”Элгээрээ хэвтсэн” эдийн засаг хэзээ босох вэ
Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн жилүүдэд хүндэрч, улмаар өнгөрсөн жилээс өнөө хүртэл эрс доройтоод байгаа талаар эдийн засагч, улс төрчид хэвлэл мэдээллийн байгууллагаар өдөр шөнөгүй мэдээлж байгаа. Үнэндээ өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлээс харахад эдийн засгийг тодорхойлдог гол үзүүлэлтүүд унасан байна. Тухайлбал, “ДНБ-ийг 18.5 хувиар өснө” гэж төлөвлөж байсан бол гүйцэтгэлээр 11.5 хувьтай гарсан. УИХ-аар өнгөрсөн оны мөнгөний бодлогыг батлах үед Монголбанкнаас “Инфляцийг найман хувьд барина” гэсэн ч гүйцэтгэлээр 12.5 хувьтай гарсан. Үүнтэй холбогдуулан сүүлийн үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаар өсч байна. Дээр нь манай улсын зээлжих зэрэглэл буурч -В рүү орсон.
Гадаад худалдааны алдагдал ихэссэнээр худалдаа багасч, өрийн хэмжээ байх ёстой хэмжээнээсээ нэмэгдсэн гэх мэтчилэн салбар бүрийн эдийн засагт сөрөг үр дагавар нүүрлээд байгаа. Харин энэ долоо хоногийн ажлын эхний өдөр Монголбанкны зарласан ханшаар ам.доллар төгрөгийн эсрэг багахан суларчээ. Даваа гаригийн орой ам.доллар төгрөгийн эсрэг 1752 төгрөг 38 мөнгөнөөс 1751 төгрөг 61 мөнгө хүрч 0.77 мөнгөөр суларсан байна. Гэвч бодит байдалд буюу ам.долларын ханш хар зах дээр бараг 1800 төгрөгт “шүргээд” байгааг мэдэх хүн олон бий. Төв банкныхаар бол ам.доллар төгрөгийн эсрэг суларсан ч евро ам.долларын эсрэг чангарлаа. Тодруулбал, евро төгрөгийн эсрэг 2403 төгрөг 39 мөнгөнөөс 2412 төгрөг 14 мөнгө хүрч, нийт найман төгрөг 75 мөнгөөр чангарсан байна.
Түүнчлэн Японы иень төгрөгийн эсрэг дөрвөн мөнгөөр чангарав. Гэтэл төв банкны зүгээс “Ам.долларын ханш өссөнийг эдийн засаг хүндэрсэн гэж ойлгох нь өрөөсгөл. Удахгүй эдийн засаг сэргэнэ” гэх тайлбарыг удаа дараа өгч байгаа. Уг нь эдийн засгийн уналтад ороод буй энэ үед ам.долларын ханш 1800 төгрөгт ойртоно гэдэг том эрсдэл. Учир нь манай улсын эдийн засгийн дийлэнх “жин” импортоос хамааралтай байдаг. Бүхий л хэрэгцээтэй зүйлээ гадаадаас валютаар худалдан авдаг. Тийм атал энэ асуудалд Засгийн газар, УИХ анхаарал хандуулахгүй, тэр бүү хэл “Эдийн засаг сайн байна” хэмээн худлаа яриад сууж болохгүй л болов уу.
ВАЛЮТЫН ХАНШИЙН ӨСӨЛТӨӨС БОЛЖ ГАДААДЫН ЗЭЛИЙН ХҮҮ ӨСЛӨӨ
Эх сурвалжийн мэдээлснээр манай улсын гадаадаас авсан зээлийн буюу бондын хүүнд жил бүр 150-180 тэрбум төгрөг төлж байгаа аж. Тэгэхээр валютын ханшийн өсөлтөөс болж зээлийн хүүгийн хэмжээ 35 хувиар өсч байгаа юм байна. Мөн УИХ-аас энэ оны төсвийн хуулийг хэлэлцэх хүрээнд хөрөнгө оруулалтыг нэг их наяд төгрөгөөр төсөвлөсөн. Улмаар ам.долларын ханшийг 1384 төгрөгөөс хэтрүүлэхгүй гэж төсөвт суулгасан. Гэтэл валютын ханш өнөөдөр 1800 төгрөгт тулж очсоноор нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын өртөг зайлшгүй нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, валютын ханш ийм өндөр байхад аж ахуйн нэгжүүд 1384 төгрөгөөр тооцуулж, тендерт оролцохгүй нь тодорхой.
Энэ талаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нэгэн ярилцлагадаа “Нууж болохгүй ганц зүйл байдаг. Тэр нь эдийн засгийн даралт гэдгээр эрүүл мэнд. Тэгэхээр Монгол Улсын эдийн засаг “халуурч, хатгаа аваад, цэх сайхан явж чадахгүй, хөл нь доголж, өнхөрч, элгээрээ хэвтлээ”. Ам.долларын ханш 1800 төгрөгт тун удахгүй хүрэх гээд байна. Би шинэчлэлийн, манай АН- ын Засгийн газрын бодитой зүйлийг хэлье. Үнэхээр нөхдүүд валютын ханшийг барьж чадахгүй байна. Энэ бол харамсалтай. Гол гол чухал бодлогоо зоригтой хэрэгжүүлэхгүй байна. Ер нь гаднаас өндөр хүүтэй зээл авч, бонд босгох буруу. Гэхдээ бид нэгэнт авсан. Харин мөнгө олдог, мега төсөлд зарцуулах ёстой байсан ч нийгмийн ач холбогдолтой зам тавьсан. Өөрөөр хэлбэл, тавдугаар цахилгаан станц, төмөр зам, нүүрсний зам, зэс хайлуулах үйлдвэр барьсан бол шууд эдийн засагт нөлөөлөх байсан. Гэтэл аль нь ч байхгүй, шүүрэн шанага шиг байгаад би харамсч байна” гэжээ.
АМ.ДОЛЛАРААР ЗЭЭЛ АВСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮД ДАМПУУРЧ МЭДЭХ НЬ
Манай улсын зарим аж ахуйн нэгж зургаан их наяд орчим төгрөгийн зээл авсан байдаг. Үүнээс хоёр тэрбум орчим нь ам.долларын зээл юм байна. Гэтэл валютын ханш өссөнөөр эдгээр байгууллага эхнээсээ “Зээлийн эргэн төлөлт хийхэд амаргүй болж байна. Ажлаа зогсоохоос өөр арга алга” гэх болсон. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын тайлбарласнаар өнгөрсөн онд 301 аж ахуйн нэгж дампуурлаа зарласан бол энэ оны эхний гурван сарын байдлаар 500 орчим компани үйл ажиллагаагаа зогсоож мэдэх нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс эрх баригчид даруйхан арга хэмжээ авахгүй бол аж ахуйн нэгжүүд олноороо хаалгаа барьж мэдэх онцгой нөхцөл үүсээд байгаа аж.
ЭКСПОРТЫГ ХЭЗЭЭ ДЭМЖИХ ГЭЭД БАЙНА ВЭ
Засгийн газрын тэргүүн “Им – портыг ор лох экспортын бү тээг дэхүүн үйлдвэрлэнэ” гэж хэлсэн нь сая хан. Гэвч өнөөдрийг хүр тэл экс пор тыг хэрхэн дэмжих нь то дорх ойгүй байна. Уг нь валю тын нөөц нь хомсодсон, эдийн зас- гийн хүнд байдалд орсон улс орнуудад валютын нөөцөө бүрдүүлдэг хэд хэдэн эх үүсвэр байдаг аж. Тухайлбал, Засгийн газрын тэргүүний хэлснээр экспортыг нэмэгдүүлэх. Үүнээс гадна гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, зээл тусламж авах, алт тушаалтыг нэмэгдүүлэх гэх мэтчилэн арга байдаг талаар эдийн засагчид хэлж байгаа юм. Гэтэл эрх баригчид экспортыг дэмжих, нэмэгдүүлэх бус харин ч шахаж, бууруулаад байгаа нь нууц биш. Уг нь манай улс эдийн засгаа аврах гол хүчин зүйл нь уул уурхайн салбар. Гэвч өнөөдөр нүүрсээ гадагш нь бараг үнэгүй өгч байна.
Өмнөх Засгийн газрын үед Хятадын “Чалко” компанид Тавантолгойгоос олборлосон нүүрсээ нэг тонныг нь 70 ам.доллараар нийлүүлэхээр гэрээ байгуулсан байдаг. Харин өнөөгийн Засгийн газар нэг тонныг нь 40 ам.доллараар нийлүүлээд сууж байна. Түүнчлэн экспортолж буй нэг тонн нүүрсний 30-40 хувийг тээврийн зардал эзэлдэг аж. Ийм байдлаар манай улсын нүүрс дэлхийн зах зээлд үнэд хүрч, өрсөлдөх нөхцөл бүрдэнэ гэдэг юу л бол. Харин дэлхийн зах зээлд нүүрсээрээ өрсөлдөхийн тулд нэн түрүүнд төмөр замын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Үүгээр ч зогсохгүй эрх баригчид валютын нөөцийг ямар нэгэн аргаар бүрдүүлж, үнийн хөөрөгдлийг бууруулах арга хэмжээ авах нь чухал байна. Харин “Эдийн засаг хүндрэлд ороогүй”, “Ам. долларын ханшийн өсөлт эдийн засагт төдийлөн нөлөөлөхгүй” гэх мэтчилэн хүүхэд хуурах шиг зүйл ярьсаар суухад чинь аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж, ард түмний амьдрал туйлдах нь.
URL: