Албан тушаалын тойрог

Лам багш намайг хөө­гөөд, би лам багшийг хөө­гөөд” гэгчээр Төрийн ордонд  МАН-ын дөмөгхөн гишүүд албан тушаал хөөн их тойрог дотор жирийлдэж байна. Сая­хан нэрээ сольж тугаа шинэчилсэн МАН-ын нөлөө бүхий гишүүдийн дунд албан тушаалын төлөөх их дажин өрнөж, ид дундаа явж буй. Болж байгаа үйл явдлаас дурдвал бүрэн эрхийн хугацаа нь өндөрлөсөн Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Солонгын оронд саяхан Улсын ерөнхий прокурорын орлогчийн албанаас мултарсан Б.Цэрэн­балтавыг зүтгүүлэхээр МАН-ын удирдлагууд УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг нэлээд шахжээ. Гэвч хашир спикер “Өчигдөр хүн шүүж явсан хүн өнөөдөр хүний эрхийг хамгаална гэдэг арай боломжгүй. Нийгэм ч юу гэж хүлээж авах юм” гэсэн хариу өгч, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ч татгалзсанаар Б.Цэрэн­балтав даргын шинэ албанд очих зам бүдгэрэв. Гэвч МАН-ынхан Хүний эр­хийн үндэсний комиссын даргад нэр дэвшүүлэх “ха­лаас­ны” хүнээ  тодруулаад амж­жээ. Өдгөөгийн Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Бямба­доржийн бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа тул түүнийг улираан нэр дэвшүүлэх санал МАН-ын бүлгээс гараад байсан. Гэвч УИХ-ын дарга хий­гээд Ардчилсан намын бүл­­гийн гишүүд нэгэнт Б.Цэрэн­балтаваар  Хүний эрхийн үндэсний комисс толгойлуулахаас татгалзаж буй тул Ж.Бямбадорж даргыг уг албан тушаалд зүтгүүлэхээр боллоо. Үндсэн хууль манаж сурсан туршлагатай хуульч хүний эрхийг ч хамгаалж чадна гэж МАН-ын бүлгийнхэн үзжээ.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа ч мөн дуусгавар болсон. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч эрхмийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр улируулан сонгуулахаар дахин нэр дэвшүүлсэн хэдий ч 68 нас сүүдэр тухайлж, “Төрийн албаны тухай хуульд зааснаар тэтгэврийн нас аль хэдийнэ хэвийсэн учир төрийн алба хашуулах боломжгүй” гэсэн дүгнэлт гарснаар асуудлыг хойшлуулсан. Гэвч дахин нягталж үзээд П.Очирбатыг “Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхэд харшлах зүйлгүй” гэсэн тохиролцоонд хүрсэн байна.  Үүнийг “МАН-ынхан ардчилалынхантай тохиролцоонд хүрч Б.Цэрэнбалтавт суудал засах гэсэн хэрэг” хэмээн үзэх хэсэг Төрийн ордонд бий болжээ. Тохиролцоо ч үр дүнд хүрч байгаа бололтой,  Үндсэн хуулийн Цэцээс зодог тайлж байгаа Ж.Бямбадоржийн оронд Хүний эрхийн комиссоос “жийгдсэн” Б.Цэрэнбалтавын нэрийг дэвшүүлэхээр МАН-ын бүлгийнхэн ярилцжээ. Мөн Улсын ерөнхий прокурор асан М.Алтанхуягийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд нэрийг нь  дэвшүүлэхээр МАН-ын бүлгийн хүрээнд тохироод “хор найруулгын төвшинд” явж байгаа талаар жиг жуг яриа чих дэлсч байна. Түүгээр үл барам М.Алтанхуягийг Үндсэн хуулийн Цэцийн даргад зүтгүүлэхээр С.Баяр гишүүн чармайж байгаа гэх яриа ч дуулдав.

Ингэж Б.Цэрэнбалтавын араас Ж.Бямбадорж, Ж.Бямбадоржийн араас Б.Цэрэнбалтав, дунд нь П.Очирбат гэсэн битүү тойрог дунд Монголын төрийн том албанаас буудаггүй хэдхэн хүн эргэлдэж байна.

УИХ хавиар ийм сонинтой байхад Засгийн газар талд ч албан тушаалын их аян үргэлжилж байгаа. Сангийн дэд сайд Т.Очирхүүг УБТЗ-ын даргаар тавиад тун удаагүй ч төсөв мөнгө хэлэлцэж буй энэ эгзэгтэй үед дэд сайдын суудлыг эзэнтэй болгох шаардлага тулгарчээ. Түүнд санхүүгийн “Тэнгэр” нэгдлийн захирал Ч.Ганхуяг, Ерөнхий сайдын зөвлөх асан Б.Батжаргал нарын нэгийг зүтгүүлэхээр ярилцжээ. Харин МАН-ын орон тооны нарийн бичгийн даргаар сонгогдож төрийн албаа Засгийн газрын хуралдаанаар дөнгөж тушаагаад байгаа УМХЕГ-ын дарга Я.Содбаатарын оронд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Ц.Ням-Осорын нэрийг дэвшүүлэхээр МАН-ын удирдлагын хүрээнд санал солилцжээ. Ингэхээр Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын суудал эзгүйрч таарна. Тэр албанд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дэд дарга У.Отгонбаярыг дэвшүүлэх талаар ч тохиролцоонд хүрч буй аж. У.Отгонбаяр нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүхийн төрсөн дүү гэх яриа Төрийн ордонд дуулдаж байна. Уг нь энэ албан тушалд өрсөлдөөний зарчмаар сонгодог ч түүнийг МАН-ын дарга нар өлхөн аргалах бололтой.

Ийнхүү “Хулганаас хөеө авч үнээнд өгнө. Үнээнээс сүү авч мууранд өгнө. Тэгсээр тэгсээр гахайнаас хялгас авч дээс томоод усанд унасан найзыгаа татаж гаргана” гэгчээр нэг албанд тэнцээгүй найзаа нөгөө албанд зүтгүүлж, завсраар нь төрсөн ах дүүсээ дээш гаргах их тойрог Төрийн ордонд үргэлжилж байна.

Д.ОЮУН


URL:

Сэтгэгдэл бичих