж яваа гэнэ. “ШӨХТГ-ынхан буруу дүгнэсэн, шүүхэд хандана”  ч гэх мэтээр баашлах тэдгээр компаниудыг харин торгууль төлөөгүйн улмаас  шүүхийн шийдвэрээр  мөнгийг нь албадан гаргуулахаар болсон байна.6st3ug5tkgdr50bvi1edcrppg0

 

“Тайгам Алтай” компани өнгөрсөн онд цахилгаан шатандаа хоёрын хоёр хүний амийг хороосон хэрэг хууль хяналтынхан дээр очоод хав дарагдаад өнгөрөх нь гэсэн хардлага, таамаглал ч талийгаачдын ар гэрийнхэн дунд яригдаж буй ажээ. Энэ компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг өнгөрсөн оны аравхоёрдугаар сард Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлсэн. Гэвч уг асуудал одоо болтол шийдэгдэхгүй байна.

 

Хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэх боловч иймэрхүү даварсан компаниудад өнөөдөр иргэд дарлуулсаар байх гэж үү.  ШӨХТГ-ын эрх мэдэл их сайндаа л торгууль дээр тулж очоод зогсож байна. Гэхдээ илэрхий залилангийн сэдэлтэй дээрх гурван компанийн эздийг эрүүгийн хэрэгт сэжигтнээр татаж шалгаад шийдчих боломж манай өнөөгийн хууль хяналтын байгууллагад бас байж л байгаа.  Иймээс ШӨХТГ-ынхан ийм байр суурь баримтлан саяхнаас УМБГ-т хандсан нь сайн хэрэг. Мөрдөн байцаагч нар тус компанийг шалгаж эхэлсэн бололтой. Түүнчлэн МД ТОФ компанийг татвараас зайлсхийсэн хэргээр  Татварын ерөнхий газарт шалгуулахаар өгсөн байна. Компанийн эзэд нь татварынхантай хуйвалдчихгүй бол ямартай ч  шударгаар шийдэгдэх болов уу.

 

Б.Отгонбаяр

Eagle.mn

URL:

Сэтгэгдэл бичих