Ижилсэж гоёхоос нь илүүг хүлээдэг юмсан

emegtei-gishuud2

Эмэгтэйчүүдийн эр­хийг хамгаалах өдөр дөхөж байна. Энэ өдрийг угтсан хурал, чуулган хаа сайгүй болж буй. Жил бүр л эмэгтэйчүүд бид эрхээ эдэлж чадаж байна уу гэсэн хэлэлцүүлэг өрнүүлдэг нь сонин биш. Үүнтэй зэрэгцээд төрд  буй эмэгтэйчүүдийн дуу хоолой сул байна гэсэн шүүмжлэл байнга гардаг. Өмнөхтэй харьцуулахад төр засагт эмэгтэйчүүд томоохон багтай болсон. Парламентад эмэгтэй 11 гишүүн, Засгийн газарт гурван сайд ажиллаж байгаа. Боломжийн тоо. Даанч тэдний хийж буй ажил олон нийтийн хүссэн хэмжээнд хүрсэнгүй.

УИХ-ын 11 гишүүний хувьд хоёр дахь Мартын 8-аа тэмдэглэх гэж бай­на. Тэд энэ өдөр Ерөнхийлөгчөөс, УИХ-аас даргаас баярын цэцэг гарддаг. Гэхдээ энэ өдөр эмэгтэй гишүүд сарнай цэцэг бэлгэнд аваад өнгө­рөх биш хийсэн ажлаа эргэж нэг хараасай гэж хүсэх байна. Тэд хэдэн хууль санаачлав, хэдийг нь батлуулж чадав, ард нь байгаа олон мянган эмэгтэйг төлөөлж чадаж байна уу гэсэн олон асуул­тын тэмдэг эмэгтэй гишүүдэд тавигдсаар байна.

Харин тэдний нэг л ажилд баяр хүргэх нь зүйтэй. Элдэв янзын баяр, наадам, хурал чуулганд дээлээр ижилсэж ирэхээ мартдаггүй “сайхан” уламжлал бий болоод буй. Тэдний имиж үүгээр зогсохгүй.  Шинэ жилийн баяраар хип хоп дуу зохиож дуулаад студид бичүүлээд цацчихна, олон нийтийн арга хэмжээнд бүгдээрээ очоод зургаа татуулаад шэйрлэчихнэ. Адтай хүүхнүүд байгаа юмаа. Цаашдаа дээл өм­сө­хөө мартдаггүй шигээ Монголын нийт эмэгтэйчүүдийн төлөөлөл болж ажиллах ёстойгоо битгий мартаарай гэж захимаар.

Тэд өнөөдөр хэрхэн ажиллаж байгаа нь дараа дараагийн эмэгтэй улстөрчдийн карьерт нө­лөөлнө. Тэгэхээр хариуцлагатай  ажиллах нь эмэгтэй парламентчдын үүрэг юм.

Тэднийг өнгө будгаар ялгавал, улаан, цэнхэр, ногоон намынхан. Д.Арвин, М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Р.Бурмаа, С.Одонтуяа, С.Оюун, Ц.Оюунгэрэл, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, С.Уянга, Л.Эрдэнэчимэг нарын 11 гишүүний хоёр нь Ардын нам, хоёр нь “Шударга ёс” эвслийнх, нэг нь ИЗНН-ынх, зургаа нь Ардчилсан намынх. Нам, хөдөлгөөнөөрөө нэг их талцахгүй эв зүйгээ ололцоод ажилладаг сайн тал тэдэнд бий. Гэвч сонгогчдод нь, олон нийтэд эмэгтэй гишүү­дийн намчирхал, хувцаслалт, дуу, бүжиг сонин биш. Дээлээрээ ижилсээд дэндүү гоё харагддаг бол хийсэн ажлаараа гоёх юм бол үүнээс ч илүү сүртэй байх билээ.

Ер нь бол ажил л хийнэ гэж төрд сонгогд­сон гишүүд. Цаашилбал эмэгтэйчүүд илүү ихийг хийдгээ харуулаад өгнө гэж парламентад албан бус бүлэг хүртэл байгуулсан. Эмэгтэй гишүүдийн хийсэн ажил гэвэл Тамхины хяналтын тухай хуулийг нэрлэж болох юм. Өлгөөд авчихмаар ажил нь энэ. Ажлын хэсэг ахалдаг, хуулийн төсөл санаачлагчаар оролцдог гээд дурдвал цаанаа их л ажилтай явдаг байх. Харамсалтай нь тэд хурдгүй ажиллаж байна. Ижилсэж гоёхоо хурдан сэтгэж чаддаг ч хууль дүрмийн ажил дээр хурд алга. Парламентчидын гол ажил бол хууль тогтоох шүү дээ.

Зав чөлөөгөөр нь ялгаж үзвэл давхар дээлтэй хоёр гишүүн байна. С.Оюун, Ц.Оюунгэрэл нар сайд. Цааш нь ух­вал М.Батчимэг, З.Баянсэлэнгэ, Р.Бурмаа С.Оюун, Д.Сарангэрэл нарын таван гишүүн тойроггүй. Чуулганы завсарлагаанаар албан болон нам засгийн ажлаар зарим тохиолдолд  хөдөө, гадаа явах үе бай­­даг ч бусадтай харьцуулахад сонгогчдоо эргэх шаардлагагүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тэн хагас нь харьцангуй чөлөөтэй ажилладаг гэхэд хилсдэхгүй болов уу. Ийм байхад тэднээс олон зүйл нэхэхэд гэмгүй. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэй гишүүдээс илүү хурдтай ажиллахыг шаардмаар байна.

М.ЦЭЦЭГ

polit.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих