С.Одонтуяа орон гарантав уу

    527-1376964044zuragУИХ-ын гишүүн С.Одонтуяа хэвлэлд шинэхэн ярилцлага өгснийг харсан баянголчууд болон нийт иргэд “Энэ С.Одонтуяа юу гэж балайраад байна вэ” хэмээн дуу алдацгааж байна. Өнгөрөгч сонгуулиар С.Эрдэнийн луйврын туган дор амь дүйж УИХ-д орж ирсэн С.Одонтуяа гэж нэг яг юу хийх гээд байгаа нь мэдэгдэхгүй гишүүн бий. Тодотговол С.Эрдэнийн луйврын ажиллагаанд зүүгдэж, хар машины буянаар УИХ-д орж ирсэн гэсэн үг.
Наанаа боловсон төрхтэй ч цаанаа утга нь алдагдсан энэ эрхэм цагтаа “Монгол-999” хэмээх ажиллагааг дэмжиж өдөр шөнөгүй хэвлэл мэдээллээр чалчиж байсан нь цаанаа өөрийнх нь бизнестэй холбоотойг ч илчилж өгсөн. Өдгөө УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд даргын алба залгуулдаг ч чимээгүй л сууж байдаг нэгэн. Намынхаа бүлгийн саналыг дэмжиж, сөрөг хүчний эсрэг гар өргөхөөс өөрцгүй утсан хүүхэлдэй бол С.Одонтуяа. Харин тэрээр саяхан хэвлэлд ярилцлага өгчээ.

“Төрийн албан хаагчдын цалинг шууд маргааш 30 хувиар нэмэгдүүлнэ гэдэг бол эдийн засгаа татан унагаах аюултай. Тийм учраас энэ бол арай цаг нь болоогүй асуудал. Мэдээж хавар зарим нам эвслийн зүгээс популизм хийдэг л байх. Тухайн улстөрчийн нэр хүнд хоромхон зуур өсдөг ч гэсэн эргээд энэ мөнгө ард түмний халааснаас гардаг” гэх зэргээр ярьжээ.

Тодруулбал, цалин тэтгэвэр нэмэхийн эсрэг зогсдог гишүүдийн нэг нь С.Одонтуяа аж. Уг нь тэрээр өнгөрөгч сонгуулиар Баянгол дүүргийн иргэдтэй уулзалт хийж байхад нэгэн иргэн “Өнөөдөр цалин тэтгэврийн хүртээмж муу байна. Та хэрвээ хууль тогтоох дээд байгууллагад очих юм бол энэ асуудлыг яаж шийдэх вэ” гэхэд тэрээр “Энэ бол хөндөх ёстой асуудал. Өргөн хэрэглээ бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч байна. Гэтэл манай Засгийн газар цалин тэтгэврээ санасан хэмжээнд нэмж чадахгүй байна.

Миний хувьд хэрвээ эрх бүхий байгууллагад очих юм бол энэ тал дээр хамгийн түрүүнд асуудал хөндөнө. УИХ-д ороод хийх ёстой хамгийн түрүүчийн ажил бол цалин тэтгэврийн асуудал байх болно” хэмээн донгосч байсан нь дүрс дуутайгаа байж байна лээ. Гэтэл хоёр жил хүрэхгүйн дараа ийм зүйл яриад сууж байх юм даа, баянголчуудаа. Ерөөсөө 2012 оны сонгуулиар хойш ганц ч удаа цалин тэтгэвэр нэмсэнгүй. Тэрээр цааш ярихдаа “Төрийн албан хаагчдын цалинг яг одоо 30 хувиар нэмэгдүүлэх юм бол эргээд энэ алдагдал 1.5 аар нэмэгдэж өсөх төлөв байгаа.

Тийм учраас бид 2013 онд ДНБ-ий өсөлтийг 11.7 хувь гээд авч үзэх юм бол цалинг 30 хувь нэмэгдүүлнэ гэхээр эдийн засгийн тооцоо судалгааны хувьд авцалдахгүй байгаа юм. Бид төсвөө тогтвортой байлгахын тулд бас онцгойлон анхаарах шаардлагатай” хэмээн номчирхосон байна. Төсвийн алдагдал ихээр гарч, өрөөр нөхсөөр ирснээ мартчихсан залж байх юм даа. Тэгээд бас эдийн засгийн ухааны доктор энэ тэр гээд өөртөө сэтэр зүүчихнэ. Ийм л хүнийг баянголчууд сонгосон байна шүү дээ. Шуудхан хэлэхэд С.Одонтуяа гэж урьд өмнө  юу хэлсэн ярьснаа мартчихсан мулгуу гишүүн байна. Ард түмний амьдрал доройтож ахуй энэ цагт цалин тэтгэвэр нэмэхгүй гээд сууж байдаг түшээ байх уу.

Ч.Дорж

unen.mn

URL:

Сэтгэгдэл бичих