МАН-аас хурааж авсан Лениний музейг нураах юм биш биз
Өнгөрсөн 2012 оноос эхлэн ССАЖЯ Лениний музейн барилгыг “МАН-ын өмч биш” хэмээн үзэж, улсын өмчид буюу өөрийн эзэмшилдээ авахаар Төрийн өмчийн хороо, Нийслэлийн өмчийн газар гээд холбогдох олон газарт бичиг хүргүүлсэн байдаг. Улмаар асуудал хурцдаж хоёр тал шүүхдэлцэж эхэлсэн. Шүүх хурал 10 гаруй удаа хойшилж, МАН давж заалдсаар эцэстээ хяналтын шатны шүүхийн шийдвэр эрх баригчдын талд гарч, өнгөрсөн оны сүүлээр Төрийн өмчид шилжүүлсэн. Харин Ц.Оюунгэрэл сайд музейн барилгыг сэргээн засварлаж Үлэг гүрвэлийн музей болгохоор зэхэж байгаа юм. Тэрбээр энэ санаагаа “бүтнэ” гэдгийг шүүх хурлын шийдвэр эцэслэгдэн гараагүй байх үед ч мэдсэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, сайд Үлэг гүрвэлийн музейг аль эрт тус барилгад оруулаад амжсан байв. Улмаар шүүх хуралд ялалт байгуулаад дотор нь үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын үеэр гаргасан. Энэ талаар нэгэн албаны хүн “Их засвар хийж байгаа юм шиг билээ. Харин энэ сард ашиглалтад оруулах гэсэн” гэж хэлсэн нь бий. Тиймээс өчигдөр тус музейн байдалтай танилцахаар очлоо. Хаалга нь түгжээтэй байв. Дээр нь “Засвартай” хэмээн бичсэн ч засварласан шинж огт алга. Гэхдээ дотор талыг нь бүрэн засварлаад ашиглахад бэлэн болсон байхыг үгүйсэхгүй л дээ.
Ямартай ч гадна талын үзэмж нь муудсан нь хэвээр, бүр ар талаасаа эвдэрч нуржээ. Нурсан ч гэж дээ зориуд нураасан бололтой. Ер нь тэнд “Барилга барих гэж байгаа болов уу” гэж санагдсаныг нуух хэрэггүй биз. Учир нь музейн арын хашаанд элдэв зүйл овоолсон байх аж. Сүүлийн үед хаана л зай талбай байна, түүнийг эрх мэдэлтнүүд андахгүй мэдэж, барилга сүндэрлүүлдэг болсон. Тиймээс музейн барилгыг ССАЖЯ авах гэж улаарсан үйлдэл арынх нь газартай ч холбоотой байж болох юм. Ер нь иргэн хүнд хардах эрх бий. Хардах шалтгааныг ч эрх баригчид өнгөрсөн жилүүдэд бүрэн суулгаж өгсөн. Уг нь энэ барилгыг социализмын үед тухайн үеийн МАХН-ын төв хорооноос ЗХУ-ын Коммунист намын удирдлагад санал тавьж бариулсан гэдгийг учир мэдэх ахмадууд хэлдэг юм билээ.
Өөрөөр хэлбэл, Лениний музейг өөрсдийнх нь хөрөнгөөр Улаанбаатарт барьж байгуулах хүсэлт тавьсныг удирдлага нь хүлээн зөвшөөрч, улмаар бүх зураг, төслийг өөрсдөө хариуцахаар болсон байна. Ингээд ЗХУ-ын Коммунист намын төв хорооны Хэрэг эрхлэх газраас шаардагдах хөрөнгийг өөрийн Сангийн яамдаа шилжүүлсний дагуу тус улсын Гадаадтай эдийн засгийн талаар харилцаа тогтоох хороо нь барилга барих үүргийг манай улсад үйл ажиллагаа явуулж байсан барилгын газартаа өгснөөр музейг барьж гүйцэтгэжээ. “Үүнд манай талаас нэг ч төгрөг зарцуулаагүй, мөн буцаан төлөх ямар ч нөхцөлгүй” гэдгийг өнгөрсөн жил шүүх хурал ид өнрнөж байх үеэр учир мэдэх зарим хүн хэлж байсан юм. Тэгэхээр энэ нь хоёр намын хамтын ажиллагааны хүрээнд барьж өгсөн, өөрөөр хэлбэл, МАН-ын өмч болох үндэслэл бүрэн байсан ч эрх баригчид эрх мэдлээр далайлган булаасан гэсэн үг. Гэтэл АН-ын өөрийнх нь байрлаж буй болон МоАХ-ны, “Зориг” сангийн байрыг Засгийн газрын шийдвэрээр өгч байсан аж. Түүнчлэн “АПУ”, “Талх чихэр”, “Баянгол”, “Спирт бал бурам” гэх мэт АН-ынхантай нэр холбогдсон олон компанийн өмч хувьчлалийг “но”-той хийсэн гэдэг юм билээ. Гэвч “Чоно үүрэндээ өлзийтэй” гэгчээр АН тэдгээр барилгын асуудлыг хөндөх ч үгүй байгаа юм.
Уг нь Лениний музейн түүхэн барилгыг зориулалтын хэвээр нь үлдээж, Үлэг гүрвэлийн музейг өөр газарт шинээр барих боломж бүрэн бий атал ССАЖ-ын сайд тэгсэнгүй. Харин энэ сард үнэхээр ашиглалтад оруулах эсэхийг Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаагаас тодруулсан юм. Тэрбээр “ССАЖын сайд саяхан “Гуравдугаар сарын дунд үеэр танай музейд түлхүүрийг нь албан ёсоор гардуулж өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр засвар хийгээд дууссан байх. Удахгүй бид өөрийн байрандаа орох юм шиг байна. Одоохондоо манайх хоёр, гурван газарт хажуу өрөө түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа. Ямар ч байсан сайддаа итгэж байна” гэсэн юм. Ямартай ч энэ сарын дундуур ССАЖ-ын сайд Үлэг гүрвэлийн төв музейд Лениний музейн түлхүүрийг гардуулан өгч, тууз хайчлах нь бололтой. Харин цаашид арынх нь хашаанд хэний ч мэдэхгүй, эзэнгүй барилга сүндэрлэх вий дээ.
URL: