Өгүүллэг: Шоронгийн судас


ayur

I.

Хүн гэдэг бол ердөө л судсан дотуур жирэлзэн гүйж яваа цусны эргэлт билээ. Тэр гүйдэл зогсчихвол хүн үгүй болно. Хүний бүхий л амьдрал болсон цусны тэр их мөрөн ямар нэгэн далайд очиж төгсдөг үү, татаал сувгуудад хуваагдан мөхдөг үү, хэн ч ялган салган хэлж үл чадна. Харин судасны үл мэдэгхэн лугшилтыг барьж үзээд тухайн хүнд хаа нэгтээгээс оноосон тэр л хувь тавиланг зураглан дүрсэлж болдог. Тийм увдистай нэгэн эр байсан юм. Судас барихыг бие даан сурсан гэдэг. Өөрөө манж, хятад, төвд хэлтэй, мэдээж, хуучин монголтой, -Бие даагаад сурч болдоггүй зүйл гэж хорвоо дээр нэг ч үгүй. Тэр тусмаа дорно дахины анагаахын судрууд Монгол орны уул бүхний агуй хонгилоор дүүрэн байна шүү дээ гэж ярьдаг байсан нэгэн.

Судас барьж сурахад хамгийн хэцүү нь хамгийн эхэндээ байдаг аж. Хуучин сударт өгүүлснийг дагаж, гурил элддэг ганжин дээр тэрээр гурван хурууныхаа өндгийг тавиад биеэ чагнан бараг жил хэртэй суужээ. Ийм дасгалыг даяан хийхтэй л адилтгаж болмоор. Бусдын судасны цохилтыг мэдрэхийн тулд урьдаар өөрийнхөө судасны чимээг ялгаж сурах ёстой. Тэгэхгүй бол хүний, өөрийн лугшилт холилдоод их хотын гудамж мэт битүү шуугианд самуурахад хүрнэ. Өөрийнхөө судасны чимээг таньсны дараа бол бүх зүйл амархан. Хүйтэн уулын агуйд бурхдын уншиж суугаа тэдгээр судруудад бэлээхэн бичээтэй бий.
Тэр шоронгийн эмч байсан юм. Шоронгийн даргын эхнэрийг эдгэршгүй гэгдэж байсан өвчнөөс нь салгаж өгсөн тул, ийм ажлаар шагнуулжээ. Тэрээр хоригдлуудын судсыг барьж, судар шиг баринтагласан зузаан дэвтрүүдэд юу ч юм бэ тэмдэглэн бичиж суудаг байлаа. Шинэ ялтан ирэх бүрт судсыг нь барьж үзнэ. Нэгэн хоригдлын судсыг бариад хилсээр шийтгэгдсэн болохыг нь мэдэж хөөцөлдсөөр, эцэстээ жинхэнэ хэрэгтнийг илрүүлсний дараагаас түүнд ийм тусгай эрх олгосон аж.
Нэг удаа банк ухсан гурван этгээдийн судсыг барих үед нь би түүний дэргэд байж таарсан юм. Тэр зузаан дэвтэртээ ер нь юу тэмдэглэдгийг мэдэх сэн гэхээс хорхойсч явсан тул ийм боломж гарах бүрт би дуртайяа очдог, ямар нэгэн сонин зүйл болох юм шиг надад санагддаг байв.
-Үгүй, ер. Нэгийнх нь эх өлсгөлөн, нөгөөгийнх нь архичин, гурав дахь нь тамхичин! Нэг дор ийм гурван чүнчигноров таардаг аа! гэж мань эр дуу алдав.
-Эд нарын ээжүүд ий?
-Харин тийм. Нэгийнх нь ээж жирэмсэн байхдаа их өлсдөг байжээ. Тэгээд л хүү нь ийм амьтан болсон байна. Нөгөө хоёрынх нь замыг ээжүүдийнх нь уусан архи, татсан тамхи баллачихаж. Би тэр, хүүхдүүдийнхээ ирээдүйг балласан ээжүүдтэй уулзмаар байна. Дараа нь энэ шоронгоос бүрмөсөн явна. Чи миний аялалд хань болох уу?

II.

Гурван эр санаандгүй учралаар таарч нөхөрлөөд, нийлж банк дээрэмджээ. Банк талсан нь хэн хэнийх нь хувьд анхны хэрэг байгаагүй, бүр хоёр гурав дахь ялт үйлдэл ч байгаагүйг энд ярих шаардлагагүй. Миний чухам юу ярих гэснийг чи таахгүй биз. Тиймээс шууд л хэлчихье. Тэр адгийн гурван шаарын ээжүүдийн тухай л…
Нэгэн бөглүү газар нэг залуухан бүсгүй явуулын эрээс жирэмслээд хоцорчээ. Өөр нэг газар өөр нэгэн бүсгүй бүжиг тараад хүргэж өгдөг залуусаасаа хүүхэд олчихжээ. Тийм залуус нэг хоёр ч биш, гурав ч биш байсан тул чухам хэн нь хүүгийн эцэг болохыг өөрөө ч мэдээгүй юм. Бас нэгэн газар ондоон нэг бүсгүйд золгүй явдал тохиолдож, сүйт хархүү нь ослоор нас барав. Уй гашууд автсан бүсгүй хэвлий дэх үрээ ч бодолгүй ууж согтуурах болжээ.

Эхний бүсгүй өнчин ядуу нэгэн байв. Эзгүйрэн сүйрч буй хөдөөгийн суурингийн золбин нохдоос ч азгүй тэр хөл хүнд эмэгтэй, хөөрхий, маш их өлсдөг байжээ. Тураалд автсан дорой эхээс дөнгөж амьтай голтой унасан туниагүй улаан амьтан азаар хүн болж, хожим нь ханаж цаддаггүй өлсгөлөн араатан болох үйлтэй байж. Мөнхөд өлсөж явдаг эрхтэн нь ууж идэхэд л зориулагдсан эд байгаагүй нь тоогүй. Бөглүү суурингийн хөвгүүн гаднаас нь харахад бүрэг дорой нэгэн байсан тул эмэгтэйчүүд түүнээс ер үл цэрвэнэ. Бүрэг хөвгүүн төдөлгүй гайхалтай удаан хурьцаж чаддагаараа сэм нэрд гарчээ. Яг үнэндээ тэр огтоос дур тавьдаггүйг хүүхнүүд анзаарсангүй. Нэгэнтээ мань эр энгэр зөрүүлсэн эмэгтэйгээ эзгүй жалганд боомилчихоод, амь тавьж буй биеийнх нь байж ядсан тарчлаан дунд анх удаа зүйрлэшгүй таашаалыг амсчээ. Үйлдсэн хэргээсээ айгаад хот руу зугтсан байна.
Бүжгийн чөлөөнд хүүхэд олсон бүсгүй сэтгэл зовох гэдгийг ер мэддэггүй эмэгтэй байлаа. Эрчүүд түүнд тамхи бэлэглээд л хүслээ хангачихна. Янжуурыг ч ёстой нэг угсруулж өгнө дөө. Төрмөгцөө уйлахаасаа өмнө нэг сайн ханиалгаад авсан жаалхүү нь арван долоотойдоо анх хүчингийн хэргээр ял сонсч, “аав”-ын хаалга татжээ.
Гурав дахь бүсгүй нэг л өдөр сэхээрч, архинаас биеэ татан авч, хамаг анхаарлаа хүүдээ зориулах болов. Тэр ухаалаг, сайхан бүсгүй байсан тул шинэ амьдрал зохиох боломж ч нэг бус удаа гарч. Харин хүү ээж рүүгээ дөхсөн эрчүүдийг яг л нохой шиг архирч боргоох нь холгүй хөөж үргээдэг байлаа. Дөнгөж нэрээ бичиж сурах хүртлээ гурван жил сургуульд суугаад гарсан тэр жаал арван гуравтайдаа аль хэдийнэ өөрийн гэсэн дээрмийн бүлэгтэй болсон байна.
Ороо нь ороогоо, жороо нь жороогоо… Ийм л гурван ээжийн хөвгүүд элдвийн муу газар дамжиж, аль л муу хүмүүсийг олж нөхөрлөж явсаар нэлээд хашир “гарууд” болсон хойноо уулзалджээ. Хэн хэнийх нь адгуусан гаж шуналд хамгийн сайхан тохирох эм бол мөнгө байв. Асар их, толгой эргүүлсэн, хуял тачаал бадраасан, цус амтагдсан, тийм их мөнгө.
Ингээд л тэд банк талсан юм. Банк дээрэмдсэн нь ч сайн юм болжээ гэж би бодож байна. Тэд одоо ялаа эдэлж суугаа. Гурвын гурван ийм хүн нийлэхээрээ түүнээс ч аюултай хэрэг өдүүлж, хүний ой тойнд багтамгүй гайг түвэггүй тарьж чадна. Азаар тэд өөр өөр шоронд байгаа…

III.

Бид нөгөө ээжүүдийг олж уулзсаан. Нөгөө Гурван Ээж.
Эхний ээж хэзээ ч хүүгээ эргэн ирж байгаагүй. Бид түүнтэй уулзахын тулд, гунигтайгаар амьсгал хурааж буй бөглүү сууринд очиж билээ. Хоёр дахь ээжээс хамгийн их зүйл сонссон бөгөөд тамхи л байвал хэдэн хоногоор ч хамаагүй яриад л суухаар авгай байв. Бид түүнтэй гурван удаа уулзахдаа 17 хайрцаг “Dunhill”-ээр хохирсон юм даг. Тэр их хөшиглөсөн утаан дунд л би гайхамшигтай хүнтэй цуг яваагаа мэдэрсэн дээ. Хүүхдүүдийнх нь судасны лугшилтаас тэр ямар ч алдаагүй гайхалтай мэдээлэл олж сонссон байж билээ.

Нөгөө баринтгаар нь дүүрэн иймэрхүү зүйлс, өөр олон жишээ, баримт, тэмдэглэл бий гээд бодохоор үнэмшмээргүй. Дараа нь засаршгүй гэмт хэрэгтнүүдийн сэтгэлзүйн сэдвээр докторын зэрэг хамгаалах хуралд нь ч би мөн байлцсан. Гэхдээ нэг болзолтойгоор. Энэ бүхний учрыг хоригдлуудын судас барьж мэдсэн гэдгийг хэнд ч хэлэхгүй гэсэн болзолтойгоор. Цол хамгаалалт маш их маргаантай, их ч сонирхолтой, бас чамгүй дуулиантай болсон. Түүний гаргасан дүгнэлтүүдийн тухай сонинд ч бичсэн.
Ямар дүгнэлт вэ гэж үү? Товчоор хэлэх юм бол… Хамгийн товчоор л хэлье. Сонин дээр ингэсэн байгаа юм… За, энэ байна:
“…Жирэмсний сүүлийн саруудад татсан янжуурын тоо хүүг нь ирээдүйд хүчингийн хэрэг үйлдэхэд түлхдэг…”.
Бас энэ:
“…Жирэмсэн үедээ, ялангуяа жирэмсний эхний үед их өлсөж байсан эхээс бэлгийн гаж донтон төрөх магадлал…”. Өө, энд бичээгүй байна. Итгэмээргүй өндөр хувьтай шүү. Нөгөөдөх нь хаа байна даа? Аа.
“…Энэ удаад архичин эхийн тухай… Тийм эхчүүдээс төрсөн хөвгүүдийн догшин харгис араншин хүнд байж болох хамгийн дээд түвшинд, оюун ухааны чадвар нь байж болох хамгийн доод хэмжээнд…”.
Дараа нь тэр зөвхөн нөгөө шоронгоос ч биш, бидний эргэн тойрны чих дөжрөм энэ бүх шуугиан хөлсөөн дундаас хаа нэг тийшээ бүрмөсөн явчихсан билээ. Явахаасаа өмнөхөн миний судсыг барьж, цаг хугацааны тухай нэг нууц хэлсэн. Миний амьдралын маш олон учрал тэр нууцлаг цаг хугацааны эргүүлэг рүү сониуч жаалууд шиг шагайн харчихаад, огло харайн зугтах мэт ор мөргүй алга болцгоож дээ…

Гунаажавын  Аюурзана 


URL:

Сэтгэгдэл бичих