Н.Чагнаа: Хорт хавдар үүсгэх хлортой усыг манайхан 60 гаруй жил хэрэглэж байна

Ундны усаа манайхан хлоржуулж хэрэглэдэг. Тэгвэл хлоржуулах нь зөв үү. Энэ асуудлаар Монголын эрүүл мэндээ дээдлэгчдийн холбооны тэргүүн, Анагаах ухааны дэд эрдэмтэн Н.Чагнаатай ярилцлаа.
-Усыг хлоржуулах нь эрүүл мэндэд хортой гэж та үзэж байгаа юм байна. Ямар хор нөлөөтэй юм бэ?-Дэлхийн шинжлэх ухааны байгууллагууд үүнийг тогтоогоод байгаа. Өөрөөр хэлбэл усыг хлороор бактергүйжүүлэхэд нүүрс ус, метан зэрэг бусад органик нэгдэлтэй нэгдэж, 40 гаруй төрлийн хортой бодис үүсгэдэг байна. Үүний  28 нь хорт хавдрын аюулд хүргэдгийг тогтоосон. Мөн ОХУ-ын Санкт-Петербургийн Экологийн төвийн эрдэмтэд судалгаа хийж, хлоржуулсан усыг хүүхдэд бүү өг. Энэ нь дархлааг сүйрүүлдэг гэж тэмдэглэсэн байдаг. Мөн Америк, Вьетнамын дайнд хэрэглэж байсан химийн зэвсгийн бүтцэд ордог диоксин мэтийн хүчтэй хорууд илэрсэн. Үүний бичил тун нь хүний бие организмаас гардаггүй болохыг АНУ-ын эрдэмтэд баталсан байдаг. Европ, Хойд Америкт 2003 онд 40 жилийн турш ундандаа хлоржуулсан ус хэрэглэсэн хүмүүст зургаан удаа судалгаа хийж үзэхэд давсагны хорт хавдарын өвчлөл эрэгтэйчүүд 1.2, эмэгтэйчүүдэд 1.4 дахин их байгаа нь ажиглагдсан гэдэг олон судалгаа үүнийг баталж байна шүү дээ. Хлоржуулсан усыг удаан хэрэглэх тусам хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэж үздэг. Гэтэл манай улс хлоржуулсан усыг 60 гаруй жил ундандаа хэрэглэж байна.

-Бусад орны жишээ ямар байдаг юм бол. Усыг хлоржуулахаас татгалзсан хэдэн улс орон байдаг вэ?

-Дэлхийн 150 орон усыг хлоржуулахаас татгалзаж, мөнгөний уусмал хэрэглэдэг болсон Сүүлийн үед манайд хорт хавдар ихэсч байгааг агаарын бохирдол, хүнснээс болж байна гэж үзэж байгаа. Гэтэл хлоржуулсан устай холбож судлахгүй байна. Хлоржуулсан уснаас дэлхий нийт татгалзаж байхад манайх хэрэглээд явах нь хүн ардаа бодохгүй байна.

-Гадуур цэвэр ус гээд худалдаалагдаж байгаа усыг ямар байдлаар цэвэршүүлж байна вэ?

-Би цэвэр ус түгээж байгаа хоёр ч газраас асуусан. Нэг нь крантныхаа усыг шүүгээд түгээдэг. Харин нөгөөх нь өөрсдөө худагтай гэж ярьж байсан. Ядаж өөрсдөө худагтай нь арай цэвэр юм даа. Тэрнээс нэгэнт хлоржуулсан улсыг шүүлээ гэхэд бүрэн шүүж чадахгүй шүү дээ. Ер нь гадны хөгжингүй орнуудад явж байхад крантнаасаа ундныхаа усыг хэрэглэж байсныг харсан уу. Манайхан л анзаардаггүй болохоос хлоржуулсан усыг огт хэрэглэдэггүй шүү дээ.

-Хлоржуулсан ус нь хорт хавдар үүсгэдгийг тэртээ тэргүй нотолчихлоо. Тиймээс энэ асуудлыг холбогдохгазруудад нь тавьж үзсэн үү?

- Тэгэлгүй яахав.Хэдэн жилийн өмнөөс  ЭМЯ, БОАЖЯ, ЗТБХВЯ, НЭМГ зэрэг байгууллагад танилцуулсан. Тэд ундны усыг мөнгөний уусмалаар ариутгахыг дэмжиж буй ч дорвитой авч хэрэгжүүлсэн ажил одоохондоо алга.Өнгөрсөн жил хотын захиргаан дээр асуудлыг тавьж орсон.  Н. Бадрах гээд хүнд үүрэг өгсөн байдаг. Гэвч одоо жил гаруйн хугацаа өнгөрч байна. Ямар ч арга хэмжээ авсан зүйлгүй байна шүү дээ.

Ус сувгийн газар надад гурван шалтгаан хэлсэн. Нэгдүгээрт төсөвт  их мөнгө орно, хоёрдугаарт дахиж суваг татна, гуравдугаарт усыг мөнгөжүүлэх технилоги байхгүй гэсэн. Энэ бол зүгээр шалтаг. Мэдэхгүйн гай. Технологи нь надад байгаа. Мөнгөжүүлсэн уусмал гаргаад батент нь надад бий. Мөн дахиж суваг татахгүй. Мөнгөжүүлсэн уусмалыг эмчилгээнд хэрэглэх заавар гаргаад “Монос” эмийн сангуудад би нийлүүлж байна шүү дээ.

-Усыг мөнгөний уусмалаар яаж ариутгах вэ?

-Манай ахуйн хэрэглээ, ундны ус нэг шугамаар түгээгддэг. Нэн түрүүнд үүнийг салгаж, хоёр өөр шугамаар дамждаг болгох хэрэгтэй. Ахуйн хэрэглээнд хлоржуулсан усаа хэрэглэхэд болно. Гол нь төв шугамаар ирж байгаа усыг мөнгөний уусмалаар ариутгаж болохгүй.Мөн тэр их усыг мөнгөний уусмалаар цэвэршүүлэхэд их хэмжээний мөнгө орно. Тиймээс Америкийн туршлагыг нэвтрүүлэх санаа байна. Энэ нь багахан хотод юм уу, хэсэгчилсэн байдлаар ундны усыг мөнгөжүүлэх арга. Зөвхөн ундны усыг мөнгөний уусмалаар ариутгана гэсэн үг. Үүний тулд ундны ус түгээх их хэмжээний багтаамжтай, тусгай савнуудыг орон сууцуудын дунд байршуулах хэрэгтэй. Тэнд хуримтлуулсан усыг мөнгөний уусмалаар ариутгаж, айлуудад түгээх аргыг боловсруулж байна.

- Нэг литр усанд хэр хэмжээний мөнгө хэрэгтэй вэ?

-99.9 хувийн сорьцтой, цэвэр цагаан мөнгө ордог. Нэг литр усанд 0.1 мг мөнгө зарцуулдаг. Таван тонн усыг цэвэршүүллээ гэхэд 10 гр хэртэй л мөнгө орох юм.

-Мөнгөөр ариутгахын ач тус юу юм бэ?

-Мөнгө бол бүх хүнд металл болон ариутгах бодисын хамгийн сайн нь. Алт, мөнгө ззс гуулиас мөнгө илүү байдаг. Мөнгөний уусмалаар ундны усыг ариутгаснаар бүх төрлийн нян, вирус, мөөгөндөр, шимэгч хорхойг устгадаг. Биед ямар ч хоргүй нь батлагдсан. Мөн мөнгөжүүлсэн усыг зургаан cap хүртэл хадгалж болдог. Түүнчлэн вирус, нянгаар үүсгэгддэг бүх халдварт өвчин, элэг, ходоодны үрэвсэл, хамар хоолойн өвчлөлөөс анагаах ач тустай. Нэг антибиотек хэдэн төрлийн өвчнийг намдаах өвчнийг бүгдийг нь устгахаас гадна алдагдсан эсийг төлжүүлдэг. Үүгээрээ мөнгө нь дархлааны хоёрдугаар систем, цусыг төлжүүлдэг эрхтнүүдийг идэвхжүүлдэг учраас цэнхэр цус нэрээр олонд танигдсан.

-Та мөнгөний уусмалыг эмчилгээнд нэвтрүүлж байгаа гэсэн. Хэзээнээс судалж эхэлсэн юм бэ?

-10 гаруй жил судалж байна. Шингэнийг мөнгөжүүлэх тун гэсэн. Мөнгөний уусмалыг зөвхөн эмчилгээнд бус хүнсэнд хэрэглэдэг. Хүнсний зүйлээ муутгахгүй удаан хадгалахын тулд бага зэрэг дусаагаад хэрэглэж болно. Мөнгө хадгалах горимыг нэмэгдүүлдэг.

Г.Отгонтуяа


URL:

Сэтгэгдэл бичих