”Эрдэнэт үйлдвэр” найдваргүй компаниудын хар жагсаалт гаргажээ
“Эрдэнэт” үйлдвэрт бараа, материал нийлүүлэх гэрээ байгуулаад “бултсан” аж ахуйн нэгж, компаниудын нэрсийн жагсаалт гарчээ. Тус компанийн удирдлагууд ажлаа аваад нэг жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд уг үйлдвэртэй холбоотой хамгийн их яригддаг, шахааны бизнес, бараа, материалын илүүдлээс үүдсэн алдагдал зэрэгт ихээхэн анхаарал хандуулж ажилласнаа дуулгаж байна. Энэ ч утгаараа “хар жагсаалт” гарган, найдлагагүй компаниудыг нэрлэж байгаа аж. Монголын сэтгүүлчдийн эвлэлээс үндэсний сэтгүүл зүйн 100 жилийн ойн хүрээнд “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах аяллыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Аяллын хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнуудаас бүрдсэн баг “Эрдэнэт” үйлдвэрийн ил уурхай, үйлдвэрийн болон бусад салбар цехийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Энэ үеэр дээрх мэдээллийг “Эрдэнэт” үйлдвэрйн удирдлагууд бидэнд нээллтэй өгсөн. Ажлаа хүлээж аваад нэг жил болж буй “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн бусад орлогч захирлуудын хамтаар нэг жилийн ажлаа нээлттэй тайлагнасан. “Эрдэнэт үйлдвэр” өнгөрсөн 2013 онд бизнес төлөвлөгөөгөөр нэг тонн цэвэр зэсэд ногдох өөрийн өртгийг 6625 ам.доллар байхаар төлөвлөсөн ч 5800 болж бууруулж чадсан байна. Ер нь тус үйлдвэр өнгөрсөн жил хэмнэлтийн горимоор ажилласан гэдгийг удирдлагууд нь онцолж байсан. Тиймдээ ч 38 тэрбум төгрөг хэмнэж, агуулахын үлдэгдлийг 19 тэрбум төгрөгөөр багасгаж, авлагыг 70.4 сая доллар, өглөгийг 34.9 сая доллараар бууруулсан гэнэ. Ингээд тайлангийн хурлын дараа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хэрхэн хариулсныг хүргэе.
-Эрдэнэт үйлдвэр ирэх өдрүүдээ хэрхэн төсөөлж байна вэ.
Мөн монголын хамгийн том компани гэдэг утгаараа татварын дарамт их ирдэг гэж ярьдаг?
-Дэлхийн зах зээл дээр өнөөдрийн байдлаар хямрал болж байна. Үүнтэй холбоотойгоор гол өнгөт металуудын үнэ бидний төсөөлсөн хэмжээнд байж чадахгүй байгаа. 2013 онд гэхэд өмнөх онд нь дэлхийн зах зээлд байсан зэсийн үнэ мянга гаруй ам.доллараар буурсан. Тэгэхээр бидний хувьд энэ өсөлтийг хянаж чадахгүй учраас өөрийн өртөг зардлаа л бууруулах ёстой. Тийм учраас бид үйлдвэртээ хэмнэлтийн бодлогыг өрнүүлж байна. Аль болох бага зардлаар үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулах бодлоготой байгаа. Ер нь өнгөрсөн онд улсын болон орон нутгийн төсөвт 520 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн. Нөөц ашигласны өсөн нэмэгдэх татвар дунджаар 18 хувиар төлж байгаа. Гэхдээ бид үүнийг татварын дарамт гэж харахгүй байна. Аль аль талдаа боломжоо хараад үйлдвэрийн үйл ажиллагааг аль болох бага зардлаар оновчтой явуулах л бодлого барьж байна. “Эрдэнэт” үйлдвэр 35 жил тасралтгүй ажиллах хугацаандаа дөрвөн сая гаруй цэвэр зэс үйлдвэрлэж, экспортод гаргасан.Түүнчлэн дөрвөн их наяд гаруй төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байдаг.
-“Эрдэнэт”-ийн агуулахад их зүйл байна, бүх ажилчид өдөр бүр сольж өмсөөд ч барагдахааргүй олон бээлий байна гэх мэдээлэл багагүй хугацаанд яригдаж байна. Агуулахад байгаа бараа, бүтээгдэхүүнийхээ талаар тодорхой мэдээлэл өгөх боломж байна уу.
-Манай үйлдвэрийг том учраас хүн бүхэн өөрийнхөөрөө ярьдаг. Хоногт, цаашлаад жилд хэчнээн хэмжээний хэрэглээтэй гэдгийг төдийлөн мэддэггүй. “Эрдэнэт” үйлдвэрийн агуулах бол зүгээр нэг дэлгүүр эсвэл сумын агуулах биш. 6000 хүн ажилладаг том үйлдвэрийн агуулах гэдгийг тодотгомоор байна. Гаднаас нь харахад ажлын бээлий гэхэд л хаана ч байхгүй их хэмжээтэй л харагдана. Гэтэл үйлдвэр дээр ажиллаж байгаа хүмүүс гараа болгондоо бээлийгээ солих ч шаардлага байна. Жишээ нь энэ бээлийг бид хаа хамаагүй газраас авчирдаггүй. Үйлдвэрийн хажууд оёдлын цех байдаг. Тэнд хийдэг. Нэг үгээр бол бид зардлаа гаргаад өөрсдөө хийж байгаа учраас илүү хэмжээгээр оёулах ямар ч шаардлага байхгүй. Тоо ширхэгийн хувьд үсрээд л нэг сарын нөөцийг бэлтгэдэг. Өнөөдрийн байдлаар үйлдвэрт 120 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл бараа, бүтээгдэхүүн байгаа. Жирийн нэг дундаж үйлдвэрийн хувьд энэ тоо том сонсогдож магадгүй. Манай үйлдвэрийн хувьд цөөн хэмжээтэй байна л гэсэн үг. Үйлдвэр үйл ажиллагааныхаа зогсолтгүй байдлыг хангахын тулд л нөөцөө бэлдэж байгаа нь энэ. Хүн харахад л их тоо сонсогддог боловч бид тийм ч хангалттай хэмжээгээр нөөцөө бэлдэж чадахгүй байгаа. Ихэнх бараа, материалаа гаднаас авч байна. Ерөнхий сайд саяхан ирээд явсан. Бид нийт бараа, бүтээгдэхүүнийхээ 80 орчим хувийг гаднаас авч байгаагаа хэлсэн байгаа. Энэ тохиолдолд бид нэг авахдаа аль болох хангалттай нөөцөө бэлддэг. Зарим барааг хангалттай авч чадахгүй тохиолдол ч байдаг. Өдөрт 2-3 саяар нь бүтээгдэхүүн үйлдвэрлаж байгаа газар нөөц тасалдаж болохгүй шүү дээ.
-Үүнтэй холбогдуулаад асуухад шахааны бизнес их байдаг гэсэн яриа байнга л танай үйлдвэр дээр яригддаг шүү дээ?
-Манай үйлдвэрт шахааны бизнес байсан гэдгийг хаана хаанаа мэддэг, хэвлэлээр ч шуугьдаг. Энэ хэрээрээ манайхыг хардаж, сэрддэг. Тийм учраас бид ажил авсан цагаасаа эхлэн шахааны бизнес гэдэг зүйлийг багасгах байхгүй болох талд ихээхэн анхаарч ажиллаж байна. Эхний ээлжинд бодитой үнээр бараагаа үнэлж авах, цаашлаад хэдэн сарын нөөцөө хадгалах ёстойгоо тодорхой болгох нь чухал. Гэхдээ мэдээж үйлдвэрлэлийн байдлаас хамаараад заримынх нь нөөцийг хэдэн сараар хураадаг бол заримыг нь тасалдах хэмжээнд хүрсэн нь ч байна. Гэхдээ мэдээж хэрээс хэтэрсэн их бараа агуулахад байгаа гэж ойлговол өрөөсгөл болно. 130 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл байснаас одоо 110 орчим төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ бол тодорхой хэмжээнд байх ёстой зүйл. Ер нь агуулахад байсан бараа, материал дотроос найм орчим тэрбум төгрөгийн он удаан жил хадгалагдсан шаардлага хангахаа больсон бараа байсан. Үүнийг бид өнгөрсөн жил тоолоод дахиж үнэлгээ тогтоогоод шаардлагтай газарт нь шилжүүлж, борлуулах ажлыг хийсэн. Зарим хэрэгггүй болсныг нь устгаж байна. Энэ ажил одоо ч үргэлжилж байна. Шахааны бизнес гэдэг бол үйлдвэрлэлийнхээ бодит үнийг үйлдвэр дээр тогтоож авдаг бол байхгүй болчих л зүйл. Тэгэхээр бид 2013 оноос маркетингийн бодлогыг эдийн засгийн бодлоготойгоо нэлээд уялдуулж өгсөн. Нэг үгээр бол, зах зээлийн бодит үнийн судалгааг хийдэг болсон. Ийм нарийн судалгаагаар дамжиж байгаа учраас шахааны бизнес байхгүй болно гэж ойлгож болно.
- “Жаст” группийн стандарт банкнаас авсан зээлд баталгаа гаргаж өгсөн гэсэн утгатай зүйл тайлангийн илтгэлд дурдагдаад өнгөрсөн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч. Энэ асуудал юу болж байна вэ?
-”Жаст” группд батлан даалт гаргасан асуудлын шүүх хурал энэ өдрүүдэд болж байгаа. Энэ компани манай захирлуудын өмнөөс гарын үсгийг нь скайнардаж, хуурамч баталгаа хийгээд Өмнөд Африкийн “Стандарт” банкинд аваачиж тавиад их хэмжээний зээл авсан байсан. Энэ хэргийг УМБГ шалгаад “Жаст” группийн захиал Ш.Батхүү үйлдсэн гэдгийг тогтоосон, өөрөө ч хүлээсэн. Харин энэ хэрэгт “Эрдэнэт” үйлдвэр ямар нэгэн хэмжээгээр холбоогүй гэдгийг хууль, хяналтынхан тогтоочихоод байгаа.
-“Эрдэнэт” үйлдвэрт бараа, бүтээгдэхүүн зарсан гэсэн үндэслэлээр нэр бүхий компаниудыг АТГ-аас шалгаж байна гэсэн мэдээлэл байгаа. Үүнийг тодруулаач, мөнгөний асуудал яригдаж байгаа бол хэмжээг нь хэлж болох уу?
- Бид хар данс нээгээд найдлагагүй компаниудын жагсаалт гаргачихсан байгаа. Үүнд 105 компанийн хир орсон. Энэ компаниудын олонхи нь манайхтай гэрээ байгуулсан атлаа цаг хугацаанд нь бараа, бүтээгдэхүүнээ нийлүүлээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа. Урьдчилгаа аваад алга болсон компани маш олон бий. Гэхдээ зарим нэг нь хоцроод ч гэсэн гэрээний үүргээ биелүүлсэн, бидний нэр төрийг сэргээж өгөөч гээд явж л байна. 37 тэрбум төгрөгийн найдлагагүй авлага үүссэн байсан. Гэрээ байгуулаад урьдчилгаа авсан ч бараа материалаа нийлүүлээгүй алга болсон компаниудын балгаар үүссэн алдагдал дүн. Гэхдээ бид өр барагдуулах алба гэж байгуулаад 20 орчим тэрбум төгрөг болгож бууруулсан. Гэхдээ зарим нь бол үнэхээр олдохгүй, хилийн цаана гараад явчихсан тохиолдол байгаа. Үүнийг хууль, хяналтын байгууллага руу шилжүүлчихсэн, албан ёсоор шалгаж байна.
М.ӨНӨРЖАРГАЛ
URL: