Монгол эмэгтэй БНХАУ руу галт зэвсэг оруулах гэж байгаад баригдав уу
Монгол хатдын минь үргэлжлэл монгол бүсгүй санаанд багтамгүй хэрэг үйлдсэн байж болзошгүй байна. Тодруулбал, Замын-Үүдээс Эрээн хот руу зорчиж явсан нэгэн эмэгтэйг БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынхан саатуулсан тухай мэдээлэл чих дэлсэв. Уг эмэгтэй тус хот руу автомашинаар орсон бөгөөд Хятадын хилийн шалган нэвтрүүлэх албаныхан өнгөрсөн баасан гаригийн 11.00-12.00 цагийн үед баривчлан авч явсан гэж орон нутгийн эх сурвалж мэдээлжээ.
Тэрбээр автомашиндаа боодолтой зүйл авч явсан бөгөөд тэр зүйл нь галт зэвсэг байсан бололтой. Одоогоор ангийн буу юу, байлдааных байв уу гэдэг нь тодорхойгүй аж. БНХАУ-ын хилээр галт зэвсэг нэвтрүүлнэ гэдэг маш хүнд гэмт хэрэг байдаг. Тиймдээ ч уг эмэгтэйг гавлаад авч явсан гэж эх сурвалж хэлжээ. Энэ талаар Замын-Үүдийн Цагдаа болон тагнуулын байгууллагынхнаас тодруулахад “Одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” хэмээсэн байна.
Монголчууд амьдралаа авч явахын тулд амиараа ийнхүү тэнчин тавьсаар. Манай улсын хичнээн иргэн тус улсад цаазын ял авсан билээ. Хятад шиг хатуу дэглэмтэй оронд хар тамхи зөөвөрлөнө гэдэг маш хүнд гэмт хэрэгт тооцогддог. Гэтэл үүнийг нь мэдсээр байж, амиа золин байж тээвэрлэнэ гэдэг дэндүү аз сорьсон хэрэг бус уу. Гадны иргэд Монгол улс руу хууль бусаар галт зэвсэг оруулж ирэхэд бид өмөлзөн өширхсөн.
Тухайлбал өнгөрсөн оны 11-р сарын 1-ний шөнө манай улсын хилийг зөрчин, ОХУ-ын Тува улсын талаас галт зэвсэг агсан нэвтэрсэн. Хилчид тэднийг саатуулан хууль хяналтын байгууллагад шилжүүлж, гар хийцийн галт зэвсгүүдийг нь эд мөрийн баримт болгон өгсөн. Уг хэргийн шүүх хурал саяхан Увс аймгийн Сум дундын 24 дүгээр шүүхэд болж, Кызыл-Оол Тамир Маннай-Ооловичид 12.1 жил, Кан-Оол Серекей Аясович, Салчак Айбек Бычы-Оолович нарт 10.1 жил хорих ялыг тус тус оногдуулсан билээ. Тэднийг улсын хил хууль бусаар нэвтэрсэн, галт зэвсэг хил нэвтрүүлсэн гэсэн үндэслэлээр ийнхүү ялласан юм.
Манайх ардчилсан орон учраас гэмт хэрэгтэнд оногдуулах ял нь өмнөд хөршийг бодвол арай хөнгөн. Гэтэл манайх өөрсдийн хилээр галт зэвсэг оруулсан иргэнд 10-12 жил ял оногдуулсан. Хэрвээ манай улсын иргэн галт зэвсэг оруулсан нь батлагдвал аз таарвал бүх насаараа, үгүй бол цаазаар авахуулах хүндхэн хувь заяа хүлээж байна.
ДНьюс
URL: