Хүнгүйн голд шатахуун асгарч хүн уух аргагүй болжээ

Mongolia_Zavkhan_sum_mapЗавхан аймгийн онцгой байдлынхан өнгөрсөн зургадугаар сараас эхлэн майхан, гэрт байрлаж байгаад саяхнаас “ТҮЦ”-ийн дайтай муурын байшинд оржээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Завханы онцгойгийн байрыг  үйл ажиллагаа явуулах боломжгүй, нурж унах аюултай байна гэсэн акт гарсан учраас  майхнаас гэрт, гэрээс муурын байшинд байрлах болжээ. Өдгөө тэд гал унтраагч автомашиныхаа гарааш дотор гурван тасалгаа бүхий байр барьчихаж.

Шадар сайдын дэмжлэгтэйгээр төсөв батлах үеэр байраа барихаар улсын төсөвт нэг тэрбум төгрөг суулгаж чадсан тухай хэлтсийн дарга Ө.Болд онцолно лээ.

Шадар сайд Д.Тэрбишдагва өнгөрсөн онд тус аймагт ажиллахдаа Тосонцэнгэл дэх сумын гал унтраах анги болоод Отгон сумын Засаг даргын Тамгын газарт тус бүр машин шийдэж өгсөнд баярлаж буйгаа тэд илэрхийлсэн. Харин онцгой байдлын албан хаагчдын зүгээс сайддаа “Бидний 95 хувь нь гэр хороололд амьдардаг.

 

Байр орон сууц авъя гэхээр мөнгө нь алга. Төрийн албан хаагчдыг урьдчилгаа төлбөргүйгээр байртай болгох боломж байна уу. Бид ажлаа хийж байгаад урьдчилгаагаа төлье” гэсэн санал хэлэхэд Д.Тэрбишдагва аймгийн орон нутгийн зүгээс дэмжиж ажиллах ёстой. Засгийн газрын хэмжээнд ч гэсэн ярих  ёстой гэсэн юм.

 

13 САЯАР БОССОН ГҮҮР ЭВДЭРЧЭЭ

Завхан аймгийн  Ургамал сум. Энэ сум аймгийн төвөөсөө 200 гаруй километрт зайтай хамгийн захын суурин. Анх  1924 онд “Буурал нарт” нэртэйгээр 150 залуу өрх энэ суманд амьдарч эхэлсэн бол 1938 оноос Ургамал сум гэж нэрлэгдсэн түүхтэй. Талын гурван улаан уулаараа дуунд алдаршиж олонд танигдсан нутаг. Зэгэст нуур, давст нуур, гандигар ганц мод зэрэг байгалийн үзэсгэлэнт газар, хүн ардаа анагаадаг рашаан, ховор ургамлаар бүрдсэн өвөрмөц, тансаг баян нутаг ажээ.  Энэ нутгаас төрсөн алдартнууд гэвэл хүний гавьяат эмч Д.Сүхээ, генерал М.Жаргал, улсын заан Я.Дорлиг, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Дамиран зэрэг олон хүнийг нэрлэж болно.

SAMSUNG DIGITAL CAMERAНийт 349.2 мянган га талбай нутагтай бөгөөд олонх нь мал дагасан малчин түмэн. Сумын Засаг даргын Тамгын газрын даргын хэлж буйгаар өдгөө 332 өрхтэй, 1200 гаруй хүн амтай, 120 мянган  толгой малтай. Гэхдээ төсөв зардал хуваарилах болохоороо хамгийн “шоовдор” сум гэж өөрсдөө онцлох юм билээ. Цахилгаан холбоо гэхэд “Ж-мобайл”, “Юнител”-ээс өөр сүлжээ дугаар энэ суманд холбогдохгүй. Гэхдээ “Юнител”-ийн сүлжээ саяхнаас л нэвтэрч эхэлсэн юм байна. Мэдээж цахилгаан холбоо дутмаг учраас интернэт гэж бүр байхгүй. Энэ холбоо, сүлжээнээс гадна сумаараа ууж ундаашсан Хүнгүйн голын салбар гол нь хариуцлагагүй нөхдөөс болж бохирдсон тухай Засаг даргын Тамгын дарга Шадар сайдад учирласан. Голын бохирдлыг тогтоохоор ажлын хэсгийнхэн Хүнгүйн голд ажиллаж байна. Ажлын хэсгийн гишүүн, Тусгай хамгаалалттай газрын ахлах мэргэжилтэн Н.Эрдэнэцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хэний буруугаас болж гүүр эвдрэв. Голд шатахуун асгарсан гэв үү?

-Хариуцлагагүй жолоо­чоос болж Ургамал сум цаашлаад завханчуудын усны хэрэглээг хангадаг Хүнгүйн гол бохирдоод байна. Гүүрэн дээр долоон тонны даацтай гээд таних тэмдэг байсаар байтал 30 тонн ачаа ачсан машин гарах гэж байгаад гүүрийг цөмлөж ачиж явсан шатахууны багагүй хувь нь асгарсан.

-Хэдий хэмжээний шатахуун асгарсан юм бэ?

-Аймгийн цагдаа нар шалгаад 200 гаруй литр шатахуун асгарсан гэсэн дүгнэлт гаргасан. Бидний тооцож байгаагаар бол доод талдаа 210 литрийн шатахуун асгарсан болов уу. Шатахууны тархалтыг зогсоохын тулд гүүрний орчмын мөсийг бүгдийг нь ховхлоод холдуулсан. Гэхдээ энэ нь цэвэршсэн, гол бохирдохгүй гэж ойлгож болохгүй. Хөрсөндөө нэвшсэн байх магадлалтай. Удахгүй мэргэжлийн хяналтын байгууллага шинжилгээ хийж дүгнэлтээ гаргана. Анхны шинжилгээгээр энэ голоос хүн, амьтан ууж болохгүй гэсэн дүгнэлт гарсан.

-Буруутай хүнд нь хариуцлага тооцсон уу. Бас тэр жолоочийн биеийн байдал гайгүй юу?

-Жолооч өөрөө бэртэж гэмтээгүй. Замын тэмдэглэгээ байсаар байхад даац хэтрүүлэн гарсан нь өөрөө хариуцлагагүйн шинж. 210 литр шатахуун асгарсан гэдэг утгаар нь эрүүгийн хариуцлага тооцох боломжтой гэж бодож байна.

-Гүүрийг улсын комисс хүлээж аваагүй байсан гэсэн үү?

-2012 онд ашиглалтад орсон, улсын комисс хүлээж аваагүй нь үнэн. Нийт 13 сая төгрөгөөр барьсан юм билээ” гэсэн хариулт өглөө.

Шадар сайд хариуц­лага алдаж иргэдийг уух усгүй болгож буй энэ компанийханд хатуу хариуцлага тооцоод эргээд хариу мэдэгдэхийг аймгийн удирдлагуудад сануулсан юм.

 

УВСЫНХАН БҮСИЙН НЭМЭГДЭЛ ХЭРЭГТЭЙ ГЭВ

Өвөрхангай, Баянхонгор, Завханы хэд, хэдэн сумаар ажилласан Шадар сайд энэ удаа Увс аймгийн Улаангомд ажилласан. Увсчууд энэ жил Засгийн газрын дэмжлэгтэйгээр худалдааны битүү төвтэй болсон. Энэ худалдааны төвд 400 гаруй хүн ажиллах боломжтойг аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн онцолж байсан. Мөн иргэдийн санал бодол, шүүмжлэлийг сонсохоор 2222 дугаарын утсыг ажиллуулж буй юм байна.

Аймгийн иргэдтэй уулзахад “Дандар баатрыг монголчууд бүгдээрээ мэднэ. Түүний Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө баатарлаг гавъяа байгуулсан учраас баатар цол олгосон. Тэгвэл Э.Бат-Үүл гэдэг хүн ямар гавъяа байгуулсан юм бэ. Халх голын дайнаар япончуудыг устгасан хүн үү” гэх хүн олон байв.

Иргэн Н.Мягмар: Алс хязгаар Увс аймагт бүсийн нэмэгдэл хэрэгтэй. Өнөөдөр шатахууны үнэ хотынхоос илүү үнэтэй байна гэсэн санал хэлэв. Харин аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн энэхүү иргэнтэй санал нийлэхгүй гэдгээ уулзалтын үеэр онцолсон. Тэрээр “Бүсийн нэмэгдэл ярьж болохгүй. Ховд, Говь-Алтай, Увс гурав байнга бүсийн нэмэгдэл ярьдаг. Гэтэл хангайн аймгууд бас говийнхон хүртэл бүсийн нэмэгдэл гэж ярьдаг болсон байна лээ. Энэ чинь нөгөө халамжийн чиглэл рүү эргээд оруулж байгаа хэрэг шүү дээ. Ам нээвэл уушги нээ гэдэг. Хуучин цагт манай аймагт жилдээ 60 гаруй тэрбум төгрөгийн төсөв ногддог байсан. Гэтэл энэ жил яасан гэхээр 11 тэрбум ногдлоо. Тэгээд 11 тэрбумынхаа есөн тэрбумыг МАН ялсан таван суманд хуваарилчих жишээтэй. Хоёр багийн хооронд гэхэд 700 сая төгрөгөөр зам тавьж байна. Өвөлжиж байгаа айлыг нь тоолбол бараг хоёрхон байгаа. Ийм үр бүтээлгүй ажиллаж таарамгүй байгаа юм. Энэ нь өнөөх УИХ-д та биднийг төлөөлж суугаа гишүүдийн хийсэн ажил. Үнэхээр чамлалттай. Тэгэхэд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Ховд аймагтаа 40 гаруй тэрбумын төгрөг суулгуулж чадсан байна шүү дээ. Манай Увсын гишүүд биднийг “Муу ажиллавал сайн” гэсэн дүрэмтэй байх шиг байна. Харин Шадар сайд Д.Тэрбишдагва сайд өөрийн тойрог Сонгинохайрханаа биш Монголыг бүтнээр харж байгаад талархлаа илэрхийлье. Манай аймагт багагүй зүйл шийдэж өглөө. Цаашдаа ч анхаарч ажиллана гэдэгт итгэж байгаа шүү” гэснээр МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагвын баруун бүсийн аймгуудад хийсэн уулзалт өндөрлөв.

Д.БОЛОР

polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих